Байгалийг өөрчлөх Сталины их төлөвлөгөө
2023/02/16
/Сталинский план преобразования природы/
Европ даяар 2-р дайны дараа сүйрсэн хот тосгодоо сэргээн босгох ажил өрнөж байтал 1947 онд маршал Сталин гэнэт “Байгалийг өөрчлөх их төлөвлөгөө” дэвшүүлж, ЗХУ-ын төдийгүй дэлхийн олон нийтийг цочирдуулсан юм билээ.
Уг төлөвлөгөөний дагуу 15 жилийн дотор 5300км урттай ойн зурвас байгуулж, үүнийгээ услах зориулалтай 44200 гаруй нуур цөөрөм, даланг 1955 он гэхэд байгуулахаар шийджээ. Ийм аргаар хамгаалагдсан 120 сая гаруй га тариалангийн талбайгаас дэлхийн хүн амын бараг тэн хагасыг тэжээхэд хүрэлцэхүйц ургац хураан авахаар тооцсон байдаг. Ийм агуу том төлөвлөгөө урьд өмнө дэлхийн түүхэнд байгаагүй учир бүгд гайхаж, тэр тусмаа Америкчуудын ам нь бүр ангайсан гэнэ лээ..
Учир нь 30-аад оны их ган гачиг, шороон шуургын үеэр хөрс нь их хэмжээгээр элэгдэж, доройтож, Америкийн фермерүүд ургац алдан сүйрч, дампуурч ядуурлын ирмэгт тулан арай ядан амь зууцгааж байсан юм. Иосиф Сталин яг энэ үед өөрийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ургацаа хэд дахин өсгөж, социалист эдийн засгийн бодлогын давуу талыг хөрөнгөтнүүдэд харуулахаар тооцсон нь мэдээж.
Төлөвлөгөөний дагуу 4 сая га талбайг эхний ээлжинд ойжуулахаар эр нөхрүүд нь ардын дайснууд хэмээн ял Сибирьт ял эдэлж, эхнэрүүд нь бас давхар буруутгагдан Казахстанд хоригдож байсан мянга мянган хоригдлуудыг дайчлан өдөр шөнөгүй ажиллуулж байсан юм билээ. Ийм ялтан эмэгтэйчүүдийн талаар “Алжир” хэмээх уран сайхны кино ч байдаг даа.
Гэвч Иосиф Сталин 1953 онд таалал төгссөнөөр их төлөвлөгөө нь нурсан төдийгүй, түүний залгамжлагч Н.Хрушевын зарлигаар тарьсан их ой модыг нь заналтайгаар хөрөөдөн устгаж, ойн зурвас, услагааны 600 гаруй систем байгууламжуудыг нураан сүйтгэсэн байна.
Сталины санал санаачлагыг зогсоон 1957 оноос Казахстанд атрын аяныг эхлүүлсэн Никита Сергеевичийн төлөвлөгөө эхэндээ амжилттай хэрэгжиж эхэлсэн авч, 1962 оноос нөмрөг олон наст ургамлыг нь уриншлаад устгачихсан тариалангийн талбайнуудын хөрс салхинд хийсэж, элэгдэж эвдэрч, газар сайгүй ургац буурч, орон даяар хүнсний хомсдолд орж байсныг оросууд одоо мартаагүй байгаа. Дэлгүүрийн лангуунууд манай 90-ээд он шиг хоосорч, гурил будаагүй болж, Зөвлөлт засаг түүхэнд анх удаагаа алтныхаа жаахан нөөцийг шавхан байж 600 тонн алтаар 13 сая тонн үр тариа гаднаас худалдан авч өл залгуулж байсан тухай ярьдаг, бичдэг.
Мэдээж энэ бүхний буруутныг Сталинаар тодруулан Хрушев хэргээс мултрах гэж оролдсон боловч, 1964 онд албан тушаалаасаа авахуулж, улс төрийн тавцанд Леонид Ильич Брежнев гэдэг хүн гарч ирэн дараагийн 18 жил Зөвлөлт орныг удирдсаныг бид сайн мэдэх билээ.
