Сошиалд нохдод уруулж буй эмэгтэйн  бичлэг цацагдаж олон хүнийг тавгүйтүүлсэн. Араатанд бариулж буй эмэгтэйд туслаагүй гэх шалтгаанаар хажууд нь зогсч байсан автомашины жолооч буруутгагдан шалгагдаж байна. Харин нохойны эзэнд хүлээлгэх хуулийн хариуцлага бий гэдгийг энэ удаад сануулъя. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сум зургадугаар багт "иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл есдүгээр сарын 06-нд бүртгэгдсэн байна. Энэ дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Нохойгоо уяж, хүзүүвч, хошуувч зүүгээгүй бол эзэнд нь хариуцлага тооцно.

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах үйлдэл нь Зөрчлийн хуулийн 5.19

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн Эрүүгийн хуулийн 20.15-аар тус тус зүйлчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ хөнгөн, биед хөнгөн хохирол учирсан бол Зөрчлийн хуулиар харин хүний биедэд хүндэвтэр гэмтэл буюу түүнээс дээш хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дээрх зүйл ангиар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол 1-5 жил хорих гэх мэтээр тухайн тохиолдлын хор уршигаас хамаарч зүйлчлэл өөрчлөгдөнө. Санаатай турхирсан бол ЭХ-ийн холбогдох зүйл ангиар давхар хүндэрнэ гэх мэтчлэн хуулийн заалтуудаар хариуцлага тооцно.

Дээрх үйл явдлын бичлэг сошиалд цацагдаж ил гарсан нь энэ. Цаана нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд нохойд хазуулсан хүмүүс өдөр бүр тогтмол очдог гэдгийг та бид мэдэхгүй өнгөрч байна.  Гэмтэл согог судлалын үндэсний төвд нохойд хазуулсан хүмүүс өдөр бүр тогтмол очдог бөгөөд өдөрт дунджаар 15-20 хүн эмнэлгийн яаралтай тусламж авдаг аж. Гэр хорооллын айлууд л зөвхөн нохойтой биш болсон. Байрны айлууд ч нохой тэжээх нь эрс нэмэгдсэн. Тэд нохойгоо салхилуулах гэж гэрээсээ гарахдаа хошуувч зүүдэггүй шаардлага тавьсан хүн рүү амьтны эрх ярьж уурладаг. Хамгаалалтгүй, нохойгоо уядаггүй эздээс болж бусдын эрүүл мэнд хохироод зогсохгүй амь нас яригдана гэдгийг монголчууд хэзээ ухамсарлах вэ?

Иргэд ч гэсэн хуулийн мэдлэгээ дээшлүүлж хэрвээ хазуулсан тохиолдолд эзэнд нь зохих хариуцлагыг үүрүүлж байж энэ байдалд цэг тавигдана гэж найдаж байна. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулжээ. Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд энэ удаа нийслэлийн суурьшлын бүс буюу 327 мянга 279 га талбайд 160 мянга 885 золбин нохой байгаа дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг га-д дунджаар зургаан нохой ноогдож байгаа юм. 

ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн тоологдсон. Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ.