Хуулийнхан хариуцлага алдсан уу?
2014/06/24
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэгдэн, Хорих 461 дүгээр ангид саатуулагдсан үедээ амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 13-нд болсон юм. Энэхүү хэрэг явдлыг өмгөөлөгчийнх нь зүгээс “Хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа хэргийг хянаж байсан прокурор хариуцлага алдсантай холбоотой” хэмээн мэдэгдэж ирсэн бол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Хуулийн дагуу хэрэгт хяналт тавьсан” гэх тайлбар хийлээ.
Иймд “NEWS WEEK” сонин VS булангийнхаа энэ долоо хоногийн дугаарт Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын байр суурийг онцоллоо.
Өмгөөлөгч Р.Пүрэвлхам
2014 оны нэгдүгээр сарын 9-нд эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах үед биеийн байдал нь маш муу байсан. Байнгын эмчилгээ, сувилгааны үр дүнд хөл дээрээ босч байтал дөрөвдүгээр сарын 16-нд эмчилгээг нь таслаад дахиад хорьчихсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаагчаас санал гаргаад прокурор хянаад шүүхэд хүргэдэг. Прокурор саналаа нотолсны үндсэн дээр шүүгч захирамж гаргадаг. Гэтэл шүүх, прокурор талийгаачийн байцаан шийтгэх ажиллагаанд хэтэрхий хайнга хандсан.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т 68.1.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна гэдэг. Үүний дагуу прокурор энэ хүн оргон зайлах гэж байсан ийм үйлдэл, факт байна гэсэн үндэслэл гаргасан байх ёстой. Гэвч прокурорын саналд энэ тухай ямар ч үг, үсэг байдаггүй. Тэгээд ч талийгаачид ямар нэгэн байдлаар оргон зайлах шалтгаан, шаардлага байгаагүй. Прокурорын тавьсан худал санал л хүний аминд хүрлээ. Ийм саналыг шүүгч ч эргэж хараагүй.
Прокурор худал санал шүүхэд гаргаад шүүгчид итгүүлж байгаа нь хамгийн аймшигтай. Үйлчлүүлэгчийн маань биеийн байдал муу байсаар байхад цагдан хориод амиа алдахад хүргэсэн гол буруутан нь прокурор гэж үздэг. Учир нь цагдан хорих ажиллагаанд биечлэн оролцож хариуцлагатай ханддаг гол субьект нь тэр. Гэтэл өнөөдөр прокурор ямар ч ажиллагаа хийдэггүй. Хэн нэгнийг 461 гэдэг төрийн хамгаалалтын бүсэд мухарт аваачаад хаячихдаг. Тэгээд л мартчихдаг.
Хоёрт, талийгаач “Петрочайна Дачин Тамсаг” компанийн орлогоос мөнгө зувчуулсан гэсэн хэрэгт огт холбогдоогүй. Үүнтэй холбоотой баримт хэлье. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлож олсон тосны тооцоотой холбоотойгоор олон тэрбумын асуудал яригддаг. 2013 оны зургадугаар сарын 14-нд Газрын тосны газраас Эрүүгийн цагдаагийн газарт тайлбар хүргүүлсэн байдаг. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2005-2012 онд олборлож борлуулсан тосны дүнгээс 417.026 баррель, 40.5 сая ам.долларын зөрүүтэй байгаа нь мэдээллийн алдаа болсонд хүлцэл өчихийн зэрэгцээ байгууллагын болон хувь хүний нэр төртэй холбоотой асуудлыг залруулж өгөхийг хүсье гэсэн байдаг.
Нас барсан хүний хэргийг үргэлжлээд шийдэж байгаа зүйл байхгүй. Дан ганц Д.Амарсайханд холбогдсон хэрэг байсан бол тухайн үед шууд хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байсан. Гэтэл энэ хэрэгт холбогдсон бусад этгээдүүд байгаа. Яахав одоо ч хэрэгсэхгүй болох үндэслэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд бий. Талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс ямар шийдвэрт хүрч, асуудал тавихаа одоогоор шийдээгүй байна
2014.06.4-нд “Зууны мэдээ” сонин
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав
Нөгөө талдаа, энэ хэрэг нь Монголын хуулийн практикт цөөхөн тохиолдож байгаа зүйл учраас хүмүүст сонин санагдаад байгаа байх. Тэгэхээр өнөөдрийн манай хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль бий. Тэр хуулиар нэгдүгээрт энэ хүнийг амьд байхад тухайн хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт биччихсэн байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдсэн байсан. Ганцхан энэ хүний хийсэн хэрэг биш өөр холбогдогчтой байсан учир энэ хүний хэрэг шүүхэд очиж шүүхээр ярилцах нь зүйн хэрэг. Гэхдээ манай хуулинд нэг зүйл байгаа. Хэрвээ шүүгдэгч шүүх хурлаас өмнө нас барвал өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч шүүх хурлаа явуулаад энэ хавтаст хэрэгт байгаа материалын хэмжээнд энэ хүнийг гэм буруутай байсан эсэхийг тогтоолгоно гэвэл шүүх хурлаар шийддэг. Тиймгүй энэ хүн нас барсан учраас наад хэргээ хаачих гэвэл шүүх хурал хийлгүй хааж болдог. Энэ тохиолдол бол энэ хүний гэм буруутайг тогтоолгоно гэдэг хүсэлт. Нөгөө талаас энэ бол шүүхээс гэм буруутайг шийдвэрлэх хэмжээнд нотлогдсон хэрэг гээд хавтаст хэрэг нь шүүх дээр очсон байгаа. Хавтаст хэрэгт нотлогдсон материалаар шийднэ.
Миний авсан мэдээллээр талийгаачийн зөвхөн холбогдолтой, нотлож тогтоосон хэсгээрээ хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Бусад шалгагдаж байсан, олон зүйл тэр чигээрээ талийгаачтайгаа үлдсэн. Энэ бол хил дамнасан, гадаад, дотоодын янз янзын хүмүүстэй холбогдсон зүйл байсан. Үүнийг удаан шалгалаа гэх гомдол ч гарсан. Мэдээж гадаадын улс тэр бүр бидэнд байгаа зүйлээ гаргаад өгчихгүй. Зарим хүмүүс Н.Энхбаяр даргын дүү Н.Энхтуяа гэдэг хүн 2-3 жил олдохгүй байна гэх мэтээр асуудал их ярьдаг. Мөн хуулийн байгууллага эзэн холбогдогчийг хөөгөөд гүйцэхгүй байна гэдэг. Үүнийг талийгаач нас барсан гээд орхичихдоггүй. Тусгаарлаж авч үлдээд бусад холбогдогчийг нь хэзээ шалгаж болох, хэзээ олдсон үед нь сэргээн шалгаж болно.
2014.06.19-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