УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол болон түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Шинээр бүрдсэн парламент ээлжит бус чуулганы хугацаанд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах ёстой. Гэвч парламентын үндсэн ажил болох хууль батлах үйл ажиллагаанд тоног төхөөрөмж нь “саад” болсоор багагүй хугацааг өнгөрөөв.

Өмнөх парламентын үеэс эхлэлтэй санал хураах төхөөрөмжтэй холбоотой асуудал одоо ч үргэлжилж, гишүүдийг бухимдуулаад буй.

Учир юу гэвэл, УИХ-ын дарга санал хураалтын томьёоллыг уншмагц гишүүд өмнөх төхөөрөмжийнхөө дэмжсэн, татгалзсан гэдэг товчноос сонгож дардаг. Гэвч дэмжсэн товч дарсан ч чуулганы танхим дахь дэлгэц дээр тухайн гишүүний нэр татгалзсан гишүүдийн дунд гарч ирдэг тохиолдол олон. Энэ тохиолдолд тухайн гишүүн горимын санал гарган дахин санал хураалт явуулахыг хүсдэг.

Энэ нь санал хураах төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой техникийн асуудал. Ийм асуудал өмнөх спикер Г.Занданшатарын үед бишгүй олон гарч, тэр бүрд нь “Их Хурлын Тамгын газрынхан үүнд анхаараарай” гэж сануулсаар улиг болсон гэхэд хилсдэхгүй.

Санал хураалтаар асуудлаа шийддэг төрийн эрх барих дээд байгууллагын санал хураах төхөөрөмж хоёр парламент дамжин гацаж, доголдсоор.   

Техникийн үйл ажиллагаатай дээрх доголдлоос гадна УИХ-ын дарга, гишүүд өөрсдөө санаатайгаар төхөөрөмжөө “доголдуулах” тохиолдол ч бий.

Жишээ нь, санал хураалтад гишүүдийн ирц хүрээгүй тохиолдолд тухайн асуудал дэмжигдэхгүй унах нь бий. Ялангуяа эрх барьж буй намын бодлогоор цааш явуулах ёстой хуулийн төслүүд парламентын санал хураалтад бүдэрдэг. Энэ тохиолдолд аль нэг гишүүнээр “Санал хураалтад хоцорлоо, эсрэг санал гарлаа, төхөөрөмж гацлаа” гэдэг шалтаг хэлүүлж, дахин санал хураалт явуулах горимын санал гаргуулдаг “уламжлал” тогтоод буй.

Тэгвэл дээрх асуудлуудаар шинэ гишүүд асуудал тавьж, спикер хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Уг нь техникийн асуудал байхгүй шүү дээ. Зүгээр л горимын санал гаргаад унасан саналаа хүчээр босгож ирээд байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Бид ээлжит бус чуулган дээрээ л зарчимгүй үйлдэл гаргаад эхэллээ. Өнгөрсөн Баасан гарагт Төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагч буюу Засгийн газарт буцаах санал хураалт явагдсан. 56:51 харьцаатайгаар их хурал шийдвэрээ гаргасан. Гэтэл араас нь аль нэг бүлэг нь завсарлага аваад, горимын санал гэдэг зүйлээр их хурлын саналыг хүчингүй болгосон. Энэ жишгийг тогтоож болохгүй.

Намрын чуулганы эхлэхээс өмнө техникийн асуудлаа цэгцлэхийг УИХ-ын даргаас хүсэж байна. “Төхөөрөмж ажилласангүй, техникийн асуудал гарлаа” гэдэг байдлаар санал хураалт явуулмааргүй байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: УИХ-ын Тамгын газар хангалтгүй ажиллаж байна. Гишүүдийг мэдээллээр хангахгүй, хурлаа зохион байгуулж чадахгүй байна. Төрийн эрх барих дээд байгууллагын зохион байгуулалт ийм байхаар яах вэ. Үүнийг УИХ-ын дарга анхаарч ажилламаар байна.

Горимын санал нэрээр дэмжигдээгүй саналаа босгож ирдэг, дэмжсэнийг нь унагаадаг зарчимгүй байдлаа болих хэрэгтэй. Олон сонгогдсон гишүүд зарчимтай, зангаргатай байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:  Санал хураалтад дэмжсэн санал өгсөн боловч дэлгэц дээр эсрэг гарчихлаа. Энэ саналыг хүчингүй болгоод дахин санал хураалт явуулж өгнө үү. Ер нь санал өгөх нь аз эзийн асуудал болчхоод байна шүү.

 

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн: Төхөөрөмжид хуруу хүрэхээс өмнө улаан юм гарч ирээд байна. Би чадахгүй байлаа гэхэд надаас гадна дөрвийн дөрвөн хүн чадахгүй байна гэж байхгүй. Хүрээгүй байхад доороос нь нэг улаан юм гарч ирээд ажиллахгүй байна. 

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Гишүүд төхөөрөмжтэйгөө харьцах дадал сууж өгөхгүй байгаа учраас хурууны хээгээ таниулах процесс дээр алдаа гараад, өгч байгаа санал хураалтад оролцож чадахгүй тохиолдол гарч байгаа. Тиймээс дахин санал хураалтыг горимын саналаар хийж байгаа. Гишүүд төхөөрөмжтэйгөө зөв харьцаад сурчихвал дахин дахин санал хураалт явуулаад байх шаардлагагүй гэж бодож байна.

Төхөөрөмж гацаж байгаа бол бүгд дээр нь л адилхан гацна. Хувь хүний үйл ажиллагаанаас болоод төхөөрөмж дээр хурууны хээгээ уншуулж амжаагүй гишүүд “Хоцорчихлоо, саналаа өгч чадсангүй. Төхөөрөмждөө хурууны хээгээ уншуулж чадсангүй” гэдэг хүсэлт гараад байгаа учраас горимын саналыг нь хүлээн авч, санал хураалт явуулж байгаа.