Өнөө өглөө ажилдаа явахаар гэрээсээ гартал явган хүний зам Нийслэлийн ихэнхи хэсгээр усанд автжээ. Машинтай хэдэн нөхдүүд нь ус туучиж арай ядан яваа явган зорчигчдыг шалба нортол усаар булчихаад явчих юм.

Усны гуталгүй, норсон хүмүүс хувцсаа бас норгуулсандаа хий дэмий давхин одох жолоочийн араас ганцаараа ярин бухимдан үлдэж байгаа дүр зураг хотын гудамжинд энгийн үзэгдэл мэт харагдах өдрүүд ирэв бололтой. 

Хотын дарга Х.Нямбаатар аа усанд автсан усаа соруулахаас илүүтэй үр дүнтэй арга алга гэж үү. Хамаг мөнгөө метроны төсөлдөө шавхаад туучихсан уу?

Орон сууцны подволиуд ихэнх нь үерт автахад бэлэн болжээ. Борооны ус замын хашлагийг давж хальж цалгиж байна. Та ч бас энэ хотын иргэн хүн нүдээрээ харж буй л байх. Гэр хорооллын айлуудад үргэлжлэн орох энэ бороо хүндхэн тусах нь. Өнгөрсөн шөнө зургаан удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, долоон автомашин, дөрвөн мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллажээ. 

Өнгөрсөн зуны түүх давтагдаж хот усанд автаж, хүн, машингүй живэх үү. Ойрын өдрүүдэд бороо, цас орно хэмээн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг олон нийтэд хүргээд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийнхэн сонгууль өгөхөөсөө өмнө сайн л бодох цаг нь гэдгийг сануулъя.

2023 оны байдлаар хотын хэмжээнд борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Үүний 70 орчим хувь нь 1970-1980 онд хийгдсэн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Сөүл, номын сангийн гудамжууд насжилт өндөр учраас нурах, шугам хоолой ачаалал авахаа болих, лаг, хог их хэмжээгээр хуримтлагдсанаас үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй болсон. Цаашид нийт 400 гаруй км шугам сүлжээг өртгөх шаардлагатай бөгөөд 370 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг. 

Тэгвэл Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан: Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худаг, 47 борооны ус зайлуулах шугам угсарлаа. Мөн зургаан метрийн гүнд өргөх насос суурилуулсан. Гандигийн гудамжны борооны ус зайлуулах шугам сүлжээгээр дамжуулж дунд гол руу цутгах 1.2 километр борооны ус зайлуулах шугам угсарч дуусаад байна. Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мөн жижиг найман байршилд борооны усны шугамын холболт засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Үүний нэг нь Дарь-Эхэд 1.1км борооны усны шугамын угсралтын ажлыг хийж шугамыг Сэлбэ гол руу холбосон. Энэ жилийн хувьд иргэдээс ирсэн саналын дагуу 50 гаруй байршилд борооны ус зайлуулах шугамын зураг төслийн ажлыг хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд 30 гаруй шугамын зураг төслийг хийж байгаа. Геодези, усны барилга байгууламжийн газар өөрийн нөөц боломжид тулгуурлан зураг төслийг гаргаж засварын ажлын зургаар нийт арав гаруй байршилд борооны усны шугамын ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 60 гаруй хувьтай явж байна” гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай, жижиг найман байршилд борооны ус зайлуулах шугамын засвар үргэлжилж байгаа аж. Тодруулбал шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолой, төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж эхэлжээ.

Байршлууд: 

  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн байрны урд талын туслах авто замын борооны ус зайлуулах худгуудын шинэчлэлт;
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Механик, тээврийн сургуулийн арын уулзварын зүүн талын ус тогтдог хэсгийн авто замын шугамын шинэчлэлт /Хараагүйчүүдийн байрны урд зам/
  • Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд талын шугам, худгийн өргөтгөл
  • Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж, Хүрээ дээд сургууль орчмын шугам, худгийн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн урд хаалга орчмын зам талбайн шугамын шинэчлэлт
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Таван буудал орчмын авто замд шүүрт худаг нэмэх
  • Хан-Уул дүүргийн  нэгдүгээр хороо, Наран хотхон, Петровисын шатахуун түгээн станц орчмын авто замын борооны ус зайлуулах шугам, Энхтайваны гүүрэн доорх гаргалгаа шугамын өргөтгөл
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар сургуулийн хажуугийн авто замын борооны yc зайлуулах шугамын шинэчлэлтийг хийхээр төлөвлөжээ.

Өнөө өглөөнийн байдлаар маш олон газруудад дээрх бичлэгийн адил автозамууд усанд автсан байдалтай байна.