Дэлхийг хямд шатахуунаар хангах Д.Трампын төлөвлөгөө биелэх магадлал
16 цагийн өмнө
Өрөмдөөд бай, хүү минь, өрөмдөөд бай-энэ бол сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Трампын дэвшүүлж байсан уриа юм. Тэрбээр АНУ-ыг дэлхийн хамгийн хүчирхэг эрчим хүчний гүрэн болгож, Америк төдийгүй дэлхий дахиныг хямдхан нефть ба шингэрүүлсэн шатдаг хийгээр хангана гэж амлажээ. Нефть-хийн салбарт гайхамшгийг бүтээхээр шийдсэн Трампын төлөвлөгөө биелэх магадлал хэр байна вэ? Угаасаа АНУ бол дэлхийд эрчим хүчний эх үүсвэрийн олборлолтоор тэргүүлж буй гүрэн бөгөөд хоногт 13 сая гаруй баррель хийн конденсаттай газрын тос олборлодог.
Харьцуулахад, Орос, Саудын Араб хоёр 10,5 сая баррелийг олборлодог. Харин Трампын төлөвлөгөөнд тусгаснаар, нефть ба бусад хөнгөн нүүрсустөрөгчийн олборлолтыг 15 хувиар буюу хоногт 3 сая баррелиар өсгөх зорилт дэвшүүлжээ.
Нөгөөтээгүүр, АНУ бол шингэрүүлсэн шатдаг хийн экспортоор дэлхийд тэргүүлдэг гүрэн юм. Оросын цэрэг Украинд халдан довтолж, В.Путин Европтой хийн дайн зарласан завсрын үеийг ашиглан америкчууд Европт зах зээлээ тэлж чадсан байна. Оросын “Газпром” компани хамгийн их орлого олдог Европын зах зээлээ алдсанаар “дайнд ялагдав”. Алдагдсан орон зайг нь Америкийн хийн компаниуд эзэлсний дараа тэдгээрийн давамгайллыг бэхжүүлэх гэж Трамп оролдож байгаа төдийгүй Катар, Канад, Австралийн томоохон компаниудын зах зээлд эзэлж буй хувь хэмжээний тодорхой хэсгийг нь авах зорилго өвөрлөжээ. Энэ бол Трампын шинэчлэлийн хоёр гол зорилтын эхнийх нь юм.
Харин хоёр дахь зорилт нь Америкийн дотоодын зах зээлд түлш шатахууны үнийг доод хэмжээнд барих. Өнөөдрийн байдлаар, тус улсад борлуулж буй хийн үнэ Европ, Хятадынхтай харьцуулахад бараг 3 дахин хямд байгаа нь Америкийн аж үйлдвэрийн салбарт давуу байдлыг олгож байна.
Аляск, нефть ба хий дамжуулах хоолойнууд, капитализмын “араатанлаг шинж”
Ерөнхийдөө бол газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх үндсэн хоёр арга зам бий. Эхнийх нь төрийн зохицуулалтыг зөөлрүүлэх; хоёрдугаарт, олборлолтоо нэмэгдүүлэх гэсэн сэдлийг олборлогч компаниудад төрүүлэх хэрэгтэй гэж Institute of International Finance хүрээлэнгийн эдийн засагч Марселло Эстевао, Иван Бургара нар үзэж байна.
Экологид ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдэд шилжихэд чиглэсэн Жо Байдены “ногоон шинэчлэл” нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нефтийн салбарынхны үйл ажиллагааг багагүй хязгаарлаж байсан юм. Харин Трампын шийдвэрүүд нь тэдний “капиталист араатанлаг шинжийг” дахин амилуулж, ашиг олохын тулд хөрөнгө оруулах сонирхлыг нь өдөөх учиртай.
Үүний тулд Трамп ханцуйндаа хэд хэдэн хөзрийг нуучихсан байгаа. Юуны түрүүнд тэрбээр холбооны засгийн газрын мэдлийн газрууд ба далайн эрэг орчмын газруудыг нефть олборлогч компаниудад олгохоор төлөвлөж байна. Эдгээр газар болон индианчуудын амьдардаг “резервац” гэдэг газарт Америкийн нефтийн ¼-ийг олборлодог. Харин Байден байгаль орчныг хамгаалахын тулд Номхон далайн ба Атлантын далайн эрэг орчмын газар нутагт олборлолтын лиценз олгохыг хязгаарлаад байв.
Аляскийн нутагт Трампын олгосон лицензийг Байден цуцалж байв
Нефтиэр баялаг Аляск, Техас зэрэг муж улсууд дахь холбооны засгийн газрын мэдлийн газарт, мөн Мексикийн булангийн эрэг орчимд олборлолт хийхийг Трамп зөвшөөрөх бололтой. Гэхдээ нефтийн цамхаг барих газар олгоно гэдэг бол хийх ёстой зүйлийн ердөө тал нь юм. Газар олгохын зэрэгцээ хайгуул ба олборлолтын зөвшөөрлүүдийг өгөх ёстой. Энэ бол Трампын хоёр дахь хөзөр. Түүнийг анх ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байх үед зөвшөөрөл авахад дунджаар 174 хоног шаардлагатай байсан бол Байдены үед эл хугацаа 258 хоног болон сунжирч, тэр ч бүү хэл Цагаан ордонд ирмэгцээ тэрбээр зөвшөөрөл олгохыг бүрмөсөн зогсоогоод, бүрэн эрхийнх нь хугацаа дундаа орж байх үед л зөвшөөрлийг сэргээсэн байна.
Трампын гурав дахь хөзөр бол дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм. Тэрбээр Байдены үед зогсоосон нефть, хий дамжуулах хоолойнууд барих ажлыг үргэлжлүүлэх бодолтой байна. Ингэснээр компаниуд шинэ зах зээл ба далайн боомтуудад нэвтрэх бөгөөд үүнийг дагаад одоо ашиглаж буй ордуудад олборлолтыг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой. Шинэ засаг захиргааны үед авах дөрөв дэх арга хэмжээ бол нефть, хийн эрэлтийг нэмэгдүүлэх явдал юм. Үүний тулд Байдены “ногоон татаасууд”-ыг цуцалж, экологийн шаардлагуудыг зөөлрүүлж, цахилгаан автомашин ба сэргээгдэх эрчим хүчинд шилжих үйл явцыг дахин нягталж хэлэлцэхээр төлөвлөжээ. Эцэст нь Трампын тав дахь хөзөр бол шингэрүүлсэн хийн экспортын хязгаарлах тухай Байдены шийдвэрийг цуцлах явдал юм.
Тулгарах бэрхшээлүүд
Шингэрүүлсэн шатдаг хийн экспортод тавьсан хоригийг Трамп Цагаан ордонд ирсэн өдрөө л цуцалж магадгүй, гэхдээ хоёр асуудалтай тулгарна. Нэгдүгээрт, Байден зүгээр нэг хориг тавиагүй, харин эргийн терминалуудыг өргөтгөх нь байгаль орчинд ямар үр дагавартай вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт гаргуулахын тулд хориг тавьсан байна. Дүгнэлт гараагүй үед лиценз олговоос асуудлыг шүүхээр шийдэхэд хүрч сунжрах магадлалтай.
Гэхдээ энэ нь түр зуурын асуудал бөгөөд экологийн үнэлгээг нэг сарын дараа хийж дуусгах ёстой. Хамгийн ихээр санаа зовоож буй асуудал гэвэл, дотоодын зах зээлд хийн үнэ өсөж, улмаар экспорт нэмэгдэнэ.
Гэтэл дээр дурдсанаар америкчууд Европ, Хятадтай харьцуулахад 2-3 дахин хямд үнээр байгалийн хийг хэрэглэж байгаа бөгөөд нефть, хийн үнийг өсгөхгүй, харин эсрэгээр бууруулна гэж Трамп сонгогчиддоо амласан билээ. Нөгөөтээгүүр, “өрөмдөөд бай, өрөмдөөд бай” гэж хувийн компаниудыг шахсанаар олборлолт нэмэгдэнэ гэвэл өрөөсгөл. Компаниудын хувьд, хөрөнгө оруулах эсэхээ шийдэхийн өмнө ирээдүйд олох ашгаа олон жилийн өмнөөс урьдчилан харж тооцоолдог. Хэрвээ нефть, хийн үнийг Трамп бууруулчихвал холбооны засгийн газрын мэдлийн газруудыг үнэгүй өглөө ч гэсэн компаниуд өрөмдлөгөө багасгаж л таарна.
Гэтэл нөөц нь тогтоогдсон ордуудаас ашиг олохын тулд нефтийн үнэ дунджаар 65 доллар/баррель байвал зохимжтой, харин олборлолтыг дорвитой нэмэгдүүлэхийн тулд үнийг 89 доллар/баррельд хүргэж өсгөх хэрэгтэй хэмээн Канзас-Ситигийн Холбооны нөөцийн банк тооцоолжээ.
Харин газрын тос олборлогч компаниудын таамаглаж байгаагаар, нэг баррель нефтийн үнэ хагас жилийн дараа 73 доллар, жилийн дараа 77 доллар, хоёр жилийн дараа 80 долларт хүрэх бололтой байна. Хэдийгээр Трамп дэмжиж зоригжуулсан мэдэгдэл хийсээр байгаа боловч том компаниудын ихэнх нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье гэсэн хүсэл зориггүй байна. Үүнээс гадна хувь нийлүүлэгчдэд олгох ногдол ашгийг нэмэгдүүлэх, хувьцаа худалдаж авахад мөнгө зарцуул гэсэн тулгалтууд байнга ирж байгаа учраас хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгө багасах нь ойлгомжтой.
Арван жилийн дараах олборлолт
Холбооны засгийн газрын мэдлийн газрыг олгоно гэдэг нь нефтийн компаниуд тэр даруй олборлолт хийгээд эхэлнэ гэсэн үг биш ээ. Олборлолтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн үр ашигтай эсэхийг, мөн дотоодын ба дэлхийн зах зээл дэх эрэлт нийлүүлэлт зэргийг сайтар тооцоолсны үндсэн дээр компаниуд шийдвэрээ гаргах болно.
Өнөөдөр гэхэд, эрэлттэй холбоотой асуудал үүсээд байна. Нефть олборлогч орнуудын ОПЕК+ бүлэг болон Олон улсын эрчим хүчний агентлагийн /IEA/ үзэж байгаагаар, дэлхийн эдийн засагт тулгарч буй асуудлууд, Хятадын хэрэглээ буурсан зэргээс шалтгаалан нефть, хийн эрэлтийн өсөлт сулхан байх нь.
Гэхдээ дэлхийн хүн ам өсөж, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсээр буйг дагаад нефтийн үнэ ямартай ч өсөх нь тодорхой. IEA-гийн тооцоолсноор, энэ онд дэлхий дахины хоногийн хэрэглээ 1 сая баррелиар нэмэгдэж, 104 сая баррельд хүрэхээр байна. Үүний сацуу Оросын болон Ираны “сүүдрийн флот”-ын эсрэг АНУ хоригоо чангалснаар нийлүүлэлт багасах боловч дэлхийн зах зээлд үнийн огцом хэлбэлзэл гарахгүй. Учир нь, нэгдүгээрт, АНУ, Хятад хоёр стратегийн асар их нөөц хуримтлуулаад байгаа бөгөөд хомсдол үүссэн тохиолдолд интервенц хийж, үнийг буулгаж чадна. Хоёрдугаарт, энэ онд ОПЕК+ бүлгийн орнууд нефтийн экспортын хязгаарлалтаас татгалзаж магадгүй байна. Гуравдугаарт, ОПЕК+бүлэгт багтдаггүй АНУ, Канад, Бразил, Гайана, Аргентин зэрэг улсууд энэ онд олборлолтоо хоногт 1,5 сая баррелиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Эцэст нь, хяналт зохицуулалтыг сулруулах нь АНУ-д нефть, хийн олборлолтыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болох уу гэсэн асуултад IIF хүрээлэнгийн эдийн засагчид хариулахдаа, тус дөхөм үзүүллээ гэхэд ойрын хугацаанд лав биш гэдгийг хэллээ.
Хяналт зохицуулалтыг зөөлрүүллээ гээд ойрын дөрвөн жилийн хугацаанд АНУ-д олборлолт дорвитой өсөх эсэх нь эргэлзээтэй. Холбооны засгийн газрын мэдлийн газруудад лиценз олгосны дараа олборлолт эхлэх хүртэл хэдэн жил, магадгүй арван жилийн хугацаа ч өнгөрч мэднэ. Ямар ч тохиолдолд олборлолт нэмэгдлээ гэхэд 2028 онд Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа нэмэгдэх болов уу гэж дээрх шинжээчид таамаглажээ.
Б.Адъяахүү
montsame.mn
Эх сурвалж: ВВС
Зочин · 9 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 11 цагийн өмнө
ANUSDAAD809M55877