Монгол улс чөлөөт бүстэй болох асуудал 1996 онд яригдаж 2002 онд хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдаг. Зөвхөн “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүсийг байнгын ажилгаатай болгохын тулд  өнгөрсөн хугацаанд 23 тэрбум 82 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд сарын 22-ны өдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаатай болгох нээлт боллоо.  Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ц.Оюунбаатар,  Ц.Цолмон, Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД Б.Шинэбаатар, Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбат, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн, ОХУ, БНХАУ, БНСУ-ын төлөөллүүд болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Тодруулбал, өнгөрсөн ням гариг буюу зургадугаар сарын 22-ны өглөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс албан ёсны нээлтээ хийсэн юм. 

Энэхүү чөлөөт бүс байнгын үйл ажиллагаатай болсноор манай улсад орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэж,  худалдаа эрхлэгчдэд таатай орчин бүрдэх зэргээр олон давуу талтайг  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэлж байсан юм.  

-   “Алтанбулаг” худалдааны  чөлөөт бүс байнгын үйл ажиллагаатай болсноор улсын төсөвт хэдий хэмжээний мөнгө төвлөрөх вэ?

- 2015  онд ОХУ, БНХАУ­тай 100 тэрбум ам.доллартай тэнцэх худалдаа хийх стратегийн гэрээ  байгуулсан. Ирэх онд БНХАУ­ын Манжуур  хотод 20 тэрбум доллартай тэнцэх худалдаа  хийх юм. “Алтанбулаг” худалдааны чөлөөт  бүс ашиглалтад орсноор Манжуур хотын  худалдааны ачааллаас таван хувийг өөр  дээрээ авч, нэг тэрбум долларын худалдаа  хийнэ. Монгол Улс “Алтанбулаг” худалдааны  чөлөөт бүсээс 10 хувийн татвар авах тул ирэх  онд улсын төсөвт 100 сая доллар орж ирнэ.  Манай улсын эдийн засаг ядруу байгаа энэ  үед дээрх 100 сая доллар гадаад валютын  нөөцийн хомсдолыг арилгаж, эдийн засгийн  хямралыг давах хөшүүрэг болох юм.

Чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаатай болгоход төсвөөс хэдий хэмжээний санхүүжилт авсан бэ?

-              Бид бол чөлөөт бүсээ байнгын дэглэмийн үйл ажиллагаанд шилжүүлэхийн тулд 2014 онд төсөвөөс нэг ч төгрөгийн татаас аваагүй. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг бид дахин үүн дээр хөрөнгө оруулалт хийлгүйгээр байгаа нөөц бололцоон дээрээ өнөөдрийн үйл ажиллагааг эхлүүллээ. Цаашдаа 2015 онд ложистик, агуулах, үйлдвэр үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, суурьшлын  бүс бий болгохын тулд зам талбай, үүд хаалганаас эхлээд хөрөнгө оруулалт шаардлагатай юм бий. Ер нь бол хууль эрх зүйн  орчин илүү боловсронгуй, тодорхой болвол заавал улсаас мөнгө авахгүйгээр энэ бүхнийг бүтээн босгох боломж бол байгаа юм.

-   Цаашид?

-  Бид бизнес эрхлэгчдэд хэдэн зуун сая ам.долларын ашиг олох боломжийг олгохыг зорилгоо болгосон. Энэ нь манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Тиймээс байнгын ажиллагаанд шилжлүүлж байна. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэн, том хот болгохын тулд төсвийн хөрөнгийг хараад суух хэрэггүй. Учир нь бизнес эрхлэгчдийнхээ гаргасан санаачлага, менежментийн бодлогод үндэслэн төрийн бодлоготой уялдуулан ажиллах бололцоо бүрдсэн.

“Алтанбулаг”Худалдааны чөлөөт бүсэд казино байгуулагдах ажээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: “2000 онд УИХ-ын гишүүн байхдаа би “Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай” хуулийг боловсоруулж байлаа.  Үүнээс 14 жилийн өнгөрөхөд энэ  асуудал ажил хэрэг болоогүй ч өнөөдөр байнгын үйл ажиллагаатай боллоо. Бусад салбарын хөрөнгө оруулалт багассан энэ үед чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулалт татах нь зүйтэй алхам бөгөөд энэ нь Монгол улсын түүхэнд шинэ хуудас нээж байгаа үйл явдал юм.   Одоо чөлөөт бүсэд мөрийтэй тоглоомын газар буюу “Казино” байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаа. Дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байгаа. Дэлхийн улс орнууд чөлөөт бүсдээ казино байгуулж, түүнээсээ маш өндөр  татвар авдаг туршлагатай. Хэн нэгний шүүмжлэлээс үл хамааран хуулийн орчинг нь бүрдүүлж өгнө.” Гэв.

 

 

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд мэргэжлийн хяналтын байгууллага мөн ажиллах юм. Энэ талаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Мэргэжлийн хяналтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батсайхан: Засгийн газрын 227 тоот тогтоолын дагуу  Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд Мэргэжлийн хяналтын алба байгуулагдсан. Энэ алба маань одоогоор таван байцаагчтайгаар дөрвөн төрлийн хилийн хяналтын үйл ажиллагаа хийж байна. Үйл ажиллагааны чиглэл нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгсэл болон иргэдийн ачаа тээшинд хяналт тавих юм.

 

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд иргэд аж ахуйн нэгжүүд газар эзэмших боломжтой. Тодруулбал, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд нийт 500 га газар нутгийг хамардаг бөгөөд иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, үйл ажиллагаа явуулах боломжийг нээх юм. Ингэхдээ эхний ээлжинд барилгын материал, авто техник тоног төхөөрөмжийн чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүст газар эзэмшүүлэх бөгөөд 60 ААН-д 200 м2 хүртэл талбайг эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Засгийн газрын тогтоолын дагуу газар эзэмших хүсэлтээ иргэд, аж ахуйн нэгж ирэх сарын 31-нийг хүртэл ямар ч бүртгэлийн хураамж, түрээсийн төлбөр төлөхгүй ирүүлэх боломжтой юм байна.

15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдэж, эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах юм байна. Чөлөөт бүсэд нэвтрэхийн тулд ОХУ-ын Хиагтын боомтоор орж ирсэн тохиолдолд Алтанбулагийн боомт руу оролгүй зүүн урт хэсэгт нь байх чөлөөт бүс гэсэн шугамаар нэвтэрч, хил гаалын хяналтаар дамжих аж. Ингээд чөлөөт бүсэд нэвтрэх юм байна. Харин Монгол талаасаа нэвтрэх бол иргэний бичиг баримтаараа л нэвтрэх юм байна.  


























































 

 

 

А.Баярмаа