Монголын түүх судлалын тулгамдсан асуудлаар мэтгэлцэнэ
2014/06/10
ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн түүхийн тэнхим, Монгол уламжлал академиас хамтран зохион байгуулж байгаа “Монголын түүх судлал: түүхийн философи, шинэ хандлага, тулгамдсан асуудлууд’’ сэдэвт симпозиум 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 09-14 цагт ШУА–ийн их чуулганы хурлын танхимд /Соёлын төв өргөөний 3 давхарт/ болох тул сэтгүүлч, уран бүтээлч Та бүхнийг урьж байна.
Өнөөдөр Монгол Улсын түүхийн судалгаанд нийгмийн үзэгдэл, түүхэн үйл явдлын бодит үнэнийг сэргээн тогтоох тухай асуудал хөндөгдөн яригдах болсонтой холбогдуулан түүхийн философи, арга зүйн асуудлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор үүсэн гарч ирж байна. Тиймээс энэхүү симпозиумын зорилго нь Монголын түүх судлалд философи, арга зүйн шинжтэй асуудлыг сонирхон судалж бичдэг судлаач эрдэмтдийн санаа бодол, байр суурийг сонсож, харилцан мэдээлэл солилцох, тэрчлэн түүх бичлэг, түүхийн эх сурвалжуудад дүн шинжилгээ хийсэн судалгааны сүүлийн үеийн үр дүнг эрдэм шинжилгээний болон олон нийтийн хэлэлцүүлэгт оруулахад чиглэж байгаа юм.
Олон нийтийн анхаарлыг татсан тус симпозиумд тухайн сэдвээр мэргэшсэн, эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтдээс гадна олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт нийтлэлч, судлаачид оролцож, санал дүгнэлтээ танилцуулан мэтгэлцэнэ. Тухайлбал, олон улсын төслийн зохицуулагч, доктор(Sc.D) профессор А.Очир ‘’Монголын түүхийн он тооллын гажуудал’’, Олон улс судлалын дээд сургуулийн захирал, доктор(Sc.D), профессор Д.Дашпүрэв ’’Монголын түүхийн үечлэлийн онолын зарим асуудал’’, Үндэсний архивын захирал, доктор(Sc.D), профессор Д.Өлзийбаатар ‘’Социализмд тохируулсан монголын түүхийн ном мэндэлсэн нь”, нийтлэлч Баабар ’’Монголын нэн шинэ түүхийн цагаан толбууд’’, Гадаад харилцааны яамны зөвлөх, доктор(Ph.D) Я.Ганбаатар ’’Монголын түүхийг урагшлуулахад туслах баримт, материалыг хятадын түүх бичлэгээс эрсний зарим үр дүн’’, судлаач Ч.Эрдэнэ ’’Чанд нууцын Монгол орон’’, профессор Д.Чулуунжав ’’Бусад ард түмнийг өөрөөсөө төрүүлсэн тэр анхдагч ард түмний шууд удам хэн бэ? Тэд хаана байна вэ?’’, судлаач Д.Ганхуяг, А.Баатархуяг ’’Монголын түүх бичлэг ба түүхийн социологийн асуудлууд’’, доктор/Ph.D/, профессор Д.Бямбасүрэн “Ононгийн Дэлүүн болдог”-ийг дахиад эрье зэрэг олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Симпозиумын үеэр илтгэл тавьж, үг хэлсэн эрдэмтэн, судлаачидтай уулзаж, ярилцлага, тодруулга авах боломжоор сэтгүүлч, сурвалжлагчдыг хангах төдийгүй сонирхсон илтгэлийг бүрэн эхээр нь олж авахад ШУА-ийн хэвлэл, мэдээллийн алба болон тус хүрээлэнгийн зүгээс туслалцаа үзүүлж ажиллах ажээ.