Эе эвийг сахиж, ухаанаа л уралдуулах цаг

 

“Уулын мод урттай богинотой, улс амьтан ч сайнтай, муутай”, “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй”, “Ухаантай хүн мухар гудамжаар ороод гарахдаа л таньж мэдсэнийг тэнэг хүн дэлхийг тойроод ирэхдээ ч таньж мэддэггүй”, “Мэдлэг бол хүч мөн”, “Дархан хүн бурхан ухаантай” гэхчилэн олон үнэн үг буй. Суут ухаантан, эгэлгүй хүн, их эрдэмтэн, авъяас билэгтэн гэх үнэлгээ ч бас буй...

 

Бичиг, үсэг анх зохиосон хүмүүсийн нэр, автомашин, нисэх онгоц анх зохиосон хүмүүсийн нэр түүхэнд үлджээ. Гэтэл сэлэм, жад, нум сум, эмээл, дөрөө мэтийг анх зохион бүтээгчид тодорхойгүй хэвээрээ... Тэр нь ч аргагүй юм. 

 

Бусдаасаа илүү их ухаалаг, илүү их авъяаслаг, илүү их чадварлаг, илүү их мэдлэгтэй хүмүүс байжээ, одоо ч мөн байна. Чухам тийм хүмүүс л шинэ зүйл бүтээж, бусад нь түүнээс суралцдаг ажээ. Онцгой чадварлаг хүнийг суут хэмээн өргөмжилдөг хэдий ч уг хүн тийм чадварыг суралцаж, хөдөлмөрлөж, хичээж, чармайж байж л олдог. Генийн шалтгаантай төрөлхийн чадвар, сурлага, хүмүүжлийн нөлөө, тухайн нийгмийн хөгжлийн түвшин ба багш нарын нөлөө, хөрөнгө-санхүүгийн боломж гэхчилэн олон нөхцөл, хүчин зүйлээс хүний чадвар хамаардаг нь ч үнэн. Гэхдээ аль нэгэн угсаатан, аль нэгэн ард түмнийг бусад бүх угсаатан, ард түмний дээр бүхлээр нь өргөж тавих санаархал, оролдлого бол харин зөөлөн хэлэхэд тэнэглэл, хатууруулж хэлэх аваас бурангуй, харгис үзэл суртал, дайсагнал, дарангуйлал юм. Аль нэгэн ард түмнийг дээд төрөлтөн, бурхдаас шилэгдсэн угсаатан, онцгой ухаалаг, оюунлаг хэмээж бусдад нь сөргүүлэн тавих нь нацизм, фашизмын үндэс, хөрс болдог. Иймэрхүү үзэл сурталд өнөөдөр ч олон улс орон, ард түмэн автагдсаар л байна. Харгис үзэл суртал бол хүн төрөлхтний хамгийн том дайсан. 

 

Хот, хөдөөгийн иргэдийн боловсрол, хүмүүжил уруудах доройтохын хэрээр тэд (дүрсэлж хэлэх аваас) ажилчин зөгий, ажилчин шоргоолж мэт болдог. Хийх ёстой хар бор ажлаа л хийнэ, өөр юу ч сонирхохгүй, аюул тохиолдвол “хаанаас ч юм өгөгдсөн тушаал” л биелүүлнэ.

 

