-Одоо ч ардын багшдаа итгэнэ шүү-

“Эмч нар хүнийг нэг нэгээр нь алдаг бол багш нар анги ангиар нь алдаг” гэсэн онигоо бий. Гэхдээ инээдэм гэдэг эмгэнэлийн хольцтой л зүйл. Саяхан багш мэргэжлээр төгсөгчдийг бухимдуулаад авсан нэг үйл явдал боллоо. Энэ бол их, дээд сургуулийг багш мэргэжлээр өнөө жил төгссөн болон өмнө нь төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаагүй. Аль эсвэл ажиллаж байгаад гурав болон түүнээс жил завсардсан хүмүүсийг хамруулсан шалгалт юм.

 “Багшлах эрхийн шалгалт” нэртэй. Энэ сарын 10-нд болж өнгөрсөн эхний ээлжийн шалгалтанд 4000 орчим шалгуулагч оролцсон боловч 440 нь л тэнцсэн байна. Албаны хүмүүсийн яриагаар бол өнөөдөр болж буй хоёрдахь ээлжийн шалгалтанд эхний шалгаруулалтанд тэнцээгүй хүмүүс хураамжгүй орох бөгөөд хоцорсон хүмүүсээ нэмээд мөн л 4000 орчим хүн мэдлэгээ шалгуулах бололтой. Багшлах эрх олгох шалгалтанд оролцогч нь хоёр шатны шалгалтын нийлбэр оноогоор 70-аас дээш хувийн үнэлгээ авсан тохиолдолд СӨБ, ЕБС-д нэг жил багшаар ажиллах эрхийн үнэмлэх авах юм. Чадахгүй бол багшлах эрх авах дараагийн шалгалтыг хүлээх болох нь. Цаашдаа жилд хоёр удаа ийм шалгалт авч байх аж.  Шалгалтыг 21 аймаг есөн дүүрэгт нэгэн зэрэг онлайнаар авч байгаа юм байна.

Ингэж шалгах болсон нь ч гэнэтийн юм биш аж. БШУ-ны сайдын 2013 оны наймдугаар сард гаргасан А305 тоот тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх олгох, хасах журам” байдаг. Уг журамд мэргэжлийн зэрэг олгох тухай ч тусгагдсан. Журмын дагуу эхний нэг жил багшаар ажиллах багш нарт “Багшлах эрх олгох зөвлөл” гэж байгуулагджээ. Энэ зөвлөл багшаар ажиллах эрх олгох шалгалт дээр удирдлагаар хангах чиглэл өгч байгаа юм байна. Харин зохион байгуулах ажлыг нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хариуцаж шалгалтын даалгаврын сан, текстыг Боловсролын хүрээлэн боловсруулсан аж. Багшлах эрх олгох зөвлөл шалгалтыг зарлаж байхаар заасан болохоор жил болгоны төдийд гэх тов бол байхгүй гэнэ.

Хэдийгээр журам 2013 наймдугаар сард батлагдсан боловч 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх учиртай байж. Тиймээс эхний шалгалтаа сая авахад л оролцогчдын 90 хувь нь унаснаар эсэргүүцэл гэж болохуйц зүйлс гараад байгаа юм. Гэвч ийм шалгалттай болсон нь Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 760 мянга орчим сурагчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан хэрэг боллоо. Өнөөдөр эцэг, эхчүүд хувийн сургуульд хүүхдээ элсүүлэхээр уралдаж байна. Хувийн сургуулиуд ч олимпиад, уралдаанд сурагчаа амжилттай оролцуулсан болон амжилт үзүүлсэн багшид өндөр цалин амладаг нь нууц биш. Тийм болохоор ч нэртэй хувийн сургуулиудын төлбөр өндөр боловч мөн хүүхдүүдээс шалгалт авч байж оруулдаг. Түүний дээр “Сургуулийн хүүхдийн тоо дүүрчихээд байгаа”, “Хичээлээс хоцорч ирлээ, хөөнө шүү. Манай сургуульд хүүхдээ оруулахыг хүсдэг хүмүүс цаана чинь олон бий” гэж даналзах болсон. Ийм байтал эцэг, эхчүүд их сургуулийн төлбөрийг хэд нугалсан төлбөрийг нь бариад царай алдах шахуу юм болоод явж байгаа нь тэнд л сайн багш нар бий гэсэн итгэл тогтсоных юм. Үүнээс ардын багш нарын нэр хүнд навс уначихаад байж дээ гэсэн дүгнэлтэд хүрч болно. Багш нарын нэр хүнд унасан өөр ч шалтгаан бий л байх. Тухайлбал, мэргэжлийн матетикийн багш их цөөхөн байдаг гэнэ. Учир нь математиктаа сайн хүүхэд гол төлөв инженер, санхүү, эдийн засгийн чиглэлээр сурахаар явчихдаг аж. Тийм болохоор энэ чиглэлийн багш ховрын дээр ихэнхдээ тааруухан оноотой хүүхэд л багш болохоор шийддэг гэдэг. Энэ бол багш нарын л ярьдаг яриа. Харин ийм явган яриа эцэг, эхчүүдийг багш нарт итгэх итгэлгүй болгож байдаг.

Харин боловсролын салбарынхан эхний шалгалтанд 4000 гаруй багш мэргэжилтнүүдийн шүүсийг шахахад 400 орчим нь шалгарсан байна. Тэднийг одоо “Ардын хүүхдүүдэд хичээл за хө” гээд явуулах нь байна. Учир нь тэд  юу сурсанаа баталж чадсан байна. Мэдээж их, дээд сургуулийн программаас хэтэрсэн зүйлээр шалгалт авсан бол нэг ч хүн тэнцэхгүй л байсан. Чадвартай цөөхөн хүн багшлах эрхтэй болчихоор тэдэнд ажил хаанаас ч олдоно. Сургуулийн удирдлагуудын танил талаар ирсэн биш мэдлэгээрээ орсон багш нарын гарт хүүхдүүдээ даатгаж байгаа эцэг, эхчүүдийн сэтгэл ч амгалан байх юм.

Нөгөө талаас тэнцээгүй хүмүүст энэ явдал таалагдаагүй нь мэдээж хэрэг. Дөрвөн жил их, дээд сургуульд сурч, төлбөр төлж диплом авчихаад ажиллаж чадахгүй болох нь хүчирхийллийн хэлбэр шиг санагдаж байгаа. Гэвч манай оронд өдрөөс өдөрт дипломтой л бол дээд боловсролын ажил хийнэ гэсэн үзэл алга болж байна. Энэ нь “Дээд боловсролтой худалдагч ажилд шалгаруулж авна”, “Үсчин, гоо сайханд дээд боловсролтой залуу эмэгтэйг үйлчлэгчээр ажиллуулна” гэх мэт зарлалаас тод харагддаг. Тиймээс нэг ч гэсэн салбар нь хүмүүсээ дахин шалгаж байгаа нь тэдний нэр хүндийг өргөж байгаа хэрэг юм. Тэнцээгүй бол дахиж бэлдээд өгөх боломжтой. Юу ч сургадаггүй атлаа диплом тараадаг хувийн сургууль, үнэхээр  юу ч сураагүй төгсчихсөн хүнтэй бол одоо юугаа ярих билээ дээ. Ер нь  манай орон хүн амдаа харьцуулахад хамгийн олон оюутантай орон гэдэг. Гэвч тэр хэмжээгээрээ хөгжлийн болоод оюун санааны өөр түвшинд очихгүй л байна. Харин “Мэргэжлийн ажил олдохгүй байгаа” гэдгээр шалтаг заасан ид залуухан ажилгүйчүүдээр дүүрсэн билээ. Боловсролын салбарын энэ завхрал өөрөөсөө эхэлж цэвэршиж байгаа нь харин магтууштай байна. Диплом бэлэг биш боломж билээ.

 

Х.Даваа