“...УИХ хууль тогтоох дээд байгууллага” гэдэг атлаа хуулиа биелүүлэхгүй байна. Ийм шүүмж өнгөрсөн оны сүүлчээс эхлээд л яригдлаа. Уг нь Дээд шүүх 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоороо УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт ял оноосон. Түүнийг Хөгжлийн банкны хэргээр шийтгэсэн.

 

Тодруулбал, Дээд шүүх “…Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дараах нэр бүхий хүмүүст шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байна” гэсэн.

 

Үүгээр Даваагийн Цогтбаатар нь өмнө нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мондулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д зээл олгохдоо давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон.

 

Ингэснээр Даваагийн Цогтбаатар УИХ-ын тухай хуулийн 9.1-д “…Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гээд 9.1.5-д “…Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж зааснаар эгүүлэн татагдах хуулийн шаардлага үүссэн юм.

 

Гэвч Даваагийн Цогтбаатар “...Дээд шүүхийн тогтоол албажаагүй” гэдэг шалтгаанаар УИХ-ын гишүүний үүргийг гүйцэтгэсээр намрын чуулганыг хаалгасан. Үнэндээ, УИХ ч тодорхой алхам хийхийг хүсэхгүй байгаа нь анзаарагдсаар байгаа юм.

 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны хэрэгт холбоотой хүмүүст Дээд шүүх тогтоолыг гардуулсан байна. Тус шүүхээс албан ёсоор “...Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцэж, тус оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр 138 дугаартай тогтоол гарсан. Энэхүү тогтоолыг 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хэргийн оролцогчдод гардуулахыг мэдэгдэж байна” гэж зарлалаа. Ингэснээр УИХ-ын тухай хуулийн 9.1-д “…Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гээд 9.1.5-д “…Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” хэмээн заасанчлан Даваагийн Цогтбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэл хангагдаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, 2025 оны хоёрдугаар сарын 21-нээс эхлээд энэ УИХ нийтдээ 125 гишүүнтэй болж байгаа юм. Тэгэхээр “Түүнийг УИХ хэзээ үдэж өгөх вэ” гэдэг л яригдана. Улмаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т “…Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана" гэж зааснаар Хангайн бүсэд нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо. Тиймээс тэнд нэр дэвших хүсэлтэй горилогчид Төрийн ордон, намынхаа байр хавиар явж яриа хөөрөө хийх цаг нь ирэв бололтой.

 

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин