Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Боловсролын контентын чанарын шинэчлэлийн торгон үзүүр ба Кембриж хөтөлбөрийн тухайд

 

Боловсролын контентын чанарын шинэчлэлийн торгон үзүүр нь чухам хаашаа, юу руу чиглэж байна вэ? 

Контентын шинэчлэлийн торгон үзүүр нь боловсролыг нэвтэд нь оюунжуулах-д чиглэж буй. Оюунжсан шинэ контент нь ерөөсөө оюун ухааны эрин гэх энэ цаг үеийн бодит шаардлагатай яв цав нийцэлтэй байгаа учраас НҮБ, ЮНЕСКО-ийн зүгээс дэмжлэг авсан. Контент оюунжих аваас суралцагч, багш, эх эцэг, захирал, сайд дарга, эрдэмтэд гээд бүх хүн оюунжина. Контентын шинэчлэлийг тэргүүнд нь тавиад байгаагийн цаана оюун сэтгэлгээ байгаа юм. Оюунж, сэтгэ, бод, эргэцүүлэн шүүж тунгаа, тэгээд бүтээ. Монголчуудын "Ухаараач ээ, ухаж сэтгээч, ухаан сохрын нүд сохор" гэхчлэн хэлдэг анхааруулга үгс чинь одоо л боловсролын контентыг шинэчлэхэд их хэрэгтэй болох нь. Бид ард түмнийхээ нандин захиасыг мартсан гэмтэй хүмүүс юм шүү. Хаа очиж, одоогийн УИХ-ын зарим гишүүд, БШУ-ны шинэ сайдын амнаас ОЮУНЖСАН БОЛОВСРОЛ гэх үгс гарлаа. Энэ тун сайн. Монгол өндийх байх аа.

 

Боловсролын контент хаа сайгүй байгаа гэлцэх юм? 

 

Эдүгээ дэлхийгээр дүүрэн боловсролын контент үүсээд байна. Бүр хүүхдийн тархи толгойг эргэж, мансууртал нь хачин гоё хийдэг болжээ. Орчин үед боловсролын контент гэдэг нь их ашигтай том үйлдвэрлэл болов. Үүнийг мэдээгүй юм шиг, эсвэл эсэргүүцээд суух цаг яав ч биш. Дэвшлийг дагахаас өөр гарц байхгүй. Тэр тусмаа Монгол жижигхэн орон. Үүнийг л ойлгомоор байх юм.

 

Тэгээд бидний цөөхөн Монголчууд тэр олон контент дотроос яаж өөрт хэрэгтэйг нь олж авах болж байна, самуурч гүйцнэ биз дээ? 

 

Контентын далай дотор Монголчууд бид өөрийнхөө монгол тархитайгаа орвол зүг чигээ алдахгүйгээр үл барам бараг л бусдын өмнө нь гарах байх. Харин өөрийн гэсэн тархигүй, бодлогогүй орвол эргүүтсэн мал шиг тэнэнэ. Ингээд Монгол сүйрнэ. Эндээс Монгол контент гэх ухагдахуун үүснэ. Монгол ухаан, монгол тархи, монгол контент. Боловсролын контентоор оролдох аваас тэр ажил монгол хөрснөөс амилна. Зүг чиг энд бий. Түүнийг саруул ухааны Монгол боловсрол гэх. Монгол Улсын Оюуны чадварын IQ төвөөс саруул ухааны Монгол боловсрол гэдэг томоохон тунхаг гаргасан. Энэ сэдвийг ярилцлагынхаа сүүл хэсэгт хөндье.

 

Контентын далай доторх зүг чиг. Үүнийг арай тодруулъя? 

 

Боловсролын контент бол суралцагч, багш хоёрыг холбогч гүүр юм. Ингэхлээр, контентын шинэчлэл нь боловсролын гол хоёр оролцогчийг хөндөнө. Хөндөх хөндөхдөө тэдний тархи толгой, оюун сэтгэлгээг барьж авна. Өөрөөр хэлбэл, контентын шинэчлэл нь зүгээр нэг хэдэн сурах бичгийн агуулгыг өөрчлөх тухай бус бүр цаагуур, гүн рүү нь, боловсролын бүх оролцогчдын оюун сэтгэлгээг өөрчлөх чиглэлд онилно. За хө, ингээд том асуудал босоод ирнэ дээ. Тэгэхлээр, боловсролын чанарын шинэчлэл болбоос суралцагч болон багшийн оюун сэтгэлгээ-г өөрчлөхөөс эхлэх ёстой байх нь ээ. Бид одоо хүртэл контентыг ихэд наагуур, өнгөц, хичээлийн агуулга төдийгөөр ухаарч байсан нь алдаа байжээ. Монголчууд бид ер нь юмс үзэгдлийг хэтэрхий өнгөцхөн, хөнгөнөөр төсөөлдөг. тэгээд хачин муухай хэлбэрддэг болжээ. Энэ маш буруу. Эгэл хүмүүсийн тархи сэтгэлгээ л энгийн байхаас юмс үзэгдэл, тэр тусмаа тархи оюунтай холбогддог боловсрол яалаа гэж эгэл энгийн байх вэ дээ.

 

Та "Монгол контент" гэх чинь?

 

Даяаршил, дангааршил хоёр хамт байх учиртай. Аль нэг нь нөгөөгөө хэт давамгайлбал буруу гэж манай ирээдүйн ухаанд номлодог. Олон орны боловсролыг харьцуулж судалдаг гаршсан мэргэжилтнүүд гэгддэг АНУ-ын Колумбын их сургуулийн профессор, Боловсролын хамтын ажиллагааны олон улсын зөвлөх Гита Штейнер Хамси, Берлиний Гумбольдтын их сургуулийн профессор Инес Штольпе нар

 

"Боловсролын бодлогын импорт: Даяар шинэчлэл ба Монголын орон нутгийн хүчин зүйлс" бүтээлдээ бидний хувьд гаднаас зээлж болохгүй маш чухал нэг асуудал байдаг. Энэ нь юу вэ гэхээр боловсролын контент. Энэ бол тухайн улсынхаа соёл иргэншилтэй холбоотой гэж монголчуудад маш тодорхой зөвлөжээ. Эдгээр судлаачдын "Боловсролын хөтөлбөр"-ийг гаднаас бүхлээр нь шууд хуулж яагаад ч болохгүй гэсэн зөвлөгөөг зөв гэж бодно. Тэгэхлээр монгол контент байж таарна, байх ч ёстой, байлгах ч болно.

 

Гадаадын зөвлөхүүд тэгээд Монголын боловсролын шинэ контентыг санал болгоогүй юм уу? 

 

Үгүй ээ, тэд чадахгүй л дээ. Эхлээд бүхлээр нь хуулах асуудлыг тодотгоё. Гита, Хамси нар яг тодорхой боловсролын контент агуулга хөтөлбөрийг бүхлээр нь багтааж ярьсан. Ингэвэл, тэдний зөвлөгөө хэнд ч ойлгомжтой юм. Гадаад орнуудын хөтөлбөр чинь тэр үндэстнийхээ эх хэл, сэтгэх онцлогт нь тулгуурласан байгаа. Бид яалаа гэж Япон, Хятад, Америкийн хөтөлбөрийг бүхэлд нь хуулах билээ. Угаасаа боломжгүй юм чинь.

 

Тэгвэл манайд яагаад Кембрижийн хөтөлбөрийг оруулаад ирчихдэг билээ. Кембрижийн хөтөлбөр гэдэг ер нь яг юу юм бэ? Манайхан янз бүрээр хольж яриад, тэгээд маргаад байх юм? 

 

Кембрижийн хөтөлбөр ч биш юм. Цаана нь Кембрижийн үнэлгээ л байгаа юм. Энэ бол ёстой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн үнэлгээ шүү. Ярих юм байхгүй. Гол нь энэ үнэлгээ үндэстний онцлогоос хөндий ангид юм. Тийм учраас олон оронд хэрэгжиж байна. Гэхдээ Кембрижийн үнэлгээг Монгол улсын Үндэсний цөм хөтөлбөр болгох мэтээр эндүүрч болохгүй. Эхнийх нь үнэлгээ, удаах нь үндэсний цөм хөтөлбөр. Нэр нь хүртэл ялгаатай байгаа биз дээ. Мэдээж, олон улсын Кембрижийн үнэлгээний төвөөс ирдэг үнэлгээний даалгавраа дагаад барar жил бүр хөтөлбөр нь нэмэлтээр тодорч, чангарч, сайжирна. Юуг яаж үнэлэх вэ? гэдгээс юуг хөтөлбөртөө яаж суулгах нь тодордог. Энэ бол Кембрижийн үнэлгээний маргашгүй давуу тал нь. Ер нь орчин үед боловсролыг үнэлгээгээр удирдах боллоо. Үүнийг ирээдүйтэй гэж үзэж байна.

 

Үүнд ямар үндэслэл байгаа бол? 

 

Боловсрол нь орц, үйл явц, гарц гэх гурван хэсэгтэй. Орц чухал аа, үйл явц ч чухал. Гэхдээ үр дүн илүү чухал. Монголд боловсролыг орц л гэж ойлгож өдий хүрсэн. Харин сүүлийн жилүүдэд үйл талаас нь ярьж, байр танхим, хөтөлбөр ном, багш, сурагч, эцэг эх, удирдлага гэх боллоо. Дэвшил мөн үү гэвэл мөн. Гэтэл боловсролын эцсийн зорилго нь гарц үр дүн билээ. Гарц ямар шаардлага хангах аваас энэ цаг үетэйгээ нийцэх тухайд Кембрижийн үнэлгээ тодорхой хэлээд өгнө. Кембрижийн үнэлгээний уг язгуурт оюуны чадамж байдаг. Үүнийг бид онцгой анхаарч байвал зохино.

 

Кембрижийн хөтөлбөрийг Монголын ЕБС-д бүхэлд нь оруулах талаарх таны санал юу бол? 

