Нүүрсний хулгайн дөрвөн том бүлэглэл илэрчээ
2023/02/07
Нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийг хууль хяналтынхан ид шалгаж байна. Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. НПГ-ынхан ч "өргөн бүрэлдэхүүн"-тэйгээр хяналт тавьж буй. Хамгийн гол нь төрийн институциуд энэ хулгайг шалгах улс төрийн эрмэлзэлтэй байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж "...Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа, Ерөнхий прокурор оо. Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. ...
Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц" гэж байв.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний хулгайгаар ерөнхий хяналтын сонсгол хийх талаар гишүүдтэй уулзахдаа "...“Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онд экспортолсон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэргийг УИХ дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна. ...
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байна. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой" гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд нүүрсний хулгайтай холбоотойгоор олон удаа байр сууриа илэрхийлсэн. Хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "...Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. ...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ" гэсэн.
2023 оны нэгдүгээр сарын 11-нд "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалт дээр "...Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна" гэжээ.
Нэг үгээр хэлбэл, Монголын төр нүүрсний хулгайг таслан зогсоох, хулгайч нарыг олж шийтгэх "байр суурь"-тай байна гэсэн үг. Гэлээ ч нүүрсний хулгай нь Оросын "Манжин" үлгэр шиг олуулаа дэмнэхгүй бол сугарч гарч ирэхээргүй, нөлөө бүхий олон улстөрч холбогдчихсон нэлээд "хүнд" хэрэг бололтой юм. Ер нь бол нүүрсний хулгайг хийдэг дөрвөн том бүлэглэл байдаг байна. Энэ нь хууль хяналтынхны шалгалтын дүнд тодорхой болж буй аж.
Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" хавиар "суурьшсан" МОХ бүлэглэл гэж бий. МОХ-ны үе үеийн удирдлагуудаас бүрддэг. Тэдэнтэй холбоотой олон үйлдэл илэрч байгаа юм байна.
Хоёрдугаарт, "...Өмнөговийн" гэхэд онохоор нэртэй бүлэглэл бий. Учир нь энэ бүлэглэлийг голдуу Өмнөговийнхон бүрдүүлдэг. Наанаа МАН-д ч, АН-д ч харьяалагддаг боловч цаанаа удирдлага, түрийвч нэгтэй. Аймгийнхаа удирдлагыг ч төр барьж буй намд тохируулж гаргаж ирдэг. Тэд нүүрсэн мөргөцгөөс эхлээд олон асуудалд холбогджээ.
Гуравдугаарт, нүүрсний гэрээний дундаас 2-3 ам.доллар хүртдэг байсан бүлэглэл байна. Энэ бүлэглэлд өндөр албан тушаал хашдаг, нөлөө бүхий хэд хэдэн улстөрч холбогддог. Ойрын үед хууль хяналтынхан заримынх нь нэр усыг ил болгохоор бэлдэж байгаа гэх мэдээлэл бий.
Дөрөвдүгээрт, оффтейк гэрээтэй холбоотой бүлэглэл. Үүнд том улстөрчид, бизнемэнүүд багтана. Ганц жишээ гэхэд Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийг Засгийн газар тогтоолоор баталгаажуулж, "нөмөр"-т нь хэд хэдэн оффтейк гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийг олон улсын аудитаар хянуулах зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх талаар ярьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн том бүлэглэлийн үйлдлүүд нүүрсний хулгайг бүрдүүлдэг байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин