Бүжгийн урлаг бол аливаа зүйлийн мөн чанар, хүний сэтгэл хөдлөлийг биеийн хэлэмж болон хөгжмийн зохицлоор төгс илэрхийлдэг зүйл. Тэр ч утгаараа энэхүү урлаг өнөөг хэр нь үнэ цэнтэйд тооцогдож, улам бүр түгэн дэлгэрсээр байгаа.

Тэгвэл Монголд “Gogo dance” буюу шөнийн клубийн бүжгийн урсгалыг түгээн дэлгэрүүлж, таниулж буй фитнес модель А.Мөнгөнчимэгийг “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна.

Аавынхаа сонголтыг хүндэтгэж англи хэлний багшаар сурсан ч тэрээр эцэст нь өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж бүжигчин болжээ

 

Одоогоос 33 жилийн өмнө н.Авирмэдийг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нь “Эхнэр тань төрөх гээд өвдөөд эмнэлэг явчихлаа” гэж дуудсан байдаг. Ингэж л Монгол Улсад н.Авирмэдийнх гэдэг айл бүл нэмж, отгон охиноо өлгийдөн авч байжээ. Тэр охин бол манай нийтлэлийн баатар А.Мөнгөнчимэг юм. Тэрээр багаасаа л бүжиглэх дуртай байсан гэдэг. Энэ нь түүний аавтай холбоотой ажээ.

 

Энэ тухайгаа А.Мөнгөнчимэг “Аав минь залуудаа гоё бүжиглэдэг байсан гэдэг. Цэргийн дуу бүжгийн чуулгаас бүжигчнээр ажилд орооч гэсэн урилга хүртэл ирж байсан гэж ярьдаг. Гэвч бүжигчин хүний цалин бага учир амьдралаа авч явж чадахгүй гээд урилгыг нь хүлээж аваагүй гэсэн.

 

Миний бүжиглэх дуртай болсон нь аавын авьяас бас төрөх үеийн үйл явдалтай холбоотой гэж боддог. Учир нь намайг төрөх гэж байхад аав маань сумынхаа соёлын төвд бүжгэнд орж байсан гэдэг. Магадгүй аав тэр цаг мөчид бүжиглэж байсан болохоор миний хувь тавилан бүжигтэй холбогдсон байх гэж билэгшээдэг. Аав маань “Чи яагаад бүжиглэх дуртай юм бэ” гэж их асуудаг байсан. Тэгэхээр нь би “Та намайг төрж байхад бүжгэнд орж байсантай чинь холбоотой байх” гэж тоглоом, шоглоомоор хэлдэг байсан” гэсэн юм.

 

А.Мөнгөнчимэг дунд сургуулиа дүүргээд бүжигчин болно гэхэд аав нь “Бүжигчин хүний цалин бага, ар гэртээ зарцуулах цаг завгүй ажил” хэмээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс аавынхаа сонголтыг хүндэтгэн англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр суралцжээ.

 

Гэвч мэргэжлээрээ ажиллаагүй аж. Энэ талаараа “Цэцэрлэгт байхаасаа өдийг хүртэл бүжгийн урлагаар хичээллэж байна. Би бүжигчин болно гэж боддог байсан. Гэтэл аав маань “Бүжгээр хүн хоолоо олж идэхгүй” гэж эсэргүүцсэн. Тиймээс Хүмүүнлэгийн ухааны их сургуульд аавын хүсэлтээр Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр суралцсан. Их сургуулиа төгсөж, дипломоо авсан өдрөө аав дээр очоод “За би таны хүссэн мэргэжлээр сурч, төгслөө. Одоо би өөрийнхөө хийхийг хүсэж буй зүйлээ хийж амьдарна” гэж хэлсэн. Нэг үгээр аавдаа би диплом авч өгөөд өөрийн хүссэн зүйлээ хийж эхэлсэн. Энэ цаг мөчөөс хойш өөрийн хүсэл сонирхлын дагуу бүжиглэж байна. Ер нь хүн өөрийн хүссэн зүйлийг хийхэд л амжилтад хүрдэг юм байна лээ” гэв.

 

Gogo dance урсгалыг таниулахын төлөө 10 жил зарцуулжээ

 

сонин mn

Дууны урлаг дотроо олон төрөл байдаг. Тухайлбал, хип хоп, рок, ардын дуу, уртын дуу, эстрад дуу, арамби гэх мэт урсгалуудтай. Бүжиг ч бас үүн шиг олон төрлөөр хөгжиж иржээ. Жишээлбэл, бидний сайн мэдэх ардын бүжиг, нийтийн бүжиг, салса, балет гэх мэт. Тэгвэл бидний тэр бүр сайн мэдэхгүй урсгалууд ч бас бий. Тэр нь Gogo dance, pole dance, stift зэрэг шөнийн клубт зориулсан урсгалууд сүүлийн жилүүдэд манай улсад хүч түрэн орж ирж буй. Түүний нэг болох “Gogo dance” бүжгийн урсгалыг түгээн дэлгэрүүлж, таниулахын төлөө өөрийн амьдралын 10 жилийг зориулжээ.

 

Gogo dance бол шөнийн клубийн бүжгийн урсгал юм. Шөнийн клубт зорин ирсэн хүмүүсийг хамтдаа бүжиглэцгээе хэмээн уриалсан утгатай үг. Дотроо хоёр урсгалтай. Дэглэсэн gogo урсгал нь шөнийн клубт DJ ямар сэт ая тавина, бүжигчин биеийн хэлэмжээрээ тохируулан үйлчлүүлэгчид таашаал, мэдрэмжийг өгөхийг хэлнэ.

 

Харин дэглээгүй gogo урсгал нь сонгосон нэг аян дээр бүжгийн элементүүдээ оруулан нэгэн цогц үзүүлбэр үзүүлдэг юм. Өндөр өсгийт дээр бүжихийг шаарддаг энэ урлагийг гоо сайхан төрсөн эмэгтэй бүр бүжиглэж чадахгүй. Хагас нүцгэн байхыг шаарддаг энэ урлагт эргэлт буцалтгүй татагдахын тулд зориг хэрэгтэй. Тэгвэл энэ зориг зөвхөн А.Мөнгөнчимэгт байсан юм. Тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд багагүй доромжлол, үл ойлголтыг тэсвэрлэж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Үүнд түүний хувь хүний хүмүүжил, жанжин шугам нь нөлөөлсөн гэв. Энэ тухайгаа “Би бүжгийн бүхий л урсгалуудаар бүжиглэж үзсэн. Тэр дундаас өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж болдог, маш гоё гоо зүйг шаарддаг хамгийн чөлөөтэй байх боломжийг олгодог нь Gogo урсгал байсан. Тиймээс энэ урсгал л яг “Минийх” юм байна гэж бодож, бүжиглэх эхэлсэн. Одоогоос 10 жилийн өмнө хүмүүс энэ урсгалын талаар огт ойлголтгүй байсан. Хүмүүст ойлгуулж таниулахын тулд багагүй бэрхшээлийг туулсан. Цахим орчинд зургийн маань дор сөрөг сэтгэгдлүүд их ирдэг байсан. Ээж, эгч хоёр маань өмөөрөөд ороод ирнэ. Сүүлдээ хүмүүс гэр бүлийнхэн рүү минь дайрч эхэлсэн. Тэгэхээр нь тэр хоёрыгоо битгий сэтгэгдэл бич гэдэг болсон. Одоо бол хүмүүс харьцангуй ойлгож, дэмждэг болсон. Гэхдээ ихэвчлэн эмэгтэйчүүд дэмждэг.

 

Тэднээс “Дэмждэг шүү. Хүндэлдэг шүү. Өөрийнхөөрөө байгаа чинь гоё байна. Хөөрхөн шүү” гэдэг сэтгэгдэл, чатууд их ирдэг. Энэ хүмүүсийн үгээр л урамшиж амьдарч байна даа” гэсэн юм.

 

Тэрээр анх тоглолтууд болон дууны клипний ард бүжиглэдэг байжээ. Учир нь тухайн үед бүжигчид одоогийнх шиг бүжиглэх боломж байхгүй учраас танигдах боломж нь хомс байсан аж. Харин сүүлийн жилүүдэд шөнийн клубүүдэд бүжиглэх боломж олдсоноор өөрийгөө болон бүжгийн урлагийг таниулахад эергээр нөлөөлжээ. Энэ тухайгаа “Анх icetop хамтлагийн гурван дууны ард бүжигчидтэйгээ хамтран бүжиглэсэн. Хар тас хамтлагийн дууны клипэнд бас тоглосон. Үүнээс гадна жижиг клубүүдэд баасан болон бямба гарагт бүжиглэдэг байсан. Тухайн үед шөнийн клубт бүжиглэдэг бүжигчдийн талаар хүмүүст ямар ч ойлголт байгаагүй. Бүжиглээд гарахаар биед хүрэх эсвэл хамт архи ууя, хамт явъя гэх зэрэг сөрөг хандлага их гардаг байсан. Мэдээж хагас нүцгэн шөнийг клубт бүжиглэж байгаа хүнийг буруугаар бодох нь арга ч үгүй биз дээ. Гэхдээ тэр бүхнийг үл тоож, бүжгийн урлаг талаас нь хөгжүүлэхээр хичээж ирсэн. Энэ бүхнийг туулахад аав ээжийн минь дэмжлэг их байсан. Аав маань бүр өдөр бүр залгаж “Яаж байна. Гайгүй юу” гэх зэргээр ярина. Тэр бүрд нь аав, ээж минь дэмжиж байхад бусад хүний юу гэх хамаагүй гэж боддог байсан” гэсэн юм.

