Улсын Их хурлын гишүүн Д.Рэгдэлтэй ярилцлаа.


-Энэ өдрүүдэд ирэх оны төсвийн хэлэлцүүлэг явагдаж байна. Таны хувьд төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотой ямар ажлуудад оролцож байна вэ?

-Үнэхээр энэ жилийн хувьд шинэлэг зүйл болж байна. Яагаад гэхээр улсын төсвийг Засгийн газар УИХ-д өргөн барихаасаа өмнө ард олон нийтээр, салбар бүрээр хэлэлцүүлж байгаа. Хэлэлцүүлэгт нь олон нийт нэлээд идэвхтэй оролцоод явж байгаа нь сайшаалтай. Мэдээж хэрэг төсөв гэдэг татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тиймээс татвар төлөгчид анхнаас нь ингээд саналаа өгөөд, тусгуулаад явах нь олон талын ач холбогдолтой. Миний хувьд шинжлэх ухаан технологийн салбарыг төлөөлж сонгогдсон гишүүний хувьд салбарынхаа төсөв дээр эрдэм шинжилгээний ажилтнууд, удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүсийг төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байгаа. Уриалахаас өөрөөр хамаагүй нөлөөлж болохгүй. Ер нь шинжлэх ухаан технологийн төсвийн асуудлыг ярихын өмнө энэ салбарын зардал улсынхаа төсвийн нэг хувийг эзэлж байж сая улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулдаг зүй тогтолтойг анхаарах хэрэгтэй. Энэ бол дэлхий даяар тогтсон жишиг. Тийм ч болохоор Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зардлаа нэг хувьд хүргэнэ гээд заачихсан байгаа. Тэгэхээр улсын төсөв яаж ч танагдсан энэ нэг хувьдаа хүргэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллах үүрэгтэй болсон. Тиймээс тодорхой саналуудыг манай салбарынхан хэлэх байх. Миний хувьд УИХ-ын гишүүний хувиар Сангийн сайдад саналаа албан бичгээр тавина гэж бодож байгаа.

-Шинжлэх ухааны салбарын зардлыг нэмж байж улс орны хөгжил урагшилна гээд яриад л байдаг. Гэтэл яг батлах болохоороо таначихдаг. Ирэх оны төсөв ч хэмнэлтийн байдалтай батлагдахаар байна. Тэгэхээр таны ярьж байгаа шиг нэг хувьдаа хүргэх итгэл найдвар байна уу?

-Зарчим нь хэмнэлтийн төсөв гэж нэрлэж байгаа. Учир нь төсвийн орлого тодорхой хэмжээгээр буурах нь ойлгомжтой болчихсон. Энэ зөвхөн манайхаас хамаараад байгаа юм биш.

Олон улсын нөхцөл байдал, геополитикийн асуудал, АНУ-ын тарифын бодлого гээд дам нөлөөлж байгаа олон зүйл байна. Гэхдээ хэчнээн хэмнэсэн ч гэсэн ашигтай, цаашдаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулах энэ салбартаа аль болохоор бага хэмнэж, үр ашиггүй зардлыг л багасгах хэрэгтэй. Манайд бол үр ашиггүй зардал маш их байдаг. Аймгийн төвүүдээ засмал замаар холбох асуудлыг үндсэндээ шийдчихсэн. Харин одоо сумын төвүүдийг засмалаар холбох тухай яриад байгаа юм. Энэ бол ойрын жилүүддээ хамгийн үр ашиг муутай зардал гэж миний хувьд харж байгаа. Учир нь нэг сумыг аймгийн төвтэй нь засмалаар холбоход дунджаар 150 км гэж бодвол 200 тэрбум төгрөг. Дээрээс нь энэ чинь 320 сумыг холбох тухай ярьж байна. Дараа нь энэ замаа арчилж явах зардлаа олж чадахгүй. Өдөртөө маш бага машин зорчино. Тиймээс иймэрхүү зардлыг энэ жилээс эхлээд эрс багасгамаар байгаа юм. Харин нөгөө талдаа сумын төвийн соёлын түвшинг дээшлүүлэхэд бодитой хийчихмээр ажил байна.

-Тэр нь юу вэ?

-Сумын төвийг инженерийн шугам сүлжээтэй болгох хэрэгтэй. Ингэж байж сумын төвийн соёлжилт шинэ түвшинд гарч ирнэ. Сүүлийн 30 жилд дандаа доошилж ирсэн. Энэ ажлыг нэг суманд дунджаар зургаан тэрбум төгрөгөөр хийж болж байна. Байгуулчихаад аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр өгчихөөд ашиглалтын зардлыг нь тэд нараар зохицуулаад яваад байж болно. Улсын хэмжээнд 200 сум нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй байгаа гэж бодвол 1.2 их наяд төгрөг. Үндсэндээ дээр хэлсэн зургаан сумын төвийг засмалаар холбох хэмжээний мөнгөөр энэ ажлыг хийчих бүрэн боломжтой. Ингэх нь бас л олон талын ач холбогдолтой. Шинэ залуу боловсон хүчнүүд сумын төвд очиж ажиллахад маш том дэмжлэг болно. Ингэж үр ашигтайг нь дэмжээд ашиггүйг нь танаад явбал улсын төсөвт хангалттай мөнгө байгаа.

-Улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа, хийхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрүүддээ шинжлэх ухаан, технологийн салбараас заавар зөвлөгөө ер нь хэр авч ажилладаг юм бэ?

-Салбар, салбарын төлөөллийг Их хуралд жагсаалтаар оруулсан нь үнэхээр ач холбогдолтой байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхэд хамгийн чухал нь гэр, байшин, орон сууцны дулаалгын асуудал байна гэдгийг салбарын эксперт болсон гишүүд нь хэлээд яриад эхлэхээр одоо хаа хаанаа ойлгож эхэлж байна. Дулаалгаа сайн хийж чадвал эрчим хүчний хэмнэлт 40 хувь байх жишээтэй. Харин шинжлэх ухааны салбарын хувьд эх орны тогтвортой хөгжлийн суурь юм гэдгийг би их олон жил ярьж байгаа. Түүнээс биш үе үе нэг том бодлого гаргаж ирээд л, өнөөх нь алдаж оноод яваад байдаг байж болохгүй. Ийм замаар бид 30 жил явж байна. Тиймээс юуны түрүүнд энэ салбараа тамир тэнхээтэй болгох хэрэгтэй. Тамир тэнхээ суулгахын тулд ДНБ-ийхээ нэг хувийг энэ салбарт зарцуулах ёстой. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд үндсэндээ 149 мега гэж хэлж болохуйц төсөл яригдаж байгаа. Энэ төслүүдээс 14-ийг нь эрэмбэлээд эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ тэр төслүүдэд хэрэгжих байдлынх нь үнэлгээг шинжлэх ухааны салбарын экспертүүд, мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллагуудаар хийлгэх ёстой. Ингэснээр хэрэгжих боломжтой, үгүй, эсвэл бүр цаг нь болоогүй байна гэсэн дүгнэлт гарсны дараа Засгийн газар эцэслэн боловсруулаад УИХ-д оруулдаг байх хэрэгтэй. Шинээр байгуулагдсан Засгийн газар 14 мега төслөө дахин эрэмбэлэх гэж байгааг би зөв гэж бодож байгаа. Онцын ач холбогдолгүй төсөл энэ 14 дотор орж ирсэн байвал хойшлуулъя гэж байгаад баяртай байна. Эдгээрээс юуны түрүүнд хоёр төслийг гарцаагүй хойшлуулах шаардлагатай.

-Ямар хоёр төсөл вэ?

-Тухайлбал, Богд уулыг нүхлээд урд нь байгаа Номтын аманд Засгийн газрын цогцолборыг барина гээд байгаа юм. Нийтдээ 15.2 км тунель барих нь асар их зардалтайгаас гадна тухайн барьсан замаар нь хэчнээн хүн, машин зорчихыг огт тооцоогүй. Тиймээс энэ бол одоохондоо огт хэрэг алга. Мөн тэр нүхний наанаас Туулын ган татлагатай дүүжин гүүр барина гэсэн. Энэ бол огт хэрэггүй. Тиймээс эхлээд мэргэшсэн байгууллагын дүгнэлт гаргуулж байж дараа нь хэрэгжүүлэх эсэхээ шийдээд УИХ-д өргөн барьдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Ингэж байж татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулна. Дээрээс нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоог Ази тивийнхээ дунджид аваачих ёстой. Одоогоор манай улсад нэг сая хүнд 500 эрдэмтэн ногдож байгаа. Харин Ази тивд 1500 ногддог. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол манай энэ тоо бүр 22 дахин бага. Тиймээс ядахдаа нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилчдынхаа тоог 3500 болгох хэрэгтэй. Энэ саналыг би байнга тавьдаг. Хүнийхээ нөөцийг ингээд бэхжүүлчихвэл дундаж цалин нэмэгдүүлэх, тогтвортой ажиллуулах зэрэг асуудал амархан шийдэж болно.

Мөн энэ салбар өөрөө эдийн засагжих ёстой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийг шинжлэх ухаанжуулъя, шинжлэх ухааныг эдийн засагжуулъя гэж хэлээд байгаа. Эдийн засагжуулна гэдэг нь энэ салбар бодитой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологиудаа өөрөө бойжуулах чадвартай болох ёстой юм. Импортыг орлуулдаг, эсвэл экспортын зориулалттай бүтээгдэхүүн хийдэг жижиг, дунд үйлдвэрүүдийг бий болгох хэрэгтэй. Хэд хэдэн аятайхан төсөл явж байгаа. Эдгээрээс нэг төслийг нь заавал хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг УИХ дээр ойлгуулах үүрэгтэй хүн гэж өөрийгөө тооцоод байгаа юм.

-Тухайлбал, ямар төслийг хэрэгжүүлж болох вэ?

-Монгол Улсад молекулын биотехнологийн үйлдвэр эхлүүлэх төсөл байгаа. Энэ үйлдвэрийн хамгийн анхны, түгээмэл бүтээгдэхүүн нь халдварт өвчнийг оношилдог PCR оношлуур юм. Энэ оношлуураар бүх төрлийн вирусийн гаралтай ханиад, халдварт өвчнийг оношилно. Одоо энэ оношлуурыг дандаа гаднаас худалдаж авч байна. Нэг ийм жижиг үйлдвэр ашиглалтад оруулчихсан байхад эхний жилдээ улсынхаа хэрэгцээний 30 хувийг, хоёр дахь жилээсээ 100 хувь хангана гэсэн тооцоо гарсан. Үүний дараагаар экспортод гаргана гэсэн тооцоололтой.

-Төсвийн санал авахдаа тойргийн гишүүдэд 15, жагсаалтын гишүүдэд 2.5 тэрбум төгрөг гэсэн зүйл яригдаад байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ийм яриа явсан бололтой байгаа юм. Түүнээс хэн нэгэн хүний гарын үсэгтэй албан бичиг би лав мэдэхгүй байна. Үнэхээр ийм юм байгаа бол энэ нь бодлогын хувьд маш зохимжгүй асуудал. Ер нь “Тойргийн мөнгө” гэдэг зүйл анх 2004 онд 10 сая төгрөгөөс эхэлж явсаар 2020 онд дөрвөн тэрбум төгрөг болсон байсан. Харин шинэ парламент байгуулагдаад 2025 оны “Тойргийн мөнгө”-ний асуудал яригдаад МАН-ын бүлэг дээр бүтэн өдөр хэлэлцүүлэг хийж, гишүүдийн олонх хууль зөрчиж байна гэж үзсэн учраас анх удаа энэ мөнгө тавигдаагүй. Энэ бол зарчмын хувьд зөв. Харин зүгээр өөрийнх нь сонгогдсон тойрог дээр нэн шаардлагатай ямар хөрөнгө оруулалт байна вэ гэдэг саналаа гишүүд салбарын яамдад өгөх нь нээлттэй шүү дээ. Гэхдээ төсөвт оруулахад ТЭЗҮ-тэй, зурагтай байх гэсэн шаардлагуудыг нь бүрэн хангасан байх ёстой. Дээрээс нь хэрэв энэ санал Засгийн газраас гарсан бол маш буруу алхам. Тиймээс чуулган эхлэхээр ийм санал гарсан үгүйг би асууна гэж бодож байгаа.