Бид хоёр жилийн өмнө Монголд тэрбум мод ургуулах асар том амлалт НҮБ-ийн индрээс аван дээрхийн адил дэлхий нийтийг цочоогоод авсан. Мэргэжил нэгт зарим нөхөд маань “Тэрбум модны ажил хэр явцтай байгаа” талаар надаас асуудаг. “Та нар чинь гурван саяулхнаа байж тэр их модыг тарьж дийлэх үү” гэж зарим нь ч эргэлздэг.
Сталины энэ төлөвлөгөөг мэдээж тэнгэрээс авч тоо тавиагүй, тэр үеийн Зөвлөлтийн томчуудаар Докучаев, Вильямс, Костычев нарын агуу эрдэмтэдийн боловсруулсан онолын дагуу хаана ямар модыг ямар норм хэмжээгээр суулгах тухай тооцоо судалгаа хийлгэж байсан тухай МГУ-гийн багш нар маань ярьдаг байлаа. Тэр үед хамгаалалтын зурвасны өргөнийг 60-100 метрээр тогтоон Дон, Пенза, Ижил мэтийн том том гол мөрний хоёр талаар услалтын далангууд бариулж байсан юм билээ.
Гэвч энэ их хөрөнгө, хүч хөдөлмөр салхинд хийссэн нь харамсалтай санагддаг юм. Манай орны хувьд тэрбум мод тарих хөтөлбөрийг “нэг сумаар хоёр туулай буудах” аргаар хэрэгжүүлж болмоор юм шиг санагддаг. Хоёр биггий хэл гурван ч туулай буудаж болно. Яаж гэж үү?
Тарих моддоо зүгээр нэг эзгүй хээр голын захаар тариад байвал зохилтой юм шиг зарим хүн ярьдаг. Үгүй, эхний ээлжинд хөрсөө элэгдэл эвдрэлээс хамгаалахын тулд тариалангийн талбайг хамгаалан зурваслан тарина. Үүнийг оросоор агромелиораци гэдгийг манай ХААИС-ыг төгссөн агрономиуд андахгүй дээ.
Тарих модоо сонгохдоо жимсний мод тухайлбал манай орны аль ч нөхцөлд дасан зохицсон чацарганыг сонгож болно. Ингэж чадвал гурав дахь туулайгаа буудаж байгаа хэрэг.
Харамсалтай нь. Өө наадах чинь худлаа, энэ нь ч бүтэхгүй, тэр нь ч болохгүй гээд үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль яриад явчих хүн олон байдаг л даа. Би өөрөө ойн мэрэгжлийн биш, сайн дурын уран сайханч хөрс судлаач хүн. Гэхдээ зуслангийнхаа хашаанд 20 жил ноцолдсоны дүнд 20 гаруй төрлийн 2000 мод бут ургуулж, зурваслан тариалж салхи шуурганаас хамгаалж болдгийг биеэрээ туршсан учраас бичээд байгаа хэрэг. Түрүүчийн тарьсан харандаа шиг байсан хайлаасны суулгацууд маань өсөж өндийж нас бие гүйцээд өнгөрсөн жилээс үр жимсээ өгч эхэлсэн учраас хашаандаа мод тарих гэж оролдож байгаа хавь ойрынхоо улсад тараах арвин үр цуглуулахад бэлэн болсон байгаа.
Мод бут ургуулахад нэг их нарийн мэргэжил, диплом энээ тэрээ огт хэрэггүй. Тарьж ургуулъя гэсэн хүсэл сонирхол, ус, уйгагүй хөдөлмөр дээр нь санхүүгийн жаахан дэмжлэг л хэрэгтэй
Ш.Пүрэвсүрэн
зочин 01 · 2023/02/19
Бид юуны өмнө ойр зуурын хэрэглээний зүйлсийг үйлдвэрлэх хэрэгтэй бна. Монголчууд тэр бум байтугаа мод тарьж чадна гэхдэн бид амьдралаа дээшлүүлмээр бна шүү дээ. Үргэлж бусдын хараат явья гэж олон түмэн маань бодохгүй л бгаа бх. Бидэнд үнэхээр ажиллах хүч хариуцлага дутагдаж бна. Мод тарьдаг хэсэг хүмүүсээ сайн дэмжээд явбал тэрбум модыг тарина шүү дээ.
Готов · 2023/02/16
Тэрбум мод тарьдаг бол ч сайхан байна. Харин хаана, яаж гэдэг л асуудал.