Хуучны "бор" формоо орчин үеийн "шинэлэг" өнгө төрхтэй дүрэмт хувцасаар өнгөрсөн оны хичээлийн жилээс эхэлж сольсон.

Энэхүү сурагчийн хувцасны шинэчлэлт нь олон асуудлыг араасаа дагуулаад авсан. Тухайлбал, хувцасны чанар муу, материал нь бидний хэлж заншсанаар бөөсөрсөн. Нэг айлын олон хүүхэд ЕБС-д сурдаг учраас эдийн засагт хүндрэл учруулж, хэт өндөр үнэтэй худалдаалагдаж байна гэх шүүмжлэлийг хичээл таран тартал араасаа дагуулсан.

Энэ асуудал хичээл цуглах дөхөхөөр дахин сөхөгдөж эхэллээ. Эцэг эхчүүд төлбөрийн чадвараас хамаарч хүүхэдтэй иж бүрэн хослолыг сонгож чадахгүй байгаагаа дуулгасан юм.

Улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд 510100 орчим сурагчид суралцах юм байна. Шинээр I ангид 60 мянган сурагч элсэн суралцах нээ. 2013-2014 оны хичээлийн жилд 497,000 сурагчийн 38 хувь болох 189000 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдсан байна. Энэ жил 186104 сурагч шинээр захиалга өгсөн аж. Улаанбаатар хотод 95007 сурагч, хөдөө орон нутагт 91097 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх юм байна. Энэ хичээлийн жилд 73,5 хувь болох 375104 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх аж. Харин эцэг, эхчүүдийн зүгээс хамгийн их гомдол дагуулж буй үнийн асуудалд хүмүүс өөрсдийн байр сууриа олон талтай илэрхийлж байна.

-Дүрэмд хувцасны үнийг тойрсон асуудалд эцэг, эхчүүдийн байр суурь-

Нэгдүгээрт,  Зарим эцэг эхчүүд энэ жилийн сурагчийн дүрэмт хувцсыг хэтэрхий өндөр үнэтэй байна гэж үзэн, худалдан авахгүй байхыг уриалж байсан. Тэд “Эцэг эхчүүдийн түр хороо” байгуулан, хамтдаа тэмцэж, хямд үнээр чанартай бараа худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд авсан удаатай. Тэдний ийнхүү эсэргүүцлээ санхүүтэйгээ холбон тайлбар хийсэн. Учир нь олон хүүхэдтэй эцэг, эхчүүдэд эдийн засгийн хүндрэлтэй тулгардаг гэдгээ хэлж байсан бол өнөө жил ч мөн адил.

Хоёрдугаарт, Дүрэмт хувцастай байх нь зөв ч гэлээ. Өндөр үнэтэй дүрэмт хувцас нийлүүлэгдсэнээр баян ядуугийн ялгаа улам ихээр гарах болно гэж үзсэн. Учир нь энэ хувцсыг өмссөн хүүхдүүд нь баян харагдаж, харин дүрэмт хувцас худалдаж аваагүй хүүхдүүд нь ядуу харагдах магадлалтай болчихоод байна хэмээн дургүйцэх хэсэг хүмүүс байна.

Гуравдугаарт, Эцэг эхчүүд уул нь нийтээрээ нэг ижил загвартай дүрэмтэй хувцастай болж байгаа нь сайн хэрэг. Ингэснээр санхүүд ч хэмнэлт гарч ирж байна. Тухайлбал, олон янзын хувцас авахгүй. Яахав нэг удаа гүрийж байгаад үнэтэй гээд байгаа дүрэмт хувцсын аваад өгчихнө. Тэгээд л бол оо. Харин жигдэрсэн нэг хувцасгүй болохоор хүүхэд өдөр болгон өөр өөр хувцас өмсөх гээд байдаг талтай хэмээн нэг хэсэг нь дүрэмт хувцсыг худалдан авахдаа нэг их дургүйцэхгүй хүлээж авч байх юм.

Дөрөвдүгээрт, Энэ хүмүүсийн үнэтэй гээд байгаа сурагчийн формыг эцэг, эхчүүд найз нөхөдтэйгээ нэг удаа шоудаж, хоолонд орж, кароаке  орон дуулж хуурддаг мөнгөө хэмнэхэд л болно. Ийм зүйлээс мөнгөө харамладаггүй байж хүүхдээсээ мөнгөө харамлахгүй хэрэггүй гэв.

Тавдугаарт, Архи тамхинд харамладаггүй мөнгөө хүүхдээсээ харамлаж байна гэх үнэн бөгөөд хатуухан үгийг хэлэх хүмүүс олон байна.

Дүрэмт хувцасны үнийн талаар нийгмийн байр суурь олон талтай байгааг та дээрхээс харж байна. Мэдээжийн хэрэг аливаа зүйлд хөрөнгө оруулалт хийхдээ өнөөдрөө биш, маргаашаа харах нь зүйн хэрэг байх. Тийм болохоор нийтээрээ нэг шинэ зүйл хийж бүтээх, оруулж нэвтрүүлж ирэхэд нь шүүмжлэх нь зөв ч гэлээ. Хааяа даа, маргаашаа бас харж, бодож үзэж байж үнэлэлт, дүгнэлтээ өгч байя.

Нөгөө талдаа иргэдийн  амьдрал хүнд, цалин бага байхад энэ үнээр хүүхэддээ дүрэмт хувцас авна гэдэг боломжгүй зүйл мэт санагдаж буй нь зүйн хэрэг. Тэр тусмаа ерөнхий боловсролын сургуульд сурдаг олон хүүхэдтэй айлд бүр ч хүнд тусах нь тодорхой. Гэхдээ нэг хчиээлийн жилд аваад өгчихсөн байхад 2-3 жил өмсчихнө.

                      -Дуураймал дүрэмт хувцас, жинхэнэ дүрэмт хувцас хоёрын ялгаа-

Дээрх асуудлын хажуугаар бас мөнгө угаагчид бий. Үүний нэг нь "хуурамч" буюу дуураймал хувцас. Жинхэнэ дуураймал хоёрын ялгаа нь материалаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, дуурраймал цамц жинхнээ бодвол материал, загвар, өнгөний хувьд ялгаатай. Жинхэнэ нь 70 хувийн хөвөн даавуун материалтай, цагаан цэнхэр өнгөтэй бол хуурамч нь 100 хувь полистер материалтай бөгөөд цэнхэр өнгөтэй. Мөн ханцуй болон хүзүүний дотор хэсгийн оруулга нь тэс өөр. Жинхэнэ цамцны оруулга нь 100 хувь хөвөн даавуун материал бол дуураймлынх нь нимгэн эрээн даавуугаар хийжээ. Харин “Нарантуул” захын нэг лангуун дээр сурагчийн дуураймал дүрэмт хувцас зарж байв. Тэнд бага ангийн эрэгтэй сурагчийн хувцсыг 40 мянган төгрөгөөр худалдаж байсан бол дунд ангийн охины формыг 60 мянган төгрөгөөр худалдаж байх жишээтэй. Өнгө, загварын хувьд төстэй хэдий ч хуурамч гэдэг нь материалаар нь танигдаж байгаа гэдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй.

Сурагчийн дүрэмт хувцасанд шинээр нэмэгдсэн зүйл гэвэл, лого. БШУЯ-ны зөвшөөрлөөр зүүн энгэрт нь "ЕБС" гэсэн лого хаджээ. Харин дуураймал хувцсанд ийм лого байхгүй байгаа юм. 

Эх орондоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцас нь эдэлгээ сайтай, дулаан байна хэмээн зарим эцэг, эхчүүд ам сайтай байлаа. Ямартай ч бяцхан үрсээ дүрэмд хувцасгүй хичээлд нь явуулна гэдэг аав, ээжүүдийн хувьд хүндхэн. Тиймээс өөрсдийн хөдөлмөрөө урсган байж олсон мөнгө зөв зохистой зарцуулж, дуураймал хувцасны хямдыг бодож авах хэрэггүй гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

Х.Даваа