“Дайсантай” тулалдсаар хэдэн мянгаараа үхнэ. Орчин үед олон оронд ийм байдал буй болчихлоо. Ясли, цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургууль бүгд төлбөртэй, хүн амын олонхи нь, өрх гэрийн олонхи нь яагаад ч төлж дийлэхээргүй тийм өндөр төлбөртэй болчихлоор хот, хөдөөгийн хүн амын боловсрол, хүмүүжил цөөхөн жилд (20-30 жил гэе) асар их доройтчихдог юм байна. Тэгээд л архи, тамхи, хар тамхи, элдэв төрлийн наркотик (донтолт, сэтгэл мэдрэлийн гажиг, өвчин), гэмт хэрэг, садар самуун, гэр бүл салалт, хүүхдүүдийн өнчрөл, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хог түүгчид, траншейд амьдрагчид буй болдог, нийгэм ч урууддаг юм байна. Нийгэм буруу замаар орох, төр засгийн толгойд элдэв зүсмийн заль мэхтэн, луйварчид шургалах, баялаг бүтээдэг үйлдвэр, аж ахуйн газрууд цөөрөх, бүтээгч хөдөлмөрийн үнэ цэн (цалин) буурах, бүр үнэгүйдэх, хүмүүс үнэн мэдлэг, зөв мэдээлэлд биш хов живд итгэх, мухар сүсэгт автах, баян ядуугийн ялгаа хэтэртлээ ихсэж, үндэсний баялаг цөөхөн гэр бүлд төвлөрөх зэрэг сөрөг үзэгдэл л хот, хөдөөгийн иргэдийг “хүнээс мал болтол нь доройтуулдаг” юм байна.

 

Хүмүүс шоргоолж шиг л нэг үүрэнд цуглардаг юм байна. Хөрс шороо, агаар ихэд бохирддог, хог ба утаа нь дийлдэхдээ больдог, архаг хууч өвчтэй хүмүүс ч олширдог, халдвартай өвчин ч (сүрьеэ, тэмбүү, томуу г.м) хавтгайрдаг юм байна.

 

Хүнд суртал, авлига, бүх төрлийн залилан, луйвар ч дийлдэхээ больдог юм байна. Хүний эрх, ямраар л бол ямраар зөрчигдөж, хууль сахиулах, хамгаалах үүрэгтэй албад бараг л гэмт хэрэгтнүүдийн холбоотон, хамсаатнууд болдог юм байна. Эм, эмнэлэг, шинжилгээ, мэс заслын өндөр үнэнд өвчтөнгүүд сөхөрч, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс арчаагаа алдаж, яахаа ч мэдэхээ больдог юм байна. Энэ бүхний гол буруутан нь манай орны хувьд төр, засаг, түүний бодлого, зохицуулалт, удирдлагын алдаа юм. Саарал ордон дахь эрхмүүдийн чанарыг шалгах, үнэлэх үзүүлэлтүүд нь өнөөдрийн Улаанбаатар хотынхны аж амьдрал, соёл, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, агаар, хөрс, усны бохирдолт, хөдөлгөөний түгжрэл, ёс суртахуун, гэмт хэрэг, луйвар булхай, авлига, хулгай... юм. Үймж бужигнах биш, бослого самуун гаргах биш, харин энэ бүхнийг арилгах, багасгах, арга, замын талаар зөвлөлдөж хамгийн оновчтой шийдвэрүүдийг гаргамаар байна. Баян нь ч баяжиж ханалаа, ядуус нь ч ядуурч цөхлөө шүү дээ! Монголчууд цаг цагтаа л арга чаргаа олсоор, тэсэж үлдсээр ирсэн түүхтэй ард түмэн юмсан... 1990 оноос хойш Монголын төр, засагт нүүрлэсэн хамгийн том аюул бол Саарал ордонд очсон хүмүүсийн олонхи нь, бүр 90 хүртэлх хувь нь

 

НЭГДҮГЭЭРТ; Боловсрол, мэдлэгээр дорой, 

 

ХОЁРДУГААРТ; 4 жилдээ л амжаад, юу ч хамаагүй хийгээд хөрөнгөжих хүсэлд солиотой юм шиг автсан, 

 

ГУРАВДУГААРТ; Хүмүүжил болон ёс суртахуун дорой, 

 

ДӨРӨВДҮГЭЭРТ; Хэр чадвараа үнэлэх, хэрээ мэдэх, нэр төрөө хичээх мэдрэмжгүй байсан явдал юм. Энэ 4 чанар, байдал дорхноо ч харагдсан, нотлогдсон, өнөөдөр гэхэд л хот, хөдөөгүй л тийм байжээ гэдгийг ойлгоод, тэднийг үзэн ядах болжээ. Тэгвэл яг одоо байдал ямар байна вэ?... Сонгогдсон хүмүүс энэ талаар бодож, сэтгэж, зам мөрөө хичээх байх гэж найдаж, өөрсдийг нь өөрсөд нь даатгая. “Ахмадын үг алт” гэж зүгээр ч нэг хэлдэггүй юм шүү!

