Хянан шалгах түр хорооны үдээс хойших нүүрсний сонсголоор Богдхан төмөр замын санхүүжилтийн талаарх мэдээллийг танилцуулсан юм. Энэ үеэр тус төмөр замтай холбоотой гэрээний талаарх мэдээллийг Шинжээч танилцуулсныг хүргэж байна. 

Тэрбээр "Богдхан төмөр зам нь Рашаант болон Мааньт өртөөг хооронд нь холбосон нийт 144 км гол замын урттай, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Нийт дөрвөн өртөө зургаан зөрлөг, 1,520 мм-ийн царигийн хэмжээтэй. Мөн нийт 1.4 тэрбум сая ам.долларын санхүүжилт шаардлагатай төсөл. 

Тус төмөр зам нь дараах үндсэн гурван үр ашигтай хэмээн үздэг. Үүнд:

  1. Тээвэрлэлтийн дээд бүтцийн сүлжээг үүсгэж, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх 
  2. Улаанбаатар хотоор тээвэрлэж буй аюултай ачааны асуудлыг шийдвэрлэнэ
  3. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг бууруулна гэсэн нийгмийн үр ашигтай. 

Зам, тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд нар 2021 оны МН-02/МН-235 дугаартай Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай тушаал баталсан. Уг тушаалын зургаадугаар зүйлд Богдхан төмөр зам төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй ЕРС гэрээ байгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомж, компанийн дүрмийн дагуу компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн, санхүүжилтийн асуудлыг ТЭЗҮ-ийн дунд багтаан шийдвэрлэж ажиллахын ЭТТ ХК-ийн ТУЗ, Гүйцэтгэх захирал, ТТЗ ХХК-ийн удирдлагад тус тус даалгасан байна.

Богдхан төмөр замын ТЭЗҮ-ийг "УРБАН ДЕВЕЛОПМЕНТ КОНСАЛТИНГ ГРУПП" ХХК 2022 онд боловсруулж Зам тээврийн хөгжлийн төвөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 100/2022 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

2021 оны ТЭЗҮ-ээс хөрөнгө оруулалтын зардал 507.3 сая ам.доллароор буурсан. Өртөг бууруулах үндсэн хүчин зүйл нь төмөр замын зэрэглэлийг 1-3 хүртэл буулгасан нь нөлөөлсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлд "Богдхан төмөр замын төслийн барилгын ажлын хүрээнд өмнө нь гарсан шийдвэрүүдийг судалж, холбогдох өөрчлөлт оруулсны үндсэн дээр төмөр замын доод бүтцийн барилгын ажлыг ЗХЖШ, дэд бүтцийн барилгын ажлыг УБТЗ ХНН, эстакадан гүүр, туннелийн барилгын ажлыг "Бодь интернэшнл" ХХК-аар тус тус гүйцэтгүүлэхээр тооцсон.

Үүнтэй холбоотой зохих арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удааржаргал нарт даалгасан байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тус төслийг санхүүжүүлсэн талаар...

Богдхан төмөр зам төслийн хүрээнд ЭТТ ХК нь гурван гэрээг байгуулсан байна. Үүнд:

  1. Бодь интернэшнл ХХК-тай 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр МН-ЭТТ2022/488, BI-BBR-CONT-0003 дугаартай Санхүүжилтийн гэрээ
  2. Тавантолгой ХХК-тай 2022 оны зургаадугаар сарын 28-ны МН- ЭТТ-2022/494, ТВ-МН22/02 дугаартай Нүүрс нийлүүлэх гэрээ
  3. Бодь интернэшнл ХХК-тай болон Тавантолгой төмөр зам ХХК-тай 2022.06.27-ны өдөр МН-ЭТТ-2022/487, TT3- MH22/01, BI-BBR-CONT-0002 дугаартай Санхүүжилтийн гэрээ

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шуурхай хуралдаанаас тус төмөр замтай холбоотой бүх гэрээг түдгэлзүүлэх тухай албан бичгийг Бодь интерншнл ХХК болон Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлэхийг даалгасан байна. 

Богдхан төмөр замын төслийн санхүүжилтийн хүрээнд байгуулсан "Нүүрс нийлүүлэх гэрээ"-ний талаар...

2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулагдсан байна. Богдхан төмөр замын туннель, эстакадан гүүрний ажил гүйцэтгэгчтэй "Нүүрс нийлүүлэх гэрээ"-г байгуулахдаа энэ гэрээний суурь үнэ, улирал тутам үнэ тогтоох индексээр бусад нөхцөлүүдээр тусгасан байна. 

Энэхүү гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Бодь интерншнл ХХК хооронд байгуулсан. Хугацааны хувьд 2022 оны зургаадугаар сарын 27-оос хойш хамгийн багадаа таван жил түүнээс дээш хугацаагаар үргэлжлэхээр зааж өгсөн. 

Гэрээний төлбөрт мөнгөөр 43 тэрбум төгрөг, нүүрсээр 88.2 тэрбум төгрөг өгсөн. Өөрөөр хэлбэл нийт гэрээний хүрээнд 131.2 тэрбум төгрөгийг төлсөн гэсэн мэдээлэл байна. 

Нүүрс худалдах худалдан авах гэрээг Бодь интерншнл ХХК-ийн нэрлэсэн долоон худалдан авагчтай байгуулсан. Тус долоон худалдан авагчтай есөн нүүрсний гэрээ байгуулсан байна. 

Гэрээний дагуу 2022 онд 61 сая ам.долларын нүүрс нийлүүлэх ёстойгоос 26 сая ам.долларын нүүрс нийлүүлсэн байна. Харин 2023 оноос хойш 673 сая ам.долларын нүүрс нийлүүлэгдэнэ. Энэ онд ямар нэгэн нүүрс нийлүүлэгдээгүй байгаа. 

Нүүрсний гэрээ байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Тухайн үед үнэ баталгаажуулах хуудас дээр 3, 4 дүгээр давхаргын коксжих нүүрсний үнэ 130.66 ам.доллар гэж байсан. Харин гэрээг байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 113.46 ам.доллар болгожээ.

Нүүрсний хөнгөлөлт үзүүлснээс болж Бодь интерншнл ХХК нь одоогийн байдлаар 26 сая ам.долларын нүүрсийг борлуулаад байна. Хэрэв нүүрсний хөнгөлөлт үзүүлэхгүйгээр гэрээтэй ижил үнээр байгуулж нийлүүлсэн бол 30.3 сая ам.доллароор борлуулах байсан."Эрдэнэс Тавантолгой" ХК нь дөрвөн сая ам.долларын үнийн зөрүүг алдаад байна" хэмээн ярив.