Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…
4 цагийн өмнө
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа.
-Ардчилсан намын Их хурал нэлээд хугацаанд хуралдаагүй. Намын ҮБХ-ны хурал нь ч дүрмийн, дүрмийн бус гэх маргаантай байлаа. Та генсекийн үүрэг гүйцэтгэгч байхдаа Их хурлаа, ҮБХ-ны хурлаа маргаангүй хуралдуулчих шиг боллоо. Ер нь өнгөрсөн хугацааны маргаантай асуудлуудыг дахиж гаргахгүй байх чиглэлд ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Ардчилсан намын хурал бүхэн шуугиантай болдог гэсэн ойлголт нийгэмд байдаг. Тиймээс ч энэ сарын 7-ны өдөр болсон Ардчилсан намын 35 жилийн ойн Их хурал олон нийтийн ан хааралд байсан. Энэ нь Ардчилсан намын үйл ажиллагаа, үйл хөдлөл бүрийг нийгэм анхааралтай ажиглаж байгаа хэрэг. Хэн ч тоохгүй бол тоохгүй. Ардчилсан на мыг бол ажиглаж, анаж байна. Муу юм биш. Олон нийтийн зүгээс манай намыг илүү эв нэгдэлтэй, эрч хүчтэй, эрх баригч нам байхыг хүсдэг. Нөгөө талаасаа АН-д хариуцлага үүрүүлж, институтийн түвшинд ажиллахыг шаардаж байгаа хэрэг. Олон нийтийн зүгээс биднийг хэрхэн ажиллахыг зааж чиглүүлж байгаа үйл явц л даа.
-Та саяны Их хурлаар АН-ын албан ёсны Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Ардчиллыг дэмжигчид, намын олон мянган гишүүд Таныг ажиглаж, юу хийхийг хүлээж байгаа байх?
-Монголын улс төрийн гол намын Ерөнхий нарийн бичгийн даргаас цаг үе өөрөө маш их идэвх, үүрэг хариуцлага шаардаж байна. Ардчилсан нам амаргүй замаар явж ирлээ. Тэр бүгдийг нь нийгмийн зүгээс ил тод харлаа. Нэгэнт ийм нээлттэй намд миний хийх ажил эхнээсээ ил тод явагдах нь тодорхой. Тэр хэрээрээ шүүмжлэл, бас зөвлөгөө хүлээж авна. Мэдээж магтаал байхгүй нь бас тодорхой. Ажлын төлөвлөгөө гарсан, хөгжүүлэлт хийгдээд явж байна. Тухайлбал, намын Их хурлыг энэ жил багадаа хоёр удаа хуралдуулна. Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор намын дүрмийг бүрэн шинэчилж хуульд нийцүүлнэ. Тэрхүү дүрмийн шинэчлэлийн ажлын явц одоогоор 70 хувьтай явж байна. Удахгүй дуусгаж Их хурлаар хэлэлцүүлж Дээд шүүхээр шинэчилсэн дүрмээ батлуулна. Намын дүрмийнхээ шинэчлэлийн хүрээнд дотооддоо ч өөрч лөлтүүдийг хийнэ. Хоёрдугаарт, улс төрийн намууд хөтөлбөрөө шинэчлэх ёстой. Тиймээс үзэл баримтлал, үзэл санаандаа суурилсан нарийвчилсан хөтөлбөрийг боловсруулан батлуулж, иргэд олон нийтэд танилцуулна. Үүний ач холбогдол нь тухайн нам баруун төвийн үзэл баримтлалаар цаашид явах юм уу, эсвэл зүүн төвийн үзэл баримтлалтай байх юм уу гэдгийг илүү тодорхой болгох юм. Эхний ээлжинд ийм хоёр ажлыг барьж хийхгүй бол ерөөсөө болохгүй.
-Намын эв нэгдэл ямар байгаа вэ. Ажил хийх боломж хэрхэн бүрдэж байна?
-Одоо бол наад сэдвээ орхих хэрэгтэй дээ. АН дотроо угаасаа л маргалдаж байдаг. Зодолдож л байдаг. Шүүмжлэх хэсэг нь шүүмжлээд явна. Намын удирдлага зорьж төлөвлөсөн ажлаа хийгээд л явна. АН хагарч хугарах хэмжээний маргаан үүсэх вий гэдгийг бүгд харалгүй яах вэ. Яг тэр болгоомжлол бол аль ч улс орны, бүх намуудад байдаг зүйл. Энэ утгаараа намын эв нэгдэл анхааралд байна. Ер нь бол гишүүд, дэмжигч бүр улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжийг хангах асуудал шүү дээ.
-Их хурлаа хийхэд намын уур амьсгал ямар байсан бэ. Маргалдахаас илүүтэй бид одоо ойлголцох, нэгдмэл эрх ашигтай явахгүй бол улс орон эвгүйтэх нь гэсэн мэдрэмжтэй байцгаана уу?
-Ардчилсан нам 35 жилийн өмнө байгуулагдахдаа Монголын нийгмийн тогтолцоонд цоо шинээр нэвтрүүлсэн үнэт зүйл нь хэнээс ч айлгүй үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг авчирсан явдал. Энэ эрх чөлөө хэвээр байгаа гэдэгт би итгэлтэй л байгаа. Ийм үнэт зүйлийн төлөө намын үйл ажиллагаа, хурлууд маргаан мэтгэлцээнтэй, тэр нь нийгэмд ил тунгалаг өрнөдөг. Би энэ нээлттэй байдалд дургүй биш. Зарим талдаа гоё л харагддаг. Хэн нь ямар байр суурьтай байгааг харах нь. Ард түмэн, сонгогчид басчиг ухаантай, өөрсдийн шүүлтүүртэй. Ер нь бол монголчууд юм үзэж, нүд тайлчихаад байна шүү дээ. Яахав, АН-ыг МАН-тай харьцуулж хардаг. Аливаа бодит үнэн харьцуулалтын дүнд л тодордог. Түүнд нь нийгэм сортосхийдэг. Өнөөдрийн улс төрийн гол тоглогч болох энэ хоёр намын соёл, үзэл санаа, үнэт зүйл газар, тэнгэр шиг ялгаатай. Бие биенээ нөхөж явах нь Монгол Улсад хэрэгтэй. МАН дангаар ноёрхосон өнгөрсөн жилүүдэд ямар их алдаа гарсныг одоо бид харж байна. Манай намын зарчим бол шүүмжлэлийг өрнүүлэх ёстой. Шүүмжлэхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин хатуу хянаж, цагдах ёсгүй. Гол нь олонх шийдвэр гаргасан бол бусад нь шийдвэрийг дагах. АН-ын үндсэн зарчим ердөө энэ. Бас нэг зүйлийг онцгойлон хэлье. Үе үеийн АН-ын дарга нар, генсекүүдийн амнаас дотоод эв нэгдэл гэдэг үг улиг болтол гарсан. Одоо больё.
Тос усаараа хангалттай ялгарсан. АН-ын зүгээс ажил хийж, идэвхтэй хөдлөх бүрт дотроос нь сөргөөр ярьж, АН-ыг гутаан доромжилдог, нийгэмд муухай харагдуулах ажлыг гайхамшигтай хийдэг хэсэг хүмүүс бий. Тэд уг нь ардчиллын буянаар, АН-ын нэр нүүрээр амьдрал ахуйгаа, ажил төрлөө өнгөрсөн 30 жилд хангалттай сайхан авч явсан. АН-ын, ардчиллын буян хишиг тэдэнд үеийн үед тогтоосой гэж л залбирдаг. Тэд АН-ыг гутаан доромжлох ажлаа хийдгээрээ хийгээд явна биз. Тэр нь нээлттэй, харин өнөөдрийн АН-ын бүтэц хийх ёстой ажлаа хийгээд цааш явна. Энэ бүгдийг АНын мянга мянган гишүүд хэдийнэ ялгаж салгаж хардаг болсон. Маш товчхондоо энэ. Ингээд энэ сэдвийг орхиё. Би ямар хэрүүл хийх гэж энэ намд ирсэн биш. Ярих цагт нь л ярья.
-Саяны Их хурлаас анзаарагдсан нэг зүйл бол АН-д бусад улс төрийн хүчнүүд нэгдэх, нийлэх процесс явагдав уу?
-АН-тай ижил үзэл баримтлалтай, манай намаас салж гарсан ШИНЭ нам буцаж нэгдэх хүсэлт тавьсан. Үүнийг Их хурлаар хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцсэн. Мэдээж цөөнх шүүмжлэл, саналаа чөлөөтэй хэлсэн. Ингээд эцэст нь олонх буюу 99 хувийн саналаар хүлээж авах шийдвэр гаргасан. Ийм процесс цаашид үргэлжлэх юм билээ дээ. Тарж бутрах нь миний гадарлах Монголын түүхэнд сайныг авчраагүй. Нийлж нэгдэх, нэг талдаа гараад улс орны хувь заяаг ярилцах нь Монголын улс төрд сайн л гэж бодож байгаа. ШИНЭ намаас гадна Монголын либерал нам манайд нэгдэх хүсэлтээ өгсөн. Саяхан болсон ҮБХ-ны хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Учир нь бичиг баримтаа бүрэн өгөөгүй байсан. Тиймээс бичиг баримтыг нь бүрэн аваад үүнийг олонхоороо хэлэлцэж шийдэх саналыг тавьсан. Цаашид либерал үзэл баримтлалтай намтай нэгдэхэд болохгүй зүйл байхгүй. Хэт зүүний үзэл баримтлалтай, халамжийн бодлогоор угждаг, бүтээлч бус намуудтай мэдээж нэгдэхгүй. Үүнийг манай Их хурлын гишүүд ч дэмжихээргүй юм билээ.
-Одоо АН-ын зүгээс хийж хэрэгжүүлэх томоохон ажлууд юу байна. Гишүүд, дэмжигчид тань хүлээж байгаа?
-Тавдугаар сарын 10-наас эхлэн намынхаа шинэ хөтөлбөр, шинэчилсэн дүрмийн төслийг 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын оролцоог хангаж, хэлэлцүүлнэ. Бүх гишүүдийн оролцоог хангаж ажиллах зорилго тавин ажиллана. Улс орон даяар намын гишүүд, дэмжигчдийнхээ саналыг нь авч, тусгана.
-Өнгөрсөн найман жилийн хугацаанд АН-ын гишүүд төрд ажиллах нь хязгаарлагдмал явж ирлээ. Жишээ нь, өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр Ховд аймагт АН ялалт байгуулсан ч өөрсдийн багаар ажиллах боломжгүй байгааг тус аймгийн иргэд ярьцгааж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Улс төрийн сонгууль бүрийн ард тулгардаг асуудал болчихлоо. Яагаад АН-ын гишүүн гэхээр шахалт хавчлаганд ордог болчихсон юм. Ялангуяа аймаг орон нутгуудад. Би үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Хаа байсан Ховдын Булган сумын дунд сургуулийн багш, АН-ын гишүүн нэгний хувь заяа ч надад, намд хамаатай. Санаа тавих ёстой. Би анхаарлынхаа гадна өнгөрөөхийг хүсэхгүй. Ингэхгүй бол болохгүй болчихсон юм билээ. 20122016 онд Ардчилсан нам төрийн эрх бариад буусны дараа МАН 7000 орчим төрийн албан хаагчийг “Ардчилсан намынх” гэсэн нэрийн дор халсан. Үүний араас залгуулаад Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, шалгуурыг өндөр болгосон. Тухайлбал, 15 жил төрд ажиллаж байж төрийн захиргааны албыг хашна гэдэг ч юм уу. Энэ нь хоёр талтай хууль болсон. Сайн тал нь, төрийн албан хаагчдын ажлын байрыг баталгаажуулж өгсөн. Нөгөө талаас төрийн албыг чадавхгүй болгосон. Хуулиар хамгаалагдсан төрийн албан хаагч “Энэ хүн тэртэй, тэргүй намайг ажлаас халж чадахгүй юм чинь” гэсэн хандлагаар ажлыг оромддог байдал бий болсон. Засгийн газрын болон Монгол төрийн чадамж суларсны нэг шалтгаан бол Төрийн албаны тухай энэ хууль. 7000 албан хаагчийг халж өөрийн намын хүмүүсийг томилсныхоо дараа хуулиа чангалаад, найман жил дангаар засаг барихдаа чадамжтай эсэх нь хамаагүй АН-ын гэсэн болгонд төрийн албанд ажиллах хаалтыг тавьснаар өнөөдөр АН-ын боловсролтой, чадамжтай залуус төрийн албаны зохих түвшинд ажиллах боломжгүй болчихоод байна. Тухайн хүний мэдлэг боловсролоос үл хамааран МАН-ын бодлого, Төрийн албан хаагчийн тухай хуулиас үүдэж маш олон залуус хохирч байгаа. Төрийн ажил дунд, доод шатанд хийдэх, цалгардах асуудал ч үүнээс эхлэлтэй. Өөр даргын үед ажилд орчихсон, ажлын байрыг нь хуулиар хамгаалчихсан үед эс үйлдэхүйгээр даалгасан ажлыг нь гүйцэтгэл муутай удаах, гацаах асуудлууд гарч байна. Үүнийг иргэд төрийн үйлчилгээ авахдаа хамгийн тодоор мэдэрдэг болов уу. Тиймээс тухайн аймаг, сумын ИТХ, Засаг дарга нар өөрийн багаа бүрдүүлэх нь зөв юм билээ. Тодорхой хугацааны дараа багаараа ажлын үр дүнгээ шалгуулах учраас ажлын бүтээмж, үр дүн гаргах эрмэлзэл хол илүү байна.
-Хамтарсан Засгийн газар анх байгуулагдахад намын гишүүд дэмжигчид ямар байр суурьтай байсан бэ. Одоо намын гишүүдийн байр суурь хэр өөрчлөгдөж байна вэ?
-Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг манай намын ҮБХ гаргасан. ҮБХ бол АН-ын төлөөллийн төв байгууллага. Мэдээж эсэргүүцсэн, дэмжсэн санал аль аль нь байсан. Гэхдээ олонхын шийдвэрийн дагуу Хамтарсан Засгийн газарт орсон. Орсон шалтгаан нь нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашгийг нэгт тавья. Сөрөг хүчний байр сууринаас хандсан он жилүүдэд Монголын ард түмэн, Монгол Улс л хохирч үлдлээ. Тиймээс улсын хөгжлийг урагш чирэхийн тулд улстөрчдийн галтай гэж халгаад орхидог томоохон мега төслүүдийг хэрэгжүүлье, эдийн засгаа өсгөе гэсэн үүднээс энэ шийдвэрийг гаргасан. Учир нь УИХ-ын сонгуулиар АН-ыг эрх бариулах эрмэлзэл иргэдэд их байлаа шүү дээ. Өнгөрөгч сонгуулиар Ардчилсан нам нийт саналын 40 гаруй хувийн саналыг авсан. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, АН-ын 2025 онд дэвшүүлсэн “Эв нэгдлээс институц” гэсэн зорилт, уриаг дан ганц намаар гэж харахаас илүү олон нийт, гишүүд дэмжигчид маань улс орны хэмжээнд хараасай. Бид улс, үндэстнээрээ нэгдмэл байх цаг үед ирчихээд байна. Геостратеги, геополитик, геоэдийн засгийн өөрчлөлт, сорилтын өмнө Монгол Улс зогсож байна. Ийм хүнд цаг үед Монголын төр, монголчууд нэгдмэл байхгүй бол гадаад орчин ямар бэрх байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих нь энэ улсад амьдарч буй хүн бүрийн үүрэг болсон. Эдгээр үгс сүртэй, хэт том сонсогдож болно. Гэтэл үнэндээ цаашдын хувь заяагаа, төрж өссөн эх орноо хүн бүр л бодож байх тийм ээдрээтэй дэлхий ертөнцөд амьдрал өрнөж байна.
-Хамтарсан Засгийн газар дахь АН-ын сайдууд сүүлийн үед олны шүүмжлэлд их өртөж байна. Та үүнийг хэрхэн харж байна?
-Ардчилсан нам Хамтарсан Засгийн газарт орсноосоо хойш хамгийн галтай, хамгийн ширүүн сэдвүүдийг барьж авч байна. Засгийн газарт түвэгтэй асуудлуудыг оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх гол ажлыг хийж байна. Тиймээс шүүмжлэлд өртөж байна. Шулуухан л хэлье. АН-аас сонгогдсон сайдууд л үүнийг хийнэ. Өөр тэгээд хэн хийж чадна гэж. Тийм болоод Ерөнхий сайд хуваарилж байгаа шүү дээ. Манай намаас томилогдсон сайд нараас гоншигнож байгаа хүн байна уу. Байхгүй л байгаа биз дээ. АН-ын гишүүдийн бас нэг чанар энэ. Энэ талаас нь би харж байгаа. Энэ үнэнийг хараасай гэж хүсч байгаа. Төр засгийн нэгдмэл шийдвэрийг хүлээн авч, асар их гал өөрөө дээрээ авч, Монголын эдийн засагт өндөр ач холбогдолтой төслүүд, хууль эрх зүйн шинэчлэлүүд дээр махаа зулгааж яваа АН-ын гишүүн хэдэн сайдаа намын зүгээс дэмжиж, шулуухан хэлэхэд, өмгөөлж хамгаална. Үүн дээр бөөрөнхийлөх юм байхгүй. Нөгөө талдаа АН тэднээс хариуцлага бас нэхнэ. Улс төрийн зорилгоор хувь улстөрч рүү нь чиглүүлэх, гаргасан жижиг алдааг нь уулын чинээ болгож нэр хүндийг нь гутаах үйлдлүүд гарч байна. “Уг нь ч манай яамны харьяалах асуудал мөн л дөө, гэхдээ хэл амтай юм байна, би шившиг болох юм байна” гэж өмнөх сайдууд шиг, найман жил эрх барьсан нам шиг бэртэгчин зан гаргаж болохгүй. Тийм хөгийн чанар манай намын улстөрчдөд байхгүй. Асуудлыг нийгэмд ойлгуулах, шаардлагатай бол олон түмнээр хэлэлцүүлэх, эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Процесс бол ийм энгийн, тодорхой. АН засагт байгаа тохиолдолд нэг эрх мэдэлтэн юм уу, нэг хэсэг бүлэг хүний дур зоргоор шийдэгддэг асуудал гэж энэ улс оронд байхгүй. Даанч өмнөх улстөрчид, улс төрийн хүчний бэртэгчин явж ирсэн байдал, хаяагаа манаж явсны уршиг өнөөдөр АН-ын сайдуудын ажилд сөрөг үр дагавар авчирч байна. Манай намын гишүүд дэмжигчдийн зарим нь Хамтарсан Засгийн газар АН-д хамгийн галтай асуудлуудыг бариуллаа гэж дургүй байх шиг байна. Энэ асуудал биш. Эргээд харахад асуудлын ард АН-ын сайдууд гарч чадсан байвал ялалт. АН-ын хувьд их үнэ цэнэтэй зүйл. Тэр хүртэл ихийг үзэж туулах байх. Их ч хэлүүлэх, шүүмжлүүлэх байх. Тэсч гарах л хэрэгтэй. Яагаад өмнөх улстөрчид, сайд нь ингэж адлуулдаггүй байсан юм. Сонгуулийн цикль харж ажлаа хийдэг. Асуудлыг шийдвэрлэхийг хүсдэггүй. Асуудлаа УИХ, Засгийн газарт оруулж хэлэлцүүлж чаддаггүй байсных. Аль болох нууж хааж, олон нийтийн хэлэлцүүлгээс холуур шийдэж ирснийх. Үүний нэг жишээ бол, Монгол Улсын ирээдүйн хувь заяатай холбоотой томоохон төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гуравхан хүн л хэлэлцэж, шийдвэр гаргаж, оффтейк гэдэг нэрээр нууцад оруулдаг байсан явдал. Энэ бол тун саяхны үйл явц. Тэр үед өнөөдөр тодроод байгаа нөхөд бүгд дуугүй өнгөрдөг, олон нийт мэдээлэлгүй хоцордог байсан. Гэтэл тэр нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүд байжээ. Үүнийг АН өөрчилсөн. УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд өнөөдөр асуудлыг олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, анхааралд оруулж байна. Засгийн газарт байгаа манай намын сайд нар бүх асуудлыг хэлэлцэх дэг горимынх нь дагуу оруулж, Үндсэн хуулийн зарчмын дагуу хэлэлцүүлээд эхэллээ. Энэ нь нийгэмд давлагаа үүсгэж байна. Жишээ нь, Евразийн хэлэлцээр, Ураны төсөл, сүүлийн үеийн бүх л галтай хуулиудыг АН-аас сонгогдсон сайд, гишүүд олон нийтийн хэлэлцүүлэгт орууллаа. Евразийн эдийн засгийн холбоо гэхэд гэнэт гарч ирээд нийгмийг донсолгоод байгаа юм биш. 2022 онд Эдийн засаг, хөгжлийн яам анх байгуулагдаж, тухайн үеийн сайд нь холбоонд элсэх асуудлыг санаачилсан. Би тэр үед УИХ-ын гишүүн байсан. Тэр үед энэхүү асууд лыг Засгийн газар нууцаар чимээгүй хийгээд байсан болохоос, УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирсэн сайд байгаагүй. Өнөөдөр Лу.Гантөмөр сайд төрийн залгамж халааны дагуу асуудлыг оруулж ирж байна. Үүний үр дүнд ард түмэн хэлэлцэн шүүж байна. Ардчилсан нийгэм, ардчиллын үнэт зүйл гэдэг энэ л биз дээ.
-Эрх баригчид ээдрээтэй асуудал бүрийг АН-ын сайдуудад хариуцуулж байгаагийн цаана 2027, 2028 оны сонгуулиа харсан улс төр гэсэн зарим нэгний үзэл бодлыг та өөрөөр харж байгаа юм байна, тийм үү?
-Танай манайх гэхгүйгээр асуудлыг хэлэлцүүлэх үүрэгтэй. Бид тэнэгтээдээ ч юм уу, зоригтойдоо ч юм уу гал гарсан асуудлыг аваагүй. Дээр хэлсэнчлэн, Монгол Улсын эрх ашгийн төлөө хамтарч шийдвэр гаргая гэж ойлголцсон. Түүнээс нэг удаа эрх мэдэлд хүрчихээд буухгүйн тулд юмны араар нуугдаж, хумсаа нуусан муур шиг явахыг нам л лав хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан нам засаг барилцаж байх үедээ Монгол Улсад эдийн засгийн реформуудыг хийдэг гэдгийг харуулах ёстой. Хамтарсан Засгийн газарт байгаа, ярихаас цаашгүй МАН-ын зарим сайд нарт хэлэхэд, найман жил засаг, төр барихдаа эдгээр асуудлуудыг явуулаагүй байж өнөөдөр битгий дүр эсгэ гэж хэлье. Тэнд гуравхан хүн оффтейк гэрээ байгуулахад дуугараагүй байж, өнөөдөр асуудлыг ил тод болгож, олны хэлэлцүүлэгт оруулж шийдэх гэхээр муухай үгээр дайрч, өөрсдийгөө тодруулах гэдгээ болих хэрэгтэй. МАН-ын сайд нарын үйлдэл дээр хэлгүй юм шиг царайлдаг. АН-ын сайд дээр галзуу юм шиг дайрч давшилдгаа болих хэрэгтэй. Ийм нөхдөөс болж ажил царцдаг. Үр дагавар нь улсын хөгжил, эдийн засагт сөргөөр нөлөөлж ирсэн.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогдоод байгаа “Төгрөг нуур”-ын асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хийсэн бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх их хүсэл эрмэлзэлтэй хүн. Магадгүй зарим асуудалд алдаатай зүйл байгаа бол хуулийн байгууллага шалгаж, хууль дүрмийн дагуу явах нь зөв. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад улс төрийн зорилгоор нэгнээ намнадаг байдал өмнө ч байсан, одоо ч байна. Манай нам байгуулагдсанаас хойших 35 жилийн хугацаанд АН-аас төрийн өндөр албыг хашиж байсан хүмүүс бүгд өөрсдийн цаг үедээ үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Тэдгээр хүмүүсийн хувийн алдаа дутагдлыг бид шүүдэг байгууллага биш. Үүнийг Монгол Улсын хууль шүүхийн байгууллага шүүнэ. Түүнээс намын өмнө, Монголын ардчиллын өмнө гүйцэтгэсэн гавьяаг бид хэзээ ч үгүйсгэж болохгүй. Элбэгдорж л гэнэ, Баттулга л, Баярцогт л гэнэ. Энэ хүмүүсийн тухайн үеийн манлайллаар Монголын ардчилал өнөөгийн түвшинд хүрсэн. Цааш яаж явах нь дараагийн үеийн үүрэг, туулах зам. Монголын улс төрийн тогтолцоонд нэг гажуудал бий болчихоод удаж байна. Өрсөлдөгч намынхаа өмнөх урдах бүх лидерийг нийгэмд “булшлах” гэдэг. Энэ нь АН-ыг, Монголын ардчиллыг, ардчилсан тогтолцоог дэндүү эрээ цээргүй харлуулж байгаа хэрэг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн ардчилагчдаас, либералчуудаас тэд дэндүү их айж байна. МАН улс төрийн соёл суух болоогүй бай на. Хувь хүний алдааг Мон голын ардчиллын алдаа мэт ойлгуулах гэдэг. Энэ бол буруу шүү. Энэ бол тусдаа ярих сэдэв. Удахгүй ярина аа.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Э.Мөнхтүвшин
Зочин · 51 минутын өмнө
ANUSDN80955877BOOBN VANAGLMAAR XXNO
Зочин · 4 цагийн өмнө
SEKSDN80955877