 

УИХ-д хоёр дахиа сонгогдсон хүний хүсэл нь аль нэг яамны сайд болох, аль болох их төсөв батлуулж авах, тэгээд л 4 жилийн дотор элдвээр идэж уух, завших, авлига авах явдал болчихжээ.

 

Эх орон, ард түмнээ гэх сэтгэл, өөрийн нэр төрөө бодох сэтгэл, бүр ичих, эмээх сэтгэл ч тэдэнд алга байна. Өмнөх 4 жилдээ уг нь ямар ч зөв юм сэдээгүй, гавъяа гэхээр юу ч хийгээгүй атлаа тэд шинэ гишүүдээ элдвээр дарамтлах, мэдэмхийрэх гэж оролдохыг нь бас яанаа! Аль нэгэн ялигүй давуу байдлаараа бусдыг дарамтлах гэдэг өвчин (хал цэрэг гэдэг шиг) УИХ-ын танхимд ч гарч байгаа нь мөн ч ичгүүртэй хэрэг шүү дээ! Тухайн тэр салбарыг огтхон ч мэдэхгүй атлаа сайд л болж байвал, төсөв зарцуулах эрх л олж байвал тэдэнд аль ч яам ахлах нь адилхан болчихдог ажээ. Ийм эрхмүүд өнөөдөр ч гэсэн хэдэн арваараа байна даа... Хоёр дахиа сонгогдох нь төрөөс төрсөн тэрбумтан бэлдэх сургууль болчихож. Ингэж төрсөн тэрбумтнууд бол илчлэгдээгүй л болохоос биш эрүүгийн гэмт хэрэгтнүүд шүү дээ. “Ардын Хянан Шалгах Хороо” гэх сайн дурын, олон нийтийн байгууллага ядаж байдаг бол өнгөрсөн 34 жилд мөн ч хэрэгтэй байжээ.

 

Сэтгүүлчид 4-р засаглал болж чадаагүй, Шүүхүүд шүүрэн шанага болчихсон нөхцөлд “Ардчилал” маань агаарт хөөргөсөн хөөрхөн бөмбөлөг л болчихдог ажээ.

 

Ардууд алсаас, доороос нь хараад, газарт буухыг нь хүлээгээд, гартаа барьж үзэх гэж мөрөөдсөөр хэдэн арван жилийг үддэг юм байна.... Монгол дахь сөрөг үзэгдлүүдийн шалтгаан, нөхцөл нь дээрээ ч, дундаа ч, бас доороо ч байгаа нь үнэн. Гэхдээ л гол бурууг нь нийгмийн удирдлагад өгөх ёстой. Энэ бол шударга ёсны шаардлага, дэлхий нийтийн жишиг.

Том газар нутаг, их баялаг, цөөхөн хүн ам, хоёр талд буй авах ба өгөхийн том боломж, хосгүй чухал, хосгүй үнэтэй ашигт малтмалуудын нөөцөөр дэлхийдээ бараг хосгүй (газрын ховор металлын нөөцөөр дэлхийд эхний 3-д багтдаг, ураны нөөцөөр дэлхийд эхний 7-д багтдаг), цаана нь алт, мөнгө, нүүрс, нефть! Ядуу байх, боловсролгүй байх, архаг хууч өвчинд баригдах, хөгжилгүй байх, хөрөнгө мөнгөөр дутагдах шалтгаан байна гэж үү? Гэтэл өнөөдрийн маань байж байгаа нүүр, царай, нэр төр, зэрэглэл, зиндаа ямар байгаа билээ?

 

Судлаач, профессор Д.Чулуунжав