16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон. Тус хэргийн амь хохирогч болох 16 настай охины хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Солонготой ярилцлаа.


Олны анхаарлыг татаад байгаа онц ноцтой гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Хэргийг прокурорт буцаасан гэсэн. Яагаад буцаасан талаар ярихгүй юу?

-Тус хэрэгт 16 настай хохирогч охины хууль ёсны төлөөлөгчөөр Ч.Болд өмгөөлөгчийн хамт ажиллаж, түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14 буюу “Хэрэг бүртгэл , мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан тухай гомдол”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 буюу “Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” хүсэлтийг тус тус гаргаж оролцсон. Урьдчилсан хэлэлцүүлгийн үр дүнд өмгөөлөгчийн гаргасан хоёр хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг үйлдэхэд хэн хэрхэн хамтран оролцсон гэх мэт хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, дутуу ажиллагаа хийсэн гэж шүүх дүгнэсэн. Нийтийн сүлжээнд яваад буй яагаад хэргийг буцаах болсон бэ гэдэг шалтгаан нь 2025 оны нэгдүгээр сард урьдчилсан хэлэлцүүлгийг өмгөөлөгч миний хүсэлтээр хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд нэмж юу хийлгэх гээд байна вэ гэвэл тухайн үед хүн алахад хамт байсан хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ гэдэг асуудал үүссэн. Ер нь тухайн цаг хугацаанд байсан бүх хүний үйлдэл тус бүрд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхийг шүүх шаардсан. Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байхад яагаад туслахыг хүсэхгүй байна вэ. Туслаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэдэг асуудлыг тавьсан. Тэр хүмүүсийг айгаад, айсандаа болоод туслаагүй гэдэг асуудлыг прокурор яллах дүгнэлт оруулж ирэхдээ “хохирогч” гэж оруулж ирсэн. Хохирогч гэдэг нь эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон хүнийг хэлдэг. Энэ нь үнэхээр шударга биш байна гэдэг шаардлагыг л нэг жилийн хугацаанд шаардсан.

Энэхүү хэрэг нэг жил гаруйн өмнө гарсан байдаг. Гэтэл яагаад гэнэт одоо ингэж гаргаж ирэх болов оо гэдэг асуудал олны дунд үүсээд байгаа шүү дээ?

-Энэ хэрэг 2024 оны зургадугаар сард гарсан хэрэг. 2025 оны есдүгээр сар хүртэл яагаад нийтэд дэлгэгдээгүй вэ гэвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдсэн баримт мэдээлэл, төрийн болон албаны нууцыг задруулж болохгүй баталгаа гэж байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс, мөн өмгөөлөгчийн зүгээс тэр баталгааг л барихыг хүссэн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр, хуулиа баримталж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэл зорилготой байсан учраас хэрэг дотор байгаа баримтаа бусдад дэлгэхийг хүсээгүй юм. Бид хуулиа биелүүлсэн, хуульд итгэсэн. Гэтэл анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд “Дахиад энэ хоёр хүний үйлдэл оролцоог шалгаад, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай” гэж хоёр удаа буцаасан. Прокурор нэмэлт ажиллагаа хийсэн гэх баримтаа өмгөөлөгч надад танилцуулаагүй, хангалттай ажиллагаа хийгээгүй байсан учраас танилцуулаагүй. Прокурор эс үйлдэхүйгээрээ энэ хоёр хүнийг дэмжээд байгаа юм шиг үйлдэл гаргасан.

Ээжийн сэтгэл зүйн байдал их хүнд байсан байх?

-Хохирогчийн ээжийн тухайд “Би тэр хуулийн заалтаас чинь айхгүй ээ” гээд үнэхээр арга нь барагдсан. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа, олон нийтэд мэдээлэхийг хориглодог, энэ бол онц харгис үйлдэлтэй хэрэг гэдэг шаардлагыг тавьж байсан. Гэтэл хохирогчийн ээжийн тухайд “Би хүүхдээ өнгөрөхөд аль хэдийнэ хамт үхсэн хүн, би угаасаа тэр шоронд чинь орсон хүн шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед надад хэлэх үг олдоогүй. Тэгээд есдүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Бас миний үйлчлүүлэгчийн “Би нийтэд хандана, ард түмэндээ прокуроруудын үйлдлийг дэлгэнэ гэсэн” хүсэл зоригт юу нөлөөлсөн бэ гэвэл шүүхээс хурлын тов зарласан. Ингэж ярихдаа 8 өмгөөлөгчийн шүүх хурал давхцаагүй байна, ганцхан танай өмгөөлөгчийн хурал давхацсан гэдэг агуулгаар ярьсан байна лээ. Олон нийтэд би мэдээлэл өгөхдөө энэ тухай хэлсэн. Нэгдүгээрт, энэ хүн хуульч биш. Хоёрдугаарт, хүүхдээ алдсанаас хойш энэ хүний сэтгэл зүйн байдал үнэхээр хүнд байгаа. Энэ нэг жилийн хугацаанд бид хоёр хамтарч ажиллаж байхад хэд хэдэн удаа хямарч, ажлаа хүртэл хийж чадахгүй үе гарсан. Би энэ бодит байдлыг л үнэнээр нь хэлсэн.

Хохирогчийн ээжийн олон нийтийн сүлжээнд тавьсан зураг нийтийг үнэхээр цочирдуулсан л даа?

-Тэр зураг бол нэгээхэн хэсэг нь. Тэрнээс аймар зураг бий. Хавтаст хэрэгт байгаа баримтын хамгийн гайгүй хэсэг нь. Тэрийг хараад байж болох үзэгдэл үү гэж нийгэм цочирдож байна. Тийм хүний хажууд цай уугаад сууж байна гэхээр хэлэх үг олдохгүй байна. Зүгээр л боогоод алсан юм шиг яриад байна гэж манай үйлчлүүлэгч гомдоод байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “Гэмт хэрэг үйлдсэн хүн нэг бүрийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл хохирогчийн ээжийн хүссэн асуудал нь “Энэ хоёр хүний үйлдэл оролцоог хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд шүүхэд шилжүүлж өгөх” байсан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хуулийн дагуу хүсэлт, гомдол гаргах замаар зохих байгууллагад нь уламжилсаар ирсэн. Гэтэл прокурор “Энэ хоёр хүнийг яллахгүй ээ, энэ хоёр хохирогч юм” гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн анх намайг өмгөөлөгчөөр авахаасаа өмнө прокурортой уулзаад мөрдөн байцаах газарт гомдлоо өгөх гээд явж байтал байцаагч нь “Таны гомдлыг хүлээж авахгүй” гээд буцаасан. Ядаж шалгаад буцаасан байж болно шүү дээ. Цөхрөнгөө бараад, уйлаад ороод ирсэн хүнд би эх хүний хувьд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлье гээд өнөөдрийг хүртэл бид хоёр шат шатанд нь гомдлоо гаргаад, хүлээсэн. Энэ нэг жилийн хугацаанд үнэхээр хүнд байсан. Гэтэл намайг “Чи үйлчлүүлэгчээ сэтгэцийн өвчтэй юм шиг нийтэд зарлаад байна” гэсэн. Намайг өнөөдөр энэ хэрэг дээр яаж ажилласныг миний үйлчлүүлэгч л дүгнэнэ. Тэгэхэд намайг нөгөө талд ажиллаж байгаа өмгөөлөгч гэж ярьж байна. Би өөрийгөө өмгөөлж байгаа юм биш. Уг нь би өчигдөр (уржигдар) прокурорт хэргээ буцаагаад ажлаа хийчхээд гарч ирж байгаа шүү дээ. Гэтэл ажлаа хийгээгүй өмгөөлөгч болоод хувирчихсан.

Та олон нийтэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Хүүхдийнхээ төлөө үнэн зөвөө олох гээд явж байгаа эх хүний сэтгэлийг ямар нэгэн улс төрийн зорилгоор, мөнгө олох хэрэгсэл гэж ярьж байгаад үнэхээр зүрх өвдөж байна. “Энд байгаа хүмүүсийн үнэн зөвийг олж байж би охиныхоо сүнсийг амраана” гээд ээж нь уйлаад л явж байна. Хүүхдийнхээ үхэлтэй эвлэрч чадахгүй зовж байгаа эх хүний зовлон дээр зовлон нэмж болохгүй ээ. Сүүлд нь хэлэхэд, энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаа.

 

Г.БАЛГАРМАА