Д.Алтанхуяг: Төрийн концертод орохгүй гэл үү, битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн
6 цагийн өмнө
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-т үүсээд буй цаг үеийн асуудлаар тус театрын удирдлагын багийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тус театрын уран бүтээлчид байгууллагынхаа удирдлагуудыг огцруулах асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал зарласан билээ.
Тэгвэл өнөөдөр ийнхүү УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийлж, мэдээлэв.
Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсын хэмжээнд цорын ганц театр болох УДБЭТ-ын ирээдүйг өнөөдөр ярих гэж байна.
Анх 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд энэхүү театр маань үүд хаалгаа нээснээс хойш 75 жил өнгөрчээ.
Бид дэлхийн сонгодог урлаг хаашаа чиглэж байгааг анхаарч, хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай тулгарсан. Хуучны дүрэм журмаа сайжруулж, урагш хараад алхах стратеги төлөвлөгөөг 2028 он хүртэл гаргаад явж байна.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй гэдэг. Ардчилсан нийгмийн энэ үед үндсэн бүтэц маань бидэнд саад болоод байсан. Гэхдээ хэнийг ч халаагүй, нэг ч хүнд буруу өгөөгүй.
Менежментийг маш ухаалгаар оруулж ирж байгаа гэж удирдлагын багийнхан үнэлж байна.
Найрал дуу, гоцлол дуун хоёр анги нэг бол ойлгоогүй эсвэл цаашид илүү ойлгуулах нь чухал юм байна. Магадгүй тэдэнд ойлгуулаагүй алдаа дутагдал надад байгааг үгүйсгэхгүй.
Уран бүтээлчидтэйгээ илүү ойртож ярих ёстой юм байна. Гоцлол дуун ангигүйгээр дуурь гарах боломжгүй. Найрал дуун анги, хөгжимгүйгээр дуурь гарахгүй.
Тэгэхээр гоцлол дуун анги байгаа юу, байгаа. Гоцлол дуун ангийг устгах гэж байна гэсэн ойлголт огт байхгүйг нэмж хэлье.
Яг үнэндээ би ойлгохгүй байна. Яагаад манай Дуурийн театрын маань гоцлол дуун анги, найрал дуун анги хоёр ирээдүйгээ харахгүй байна вэ?
Нэг ёсондоо хуучнаараа байя, хөгжихгүй байя гэдэг ойлголтыг ард түмэнд төрүүлэх гээд байна" гэв.
"Уран бүтээлчид минь гуйж байна. Урдах ажлаа л хийчих"
Үргэлжлүүлэн "Театр маань 75 жил болж байхад их засварт нэг ч ороогүй. Бид нар урагш алхах уу, эсвэл байрандаа хий алхсаар байх уу?
Хий эргэх тусам тогтмол ус булингартай болдогтой адил. Харин ч ирээдүй рүүгээ нулимах тийм шинждээ орчихсон байгаад байдаг.
Сүүлийн 4-5 сарын судалгаанаас харахад
- Балетын орлого 87 хувь
- Дуурийн орлого 13 хувийг бүрдүүлж байна.
Дуурийнхан дуурийнхаа хөгжлийн төлөө ажиллах, анхаарах цаг болжээ.
Өчигдөр хэвлэлийн хурал хийж, санаа бодлоо хэлсэн нь зөв гэж харж байна. Гэхдээ ажлаасаа халагдсан хүн өчигдөр хэвлэлийн бага хурал дээр гол дүрд тоглож байна. Тэр хүн “хүүхэд харах хүнгүй” гээд өргөдлөө өгөөд урлагийнхаа төлөө яваагүй. Өргөдөл нь байгаа.
Анх орж ирэхдээ ийм аж ахуйн асуудалтай холбогдоно гэж үнэхээр бодсонгүй.
Бидэнд хийх ажил асар их байна. Гэтэл энэ асуудал хамгийн их цаг авч байна.
Өнгөрсөн хэдэн сар яамнаасаа ч шалгалт орууллаа. Авлигатай Тэмцэх Газраас ч шалгалт орж ирлээ. Өнөөдөр яах аргагүй ам нээж байна даа. Ярихгүй бол болдоггүй юм байна.
Нэг талаараа УДБЭТ хэтэрхий монополи болчхож, шууд утгаараа өрсөлдөгчгүй болжээ. Нөгөө талаараа яг бахь байдгаараа байгаад дасжээ.
Яг үнэнийг хэлэхэд би зарим хүнээс ичиж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг. Гоцлол дуучид битгий хөгжимчид, тайзны ажилтантайгаа барьц аа.
Та нар нэг гараад дуулахад хэдэн төгрөг авч байгаа бол. Энэ нууц биш байх. Хамгийн боломжтой нь байтал ийм юм ярьж байна гэхэд харамсалтай байсан. Тэгвэл дараагийн уран сайхны удирдаач хэн байх вэ, шийдлүүдээ гаргаж ир.
Уран бүтээлчид минь гуйж байна. Урдах ажлаа л хийчих.
Төрийн концертод орохгүй гэл үү. Тэгвэл битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн байна. Энэ чинь өөрөө өрсөлдөөний талбар шүү" гэж УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг ярилаа.
Зочин · 6 цагийн өмнө
одоо дуурийн тёатр хөгжих цаг болсон шүү дэлхийн түвшинд сэтгэж сурах хэрэгтэй дээ хэрүүл ам хийж байгаа хуучин мангаруудыг халаач дээ Тэр Уянга авгай дандаа хов жив хийж явдаг ямар муухай хүн вэ залйлуулаач дээ тэр авгайгаар монгол дутав гэж үү дээ