 

Одоогийн УИХ-аас боловсролын контентыг гаднаас бүхэлд нь зээлж оруулах санаа цухалзах болов. Гаднын туршлагыг судлах ёстой. Тэд контентоо яаж шинэчлэв гэдгийг мэдье. Тэгээд Монголдоо буулгана. Ингэхдээ ямагт Монголынхоо хөрснөөс ургуулна. Дотоодынхоо нөөц бололцоогоо харна. Монгол соёл, монгол суртахуун, монгол хүүхдийн IQ-ын чадамж, онцлог, амьдралын нөхцөл байдал зэргийг бодолцоно. Ялангуяа, монгол тархи. Орон нутгийн хүчин зүйл гэж бий. Хөдөөгийн хэдэн малчнаа бодох л ёстой, тийм ч үүрэгтэй. Энд тэмдэглэхэд, Монголын онцлог, нүүдэлчний давуу тал гээд үндэсний цөм хөтөлбөр дотор ингэ хөөслөх, сур харвах, морь уургалах, барилдаж ноцолдох, хөөрөг зөрүүлэх ёс, үг утга хөөцөлдөн тоглож хийрхэх ч юм уу ахмадын үг алт, залуусын үг зэс, босоо бичвэл монгол хүн, хэвтээ бичвэл харь элэгтэн гэхчлэн солиорч, ухарч болохгүй.

 

Манайд Кембриж хөтөлбөртэй ЕБС-иуд хэд гурав бий шүү дээ? 

 

Мэдээж, Кембрижээс авахыгаа авна, орхихыгоо орхино. Энэ үнэлгээг бүхлээр нь авч угаасаа чадах ч үгүй, болох ч үгүй. Уг нь Кембрижийн үнэлгээтэй ЕБС-ийг анх туршилт хийх зорилгоор байгуулсан юмсан. Би БСШУСЯ-ны ажлын хэсэгт нь орж, идэвхтэй зүтгэсэн хүн. Гэтэл өдгөө тэр чухал ажил маань анхны зорилгоосоо хазайгаад, нийтлэг сургалт, тэр тусмаа бүр шигшиж, сорчилж сургадаг болчихлоо. Нөгөөх чухал санаа, хэрэгтэй юмс олох ёстой туршилт хаачсан бэ? Төрийн ЕБС ийм байж таарахгүй ээ. Хувийн өмчит ЕБС бол өөр. Туршилт хийнэ гэдэг ихэд нарийн технологитой байдаг. Одоо УБ хотын гурван ЕБС-аа дахин зөв зохион байгуулалтад оруулж, сурагчийг нь нормаль (математикчид хэвийн тархалт гэх) тархалтын хуульд захируулан санамсаргүй сонгох аргаар нийгмийн бүх давхаргаас жигд авъя. Ийм туршилтыг аймаг бурд нэг нэг хийе. Тэгээд үр дүнгээ хараад юуг нь авч, юуг нь орхихоо шийдмээр байх юм. Эдүгээ бид туршилтын сургуульгүй болчихлоо. Уг нь 10 гаруй жилийн туршилт гэдэг тун ч хэрэгтэй том үр дүн байх ёстой. Ажлыг оромдож болохгүй ээ. Тэр тусмаа бодлогогүй бужигнуулбал эцэстээ бид л хоосон хоцордгийг өнгөрсөн 10 жил харууллаа. Энэ чинь л харин бидэндээ туршилт, сургамж болох шив.

 

Монголын ЕБС-ийн хөтөлбөрийг бүхэлд нь Кембрижээр сольчихвол яах бол? Манай УИХ-ын зарим гишүүд ийм санал гаргасан шиг билээ? 

 

Тэгээд үндэсний цөм хөтөлбөргүй болох гэж үү? Тийм байж таарахгүй ээ. Энд ҮНДЭСНИЙ, ЦӨМ гэсэн хоёр үг байна. Кембриж хэчнээн гайхалтай байлаа ч Монгол үндэстнийг илэрхийлж чадахгүй. Түүнд тийм хүч байхгүй. Бас тэрээр цөм биш Кембрижийн үнэлгээг яаж ч өргөмжлөөд, хүсэмжлээд Монголын үндэсний цөм хөтөлбөр үүсэхгүй. Үүнд би санаа зовохгүй байгаа. Кембрижийн үнэлгээгээр оруулахад түүнийг юман чинээ боддоггүй, даваад гарчихдаг тийм хүчтэй сайн Монгол үндэсний цөм хөтөлбөртэй болчих юмсан.

 

Ийм болох гэж л бид анх Кембриж үнэлгээг оруулсан түүхтэй. Би Кембрижийн үнэлгээнд тордоггүй үндэсний цөм хөтөлбөрийг л хүсэж байна. Ухаан зарж, хүч оюунаа төвлөрүүлж, зориглон зүтгэх ажил гэвэл чухам энэ мөн дөө. УИХ, улс төрчдийн зүгээс гаргаж буй Монголын боловсролыг сайжруулах гэсэн санал санаачилгыг дэмжиж байна, гэхдээ тэдгээр санаачилгууд шинжлэх ухааны тун сайн ул үндэстэй байх ёстой гэдгийг бас анхааруулъя.