УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийг хүчингүй болгосноор импортын гаалийн албан татварыг эргүүлэн сэргээх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй гэдэг нэг ч гишүүн байхгүй. Гол асуудал нь салбарын бодлого буруу байна. Үнээ дийлэхээ болиод аргаа бариад импортын татварыг чөлөөлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн шийдвэр гаргаад жил ч болоогүй байна. Гурилын үнэ одоо л бууж эхэлж байгаа.

Гурилын үнэ 2022 оноос огцом нэмэгдсэн шалтгааныг салбарын сайд юу гэж үзэж байна вэ. Ж.Энхбаяр сайд ямар ч үнээр хамаагүй дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа юм байна. Газар тариалан, үйлдвэрлэл чухал. Харин хэрэглэгч бол хамаагүй гэж хандаж байгаа юм байна.

2022 оноос хойш гурилын нийлүүлэлт буураад үнэ өсөөд байж.

Гурилын салбарт төрөөс өгч байгаа дэмжлэг, дээр нь зах зээлийн систем, хамгаалалт нэмэгдэхээр иргэдийн нуруун дээр л ачаа очно.

Салбарын сайд та монопол болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. Хөдөө аж ахуйн яам төвийн бүсийн яам шиг битгий ажилла. Монгол Улсын хэмжээнд бодлого гаргаж ажиллах төрийн сайд хүн шүү та.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Яагаад гурилын үйлдвэрлэл унасан бэ гэж байна. Гаалийн татвараас чөлөөлөх хуультай холбоотойгоор 64.2 мянган тонн баяжуулсан болон баяжуулаагүй гурил импортолсон. 52 мянган тонн тэжээл импортолсон. Энэ нь өөрөө үйлдвэрлэлд шууд нөлөөлөөд нөхцөл байдал ийм болсон.

Намайг ажил авснаас хойш үнэ бууж байгаа. Тариалалт, гурил үйлдвэрлэл, үнэ дээр ямар нэгэн сөрөг зүйл үүсээгүй. Үнэ тогтвортой байгаа. 2025 оны ургац хүртэл үнэ тогтвортой байж чадна. Ер нь үнийг тогтвортой байлгана гэвэл жил бүр 100 мянган тонн улаанбуудайг Тогтворжуулалтын санд буюу улсын нөөцөд авах шаардлагатай.

Гурилын үйлдвэрүүд яагаад цөөрөв. Өрсөлдөөн байна гэсэн үг. 30 гаруй үйлдвэрээс одоо 9 байна.  

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Үнэ тогтвортой байгаа нь импортыг нээж, өрсөлдөөн нэмэгдсэнтэй л холбоотой. Төрөөс үзүүлж байгаа дэмжлэг нь гурилын үйлдвэрүүдийн өрсөлдөөнийг хумьсан гэж харж байна. Жишээ нь, Улаанбаатар гурил 43 тэрбум, Милл хаус 47 тэрбум, Өгөөж гурил 37 тэрбум, Дорнод гурил 10.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Яагаад шинээр байгуулагдсан гурилын үйлдвэрт энэ зээл олгогддоггүй юм бэ.

Дөрвөн жилийн өмнө гурилын үнэ 1,065 төгрөг байсан. Харин өнөөдөр татвар тэглээд, бариад бариад 3,000 төгрөг дотор байна. Гэтэл бид энэ хугацаанд 212 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Гэвч гурилын үнэ дээр үр дүн гарсангүй.