Нийслэлчүүд өвөлдөө гал алдаж мэдэхээр эрсдэлтэй байна. Одоогоор дөнгөж намрын урь шувтарч өвлийн хүйтэн өдрүүд айсуй байгаа энэ цаг үед л бэлтгэлээ базааж авахгүй бол эх үүсвэр зогсолт хийвэл хот тэр чигээрээ цахилгаангүй болох аж.

Үүгээр ч зогсохгүй улс даяараа энэ байдалд орж мэдэхээр байгаа гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх онцлон ярьсан юм. Эрчим хүчний салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй гэнэ. Түүнээс өвлийн бэлтгэл хангалт хэрхэн хийгдсэн талаар асуухад, Өвлийн бэлтгэл хангах ажлыг салбарын хэмжээнд төлөвлөгөөнийхөө дагуу бүрэн авч хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар өвлийн ачаалал эхэлчихсэн байна. Бид бүх хэрэглэгчдээ цахилгаан, дулааныг нь хангаад ажиллаж байгаа. Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тиймээс ажиллаж байгаа тоноглол дээр тэр дундаа эх үүсвэр дээр гэмтэл саад гарлаа гэхэд гэмтлийнхээ хэмжээгээр эрчим хүч хязгаарлаж болзошгүй хэмжээнд байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ер нь олон улсын жишгээр бол дотоодын эрчим хүчний 20 орчим хувийн нөөцтэй байх ёстой. Гэтэл манайх ийм нөөцгүй байгаа нь өөрөө эрсдэлтэй нөхцөлд бид ажиллаж байна гэсэн үг.

Түүний хэлснээр бол бид өвөлдөө гал алдах эрсдэлд бүрэн оржээ. Бид улс даяараа эрчим хүч үйлдвэрлэхээс илүү ихээр хэрэглэдэг болчихсон нь энэ нөхцөлд оруулсан бололтой. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барих талаар жил бүрийн өвөл ярьдаг. Гэвч ажил хэрэг болохгүй өнгөрсөөр өвөлдөө гал алдах бүрэн байдалд шилжиж байна гэхэд буруутахгүй нь. Эрчим хүчний дутагдалд орохгүй гэсэн баталгаа алга. 

Үүний шалтгаан нь үнэ тариф гэдгийг Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх хэлэв. Тэрбээр, Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг, авлага бий. Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна” хэмээн онцолсон юм.

Энэ салбар хэзээ ч ашигтай ажиллаа гэж байгаагүй. Үргэлж л алдагдалтай ажилласан тайлан танилцуулдаг. Тухайлбал, 2011 онд 39 тэрбумын алдагдалтай байсан бол 2012 онд 66 тэрбум төгрөг болж, бараг хоёр дахин нэмэгджээ. Гэтэл энэ онд 240 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа нь 11 жилийн дотор эрчим хүчний алдагдал ойролцоогоор дөрөв дахин өссөн байна. Энэ алдагдлын хэмжээ цаашид ч өссөөр байх дүр зурагтай байна.

Учир нь Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар долоон хувиар өсч байна. Дотоодын эрчим хүчний сүлжээгээ өргөтгөж, шинэчлэх, үнэ тарифыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахгүй мөртлөө жил бүр шинээр барих сургууль, цэцэрлэг, барилга, байгууламжийн тоог нэмэгдүүлсээр байгаа улстөрчдийг ойлгох ухаан алга. Эхлүүлсэн ажил нь дуусдаггүй заваарсан бас завхарсан жишиг тогтоод удсан. Шинэ эх үүсвэр нэмэгдүүлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Харамсалтай нь тууз хайчилж, сүр дуулиантай нээдэг ч түүнийхээ үр дүнг үзэлгүй 10 гаруй жил болсон түүх олон. Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байгаа ч хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байгаа гэдгийг Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх тодотгов.

Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжээд явж байна. Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч нь тодорчихсон. Одоо гэрээний хэлэлцээрт орохоор ажиллаж байгаа. Эдгээр станцууд 3-4 жилийн дараа бүрэн ашиглалтад орохоор байна. Дор хаяж  ийм хугацааны дараа ашиглалтад орох учраас тэр хүртэл өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ бид хэрхэн хангах вэ. Энэ бол манай салбарт тулгамдаж байгаа амаргүй асуудал. Гэхдээ бид гарц шийдлийг нь олж явахаас өөр арга байхгүй гэсэн нь манай улсын эрчим хүчний салбар ойрын хэдэн жилдээ хүндхэн байх нь ээ. Нэг л өглөө унтаад босоход  тог, цахилгаангүй угтвал та бид гайхах хэрэггүй нь бололтой.

Нөгөөтэйгүүр, ОХУ цахилгаан нийлэлтээ зогсооно гэх мэдээлэл ч түгэв. Тодруулбал, Энэ сарын нэгний өдрөөс Орос улс Хятад, Монгол, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох эсвэл нийлүүлэлтээ багасгаж болзошгүй гэх мэдээлэл Коммерсант сонинд нийтлэгджээ. Оросын эрчим хүч экспортлогч хамгийн том компани болох "Интер РАО" аравдугаар сарын нэгнээс БНХАУ, Монгол, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэлтээ зогсоох эсвэл багасгаж болзошгүй байна. Компанийн төлөөлөгч Александр Панины тайлбарласнаар ОХУ-ын засгийн газраас экспортын татварыг долоон хувиар тогтоосон нь цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээний орлогоос давж буй тул ийм шийдвэр гаргажээ. Аравдугаар сарын 1-нээс эхлэн үнэ долоон хувиар нэмэгдэх болсныг Хятад, Монгол, Азербайжанд хэдийн мэдэгдсэн бөгөөд худалдан авагч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд нийлүүлэлтээ зогсоох эсвэл хэмжээг бууруулахаар төлөвлөж байгаа аж.

Цаашид үнийн өсөлт Гүрж, Туркт ч нөлөөлж магадгүй байна. Европын холбоо руу экспортоо хаасны дараа Хятад улс "Интер РАО"-гийн хамгийн том худалдан авагч болсон юм. 2022 онд тус компани БНХАУ-д 4.7 сая МВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ.