“Шинэ хоршоо” хөдөлгөөний хойд бүсийн нээлт Орхон аймагт болж байна
2024/05/06
Хойд бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Орхон аймагт эхэллээ. Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 1380 малчны төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож байна.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний үндсэн илтгэл, танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
2023-2024 оны өвөл нийт газар нутгийн 90 хувьд цасан бүрхүүл үүссэн билээ. Уур амьсгалын өөрчлөлт, цас зудын давтамж ойртож, өнгөрсөн өвлийн зуднаар 7.4 сая мал хорогдож, 5000 өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаад байгаа юм.
Засгийн газраас дээрх асуудалд анхаарч, бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр УИХ-аар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дөрөвдүгээр сарын 19-нд батлуулсан бол Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэх хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 24-нд баталсан юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ хууль цаг үеийн шаардлагаар батлагдсан. Хууль хугацаагүйгээр хэрэгжинэ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчид сайн дурын үндсэн дээр хоршоо байгуулж, хамтарч бизнес эрхэлнэ. Хоршоог хуулиараа 30 хоногийн хугацаанд бүртгүүлдэг. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн дотор бүртгэнэ.
Анхан шатны хоршоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршооны гишүүн малчин хөрөнгө оруулалтын зээлд хамрагдан, 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж олгож байна.
Өнөөдөр малчид арилжааны банкнаас жилийн 20-25 сая төгрөгийн хүүтэй зээлийг авч байгаа. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршооны гишүүн малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь дааж байна. Зээлийн батлан даалтын сан долоо хоногийн дотор хоршооны зээлийг судалж шийдвэрлэнэ. Арилжааны банк малчны зээл авах гэж судалгааг удаан хугацаанд хийдэг. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийг 21-30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.
Төсөл нь сонгон шалгарсан хоршоонд нэг удаад таван га газрыг эзэмшүүлнэ. Ердийн горимоор газар олголт 111 хоног үргэлжилдэг байсан. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хоршооны иргэн сонгосон газраа 15 хоногийн хугацаанд олгох боломжтой.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнд бид нүүдэлчин соёлоо хамгаалж, зохистой бэлчээр ашиглалтыг бүрдүүлнэ. Ингэснээр эрсдэлд тэсвэртэй бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалж үлдэнэ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр тэнцвэртэй мал аж ахуйн салбартай болж, Монгол Улс олон тулгуурт эдийн засгийг бий болно.
Мал аж ахуйн салбарын ажиллах хүчний амьдралын чанар сайжирна. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадын амьдралын чанар сайжирснаар Монголын эдийн засаг өснө. Тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бий болно.
Хүнсний аюулгүй байдлыг энэ хөдөлгөөнөөр хангана. “Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнгээр дундаж малчдын сарын орлого 1.5 сая төгрөг биш таван сая төгрөгт хүрч, шинэ цагийн чинээлэг, бизнесмэн малчинтай болно. Тийм учраас шинэ цагийн бизнесмэн малчин өнөөдрөөс төрөн гарч байна” хэмээв.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлт “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хэрэгжиж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Мал аж ахуйн салбар сэргэснээр монголчууд нийтээрээ чинээлэг амьдралтай болно. “Шинэ хоршоо” хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөтөлбөртэй нийцэж байгаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөн хангайн, говийн, баруун, төвийн, хойд бүсэд нээлтээ хийлээ. Одоо бидэнд ажиллах л үлдлээ. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хамтдаа хөгжицгөөе” хэмээн уриалав.
Ийнхүү Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд таван их наяд төгрөгийн санхүүжилттэй хэрэгжих “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоогоо хэрхэн бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын зээлийг хэрхэн авах тав хүртэлх га газраа эзэмшихэд юу шаардлагатай талаар албаны хүмүүс мэдээлэл хийж байна.