 

Хүлээн зөвшөөрөгдөж, олон хүнийг бүжгийн спортод хөтлөн оруулжээ

 

сонин mn

Арван жилийн өмнө хүмүүс түүнийг яг юу хийгээд явааг ойлгодоггүй байжээ. Харин тэрээр тууштай байсны эцэст өөрийн цайзад, өөрийн тайзан дээр биеийн хэлэмжээрээ эрх чөлөөгөө илэрхийлэн бүжиж байна. Мөн тэрээр эрэгтэй, эмэгтэй нийлсэн 50 гаруй шавьтай болжээ. Энэ түүнийг хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэнэ. Энэ тухайгаа “Одоогоос 10 жилийн өмнө КУДС-ийн найзуудтайгаа хамт Галлерэй Улаанбаатарыг балгас байхад нь бичлэг хийж байсан. Тэр бичлэг маань маш их шүүмжлэл дагуулсан. Үүнээс болж сэтгэл санаагаар маш их унасан. Гэхдээ тэр хүмүүсийн үг намайг илүү их хурцалсан. Тэр бичлэг маань өнөөдрийн намайг бий болоход нөлөөлсөн. Мөн би тууштай бас зоригтойгоор гарч ирсэн учраас бусад хүмүүсийн замыг нээж өгсөн гэж боддог. Шөнийн клубт бүжиглэдэг байлаа гээд биеэ үнэлэгч, хүмүүсийг уруу татсан, муу зүйлд уриалан дууддаг гэсэн үг биш.

 

Харин ч тэд бол өөрийнхөө гоо зүйг урлаг талаас нь бүрэн харуулах хэмжээнд бэлтгэсэн хүмүүс байдаг. Тиймээс шөнийн клубт бүжиглэж буй хүмүүсийн талаарх “Хэвшмэл ойлголтоо өөрчлөөрэй” гэж хэлмээр байна. Бүжгийн урлаг талаас нь хардаг байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

 

Бүжгийн урлаг түүний дараагийн хоббиг бий болгосон байна. Тэр нь фитнес модель юм. Тэрээр 2020 онд буюу цар тахлын дараагаас фитнесээр хичээллэх болжээ. Жил гаруйн дараа тэмцээнд орсон байна. Сахилга бат, хариуцлагатай зан чанар нь түүнд амжилт дагуулсаар байна. Энэ тухайгаа “Фитнесээр хичээллээд дөрвөн жил болж байна. Энэ жил хотын аваргад орсон. Бикини ангилалд топ 10-т, Angel model гэдэг шинэ ангилалд эхний таван байрт шалгарсан. Шөнийн клубт ажиллаад фитнесээр хичээллэх амаргүй. Учир нь фитнесээр хичээллэж буй хүнд шөнийн нойр маш чухал байдаг. Гэвч би чинь шөнөөр ажиллах хэрэгтэй шүү дээ. Тиймээс “Би бол гадаадад амьдарч байгаа хүн шүү. Одоо миний хувьд өглөө шүү” гэж өөртөө хэлдэг. Ингээд л ажлаа тараад, унтаж амраад өдөр нь бэлтгэлдээ явдаг.

 

Тэмцээн дөхсөн үед ажлаасаа чөлөө авдаг. Ажлынхан маань дэмжиж, ойлгодог” гэсэн юм. Түүний биеийн 40 хувь нь шивээстэй. Шивээснийхээ тухай “Шивээснүүд маань бүгд утга учиртай. Гэхдээ заримдаа буюу тэмцээнд орох үед сөргөөр нөлөөлөх нь бий.

 

Учир нь тэмцээнд ороход арьс цэвэр байх ёстой гэсэн шалгуур байдаг. Биеийн маань тал нь шивээстэй учир булчингийн ялгарлыг муу харуулах тохиолдол бий. Энэ нь оноо дардаг. Жишээлбэл, яг адилхан булчингийн ялгаралтай эмэгтэйтэй өрсөлдөж байхад бие дээрээ шивээстэй гэх шалтгаанаар оноо буурах тохиолдол гардаг ” гэсэн юм.

 

Зорилгынхоо төлөө хичээж байна

 

Түүнд аж ахуй нэгж, хувь хүмүүсээс олон төрлийн санал ирдэг байна. Гэвч тэрээр өөрийн зорилгын төлөө, Gogo dance-г таниулахын төлөө хичээх болно гэдгээ хэлж байсан юм. Энэ тухайгаа “Том зорилготой хүн жижиг чулуунд бүдэрдэггүй гэх уриаг үргэлж өөртөө хэлдэг. Татгалзахын аргагүй саналууд ирдэг ч тэдгээрээс үргэлж татгалздаг. Би ямар хэцүү зүйлсийг туулж ирсэн билээ дээ. Тиймээс хүмүүсийн тавьж буй санал, доромжлол зэргийг үл хайрхан зөвхөн ажлаа л хийдэг. Цаашид бүжгийн урдаг, урсгалуудыг таниулахын төлөө илүү их хичээх болно” гэсэн юм.

 

 

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин