АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин сойхоор үндсэндээ тохироод байгаа тухайгаа албан бусаар илэрхийлсэн. Харин МАН одоо болтол Ерөнхийлөгчид дэвшүүлэх хүнээ гаргаж ирэхгүй байгаа нь тактик гэхээсээ арай л оройтож байна уу гэх бодлыг олон хүнд төрүүлж буй.

Гэхдээ МАН-аас нэг бус 10 орчим хүний нэр яригдаж байгаа нь анхаарал татаж байна. Түүн дотор Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Н.Энхболд зэрэг хүчтэй кандитатуудаас ганц эмэгтэй хүний нэр яригдаж байгаа нь Д.Оюунхорол гишүүн. Энэ нь эмэгтэйчүүд улс төрд хүч төрөн орж ирсний баталгаа гэж хэлж болохоор.
 
Тэрээр боловсролын салбарт манлайлж, улмаар улс төрд өөрийгөө таниулж оны улс төр, нийгмийн онцлох хүнээр шалгарч байсан. Тиймээс Д.Оюунхоролыг нам дотроосоо тодроод гараад ирэхийг үгүйсгэх аргагүй л юм.
 
Шударга ёс асар их үгүйлэгдэж буй манай нийгэмд эмэгтэй хүний нягт шулуун эмх цэгцтэй орон зай үгүйлэгдэж байхыг ч үгүйсгэх аргагүй. Учир нь дөнгөж саяхан БНСУ анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө сонгосон.
 
Хэрвээ Д.Оюунхорол Ц.Элбэгдоржтой өрсөлдөн ялж чадвал Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч, Завханаас төрсөн Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгчөөр тодрох юм.
 
Харин МАХН дангаараа ороцохоор болвол Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог, Н.Удвал нараас сонгох юм билээ. ИЗНН-аас С.Оюун нэр дэвшинэ. Д.Оюунхорол, Н.Удвал, С.Оюун, Ц.Элбэгдорж 4-ийн дунд тулаан өрнөхийг ч үгүйсгэх аргагүй юм.