Өнгөрсөн онд монголчууд бид төрөлт нэмэгдэж, нас баралт буурснаар хүн амын цэвэр өсөлт оргил жилдээ хүрсэн сайхан мэдээтэй шинэ оноо угтсан билээ. Гэтэл иргэдийг үнэн, зөв мэдээллээр хангах эрх, үүрэгтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудын зарим нь болох “Time.MN”, “Medee.mn” сайтууд нь 2014 оны 1-р сарын 15 өдрийн “ Нялхасны эндэгдэл өсчээ”, 1-р сарын 16 –ны “Нярайн болон 1-5 насны хүүхдийн эндэгдэл 2013 онд өссөн байна” гэсэн буруу ташаа мэдээлэл, бодит байдлыг зориудаар мушгин гуйвуулсан нийтлэлүүдээрээ нийгмийн хариуцлага алдаж, ёс зүйн ноцтой алдаа гаргасныг мэдэгдэж байна.

 Олон улсын жишиг, стандартаар хүүхдийн эндэгдлийг хэзээ ч, хаана ч бодит тоогоор, хувиар гарган илэрхийлдэггүй бөгөөд 1,000 амьд төрөлтөд хэдэн хүүхэд эндсэн тоогоор буюу промиль гэсэн хэмжигдэхүүнээр хэмждэг. Манай улс ч энэ үзүүлэлтийг олон улсын аргачлалын дагуу тооцож ирсэн ба өнгөрсөн 2013 онд 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 14,6 промиль болж 2012 оны үзүүлэлтээс 0,7 промилээр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2013 онд 0,6 промилээр тус тус буурсан. Түүнчлэн сүүлийн 10 жил эх, хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байгаа Төв аймгийн Баянчандмань сумын тухай ярьсан мэдээг улсын хэмжээнд гэж ташаагаар ойлгон түүнийгээ олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлийг ашиглан удаа дараа гуйвуулан мэдээлж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлж салбарын нэр хүндэд сөргөөр халдаж байгааг эрс эсэргүүцэж байна.  

 Хэвлэл, мэдээллийн байгууллага, ажилтны ёс зүйгүй, хариуцлагагүй, мэдлэг чадварын хомсдлоос болсон буруу, худлаа мэдээлэлүүд нь салбарын олон мянган эмч, ажилтны урам зоригийг мохоож, олны төлөө гэсэн итгэл, зүтгэл, ажил, үйлсийг нь харлуулах ноцтой үр дагавар авчирч байгааг та бүхэнд анхааруулан мэдэгдэж байна. Иймд нийгмийн хариуцлагаа уландаа гишгэж, ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргасан “Time.MN” сайт, сэтгүүлч Т Жанерке, “Medee.mn” сайт, сэтгүүлч Э. Номин нараас ташаа мэдээллээ залруулж, эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж буй эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдаас уучлал гуйхыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд эрүүл мэндийн салбар, түүний ажилтануудын нэр хүндийг зориудаар унагаах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан ташаа мэдээлэл тарааж, тэдний нэр төрд халдсан үндэслэлээр хууль хяналтын байгууллага, мэргэжлийн ёс зүйн хороонд хандах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

  

Эрүүл Мэндийн Яамны Хэвлэл мэдээллийн алба

 2014-01-16