Иргэний хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлаад буцлаа. Иргэний хөдөлгөөний хувиар айлчлалд ямар дүн тавьж байна?
-Миний хувьд айлчлалын өмнө түгшүүрийн харанга дэлдэж байсан. "Нэг улсаас хэт хараат болох ноцтой алхмууд дараалан хийгдэж байна, 10-30 тэрбум долларын зээл хүсч байна гэх шум гарч байна, үүнийг тусгаар тогтнолоороо л төлөхгүй бол өөр төлөх арга байхгүй" гэж. Санаж байсанчлан, түгшим айлчлал боллоо.

Өөр улсын дугаар нэг хүнийг ингэж сүр сүндэртэй угтаж байсныг ер санахгүй юм. Манайхан сонгуульт хугацаат албыг гэр оронтойгоо эндүүрээд, ерөнхийлөгчийг аав, эцэг гээд байдаг. Тэгвэл Си Зиньпинийг “Их аав”  гэсэн байдалтай л угтлаа гэж ойлгогдсон шүү. Төрийн байгууллагууд төдийгүй, ард иргэд ч гэсэн “Их аав”  гэж хандах, “Их аав ирж хэв журам тогтооно”  гэдэг ч юм уу харах байдал ажиглагдлаа.

Энэ бол сэтгэлгээний их гажуудал юм. Төрийн том албан тушаалтан ч Си Зиньпинд зориулан найраглал бичээд, дуу болгож угтах гэж оролдлоо шүү дээ. Айлчлалын үеэр хоёр улсын хооронд 26 баримт бичиг үзэглэгдлээ. Нөгөө шуугиулаад байсан 10-30 тэрбум биш, 162 сая ам.долларын зээл авах боллоо. Энэ нь ч сайн. Өмнөх их өрөө яая гэж байхад. Үндсэндээ нэг улсаас хэт хараат байдлыг нэмэгдүүлэх баримт бичгүүд үзэглэгдсэн гэж хэлж болно.

Урьд, БНХАУ-тай стратегийн түншлэл гэх бусад улстай тогтоосон харьцаанаас илүү өндөр зэрэглэлийн харилцаа тогтоочихоод, ОХУ-тай мөн тийм зэрэглэлийг нэр төдий тогтоох зэргээр нүд хуурсан зүйл хийж тайвшруулж байсан. Сая тэгвэл иж бүрэн стратегийн түншлэл гээд бүр өндөр зэрэглэлийг зөвхөн Монгол-Хятадын харилцаанд тогтоочихлоо.

Үзэхэд бол Монголын түүхий эд их хэмжээгээр, хямд үнээр гарахыг л дөхөмтэй болгох баримт бичгүүд олон байна. Нүүрс боловсруулах, ХАА-н зэрэг эерэг төсөл байгааг үгүйсгэхгүй. Ийм зүйлсийг л хоёр улс хамтарч ахиу хийдэг болбол сайн байна. Монголд юаний байр суурийг дээшлүүлэх гэрээ хийгдлээ.

Боомтуудын менежментийг хамтарч хийнэ гэж байна. Хойд Солонгостой хамтын ажиллагааг хөгжүүлэх "Түмэн гол" төсөл дээр ажиллацгаана гэж байна. Эдийн засгийн чөлөөт бүсүүдтэй болно гэж байна. Уул уурхайн холбогдолтой зам, эрчим хүчний дэд бүтцүүдийг нэлээн анхаарч.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг Өрнөдийн ертөнцтэй сөргөлдөгч байгууллагад элсэхийг анхааруулж, Оросын элчин ч элс гэж мөн анхааруулах шив дээ. Айлчлалын өмнөх илгээлтдээ Си Зиньпин дарга "Хамтран хүртэж, хамтдаа хожьё. Би их хожно, чи бага хожно, би ихийг авна, чи бага ав гэхгүй" гэж дурдлаа.

Энэ нь их сонин санагдлаа. Яахлаараа хамаг юмаа нийлүүлээд хамтдаа хүртэх болдог юм. Яагаад монголчууд баялгаасаа их хожиж, ихийг авч болохгүй вэ. Ямар учиртай тэгшитгэл вэ. Хэт хараат байдлыг нэмэгдүүлсэн түгшүүртэй айлчлал боллоо. Хөлөг морио давираад хаашаа давхи гээд байгаа юм. Таван баллын системээр бол гурав хасах гэсэн үнэлгээ тавимаар байна даа.

-БНХАУ-ын даргатай манайх цөмийн зэвсэггүй орон гэдгээ ойлгуулсан талаар мэдээлэл байна. Уран, цөмийн зэвсэггүй орон гэдгээ батлах ёстой байх?
-Монгол бол Цөмийн зэвсэггүй орон гэдгээ социализмын үед зарласан, шаардлагатай гэрээ хэлэлцээрүүдэд нь социализмын үед нэгдчихсэн орон. Үүнийгээ хий хоосон дахин дахин мэдэгдээд байх бус, амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нэгдүгээрт, цөмийн зэвсэгтэй орнуудын эвсэлд нэгдэж болохгүй. Одоо ажиглагч гишүүн нь байгаа. Хоёрдугаарт, цөмийн өргөн хөтөлбөрөө зогсоож, уламжлалт бичил хэрэглээгээ л үлдээ. 1968 онд Монгол улс нэгдсэн Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнд "бусад улсад цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд нь туслахгүй байх" гэсэн байдаг. Тэгэхлээр цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг ураныг хайгаад, олборлоод, баяжуулаад, экспортлоод байж болохгүй.

Цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд дөхөмтэй цөмийн хаягдлыг авч булшилж бүр ч болохгүй. Гэтэл Иран, Хойд Солонгостой сэжигтэй харьцаа үүсгээд л байж байх жишээтэй. Манай улс төрчид хил орчимдоо цөмийн хаягдал булчихвал харь дайсан халдах аюулгүй болно гэдэг.

Харь дайсан гээд байгаа БНХАУ, ОХУ өөрсдөө манай хилд ойролцоо олон цөмийн обьектоо байгуулж, цөмийн цагаригаар хүрээлсэн байдаг. Манай Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд "хил орчимдоо цөмийн хаягдал булж болохгүй" гээд л заачихсан байдаг байхгүй юу. Дээрх зүйлүүдийг анхаарч байж л батлана даа.

-Танай хөдөлгөөнийхөн Си Зиньпин даргыг угтаад жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл их гарсан?
-Айлчлалын өмнө бол зургаа долоон жагсаал болох янзтай байсан. Парламентын бус намууд (ПБН) Си Зиньпин итгэл үл хүлээгч ерөнхий сайдтай уулзвал, мөн Си Зиньпинд зориулсан хүндэтгэлийн чуулган болбол жагсана гэж мэдэгдсэн. Монголын Ногоон Нам (МНН) Монгол улсыг мангар тэнэг гэсэн утгатай мэнгу гэсэн ханз үсгүүдээр тэмдэглэхийг эсэргүүцэн, санал асуулга зохион байгуулна гэсэн.

"Хүсэл зорилгоо нэгтгэе!" нэгдсэн хөдөлгөөн Н.Алтанхуяг сайдад Ашигт малтмалын хууль, Газрын хууль, их өр, нарийн царигтай төмөр зам зэрэг асуудлаар тайлбар өгөхийг шаардаж, өгөхгүй бол жагсана гэсэн. Мөн өмнөд монголчуудыг дэмжигчид, Газрын хуулийг эсэргүүцэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэстний үзэлтнүүд жагсана гэж байсан. Үндэсний үзэлтнүүд бол "Хиагтын гэрээ давтагдах ёсгүй!" гэж жагсана гэж байсан.

Си Зиньпиний айлчлал Хиагтын гэрээний ажиллагаа эхэлсний 100 жилийн ойтой бараг давхацсан шүү дээ. 22-нд айлчлал дууссан, 26-нд Хиагтын гэрээний ажиллагаа эхэлсэн байдаг.Төрөөс жагсаал цуглаан зохион байгуулуулахгүй гэж маш их хүч гарган ажилласан. Усаар буудах тусгай том машин хүртэл авчирсан. Иргэний хөдөлгөөд, намын идэвхтэн бүртэй тулж ажилласан.

Цагдаагийн байгууллага дээр цуглуулж анхааруулга өгсөн. Энэ бүхэн нь нөлөөлсөн байх. Намайг жагсаал цуглаануудыг нэгтгэн зохион байгуулна гэнэ гэсэн яриа тарчихсан байсан. Бие өвдсөн байхад, гэрт ирж уулзан, жагсаж болохгүй гэсэн анхааруулга өгсөн. Нөхөд маань арга хэмжээ төлөвлөөгүй тул би хувьдаа жагсаагүй. Харин өмнөд монголчуудыг өмгөөлж нэг залуу жагсаад, өдөржин саатуулагдаад шөнө суллагдсан.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагссан байгаа. Си Зиньпинд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болдгоороо болсон. Си Зиньпин чуулган дээр "Миний нутаг" шүлэг уншсан нь олон түмэнд янз бүрийн бодлыг төрүүлсэн. Дашрамд хэлэхэд, Монголын төр түмэн зөвшөөрөөгүй байхад хавар Нүхтэд нарийн царигтай төмөр зам барих "БНХАУ-ын төмөр замын бүтээн байгуулалтын групп" гэдэг байгууллага 1000 гаруй хятад ажилчидтайгаар ороод ирчихсэн байна гэдэг мэдээлэл түгсэн.

Иргэний хөдөлгөөнийхөн Нүхтэд үнэхээр тийм байгууллага орж ирснийг үзэж мэдэн, зураг авч баталгаажуулсан байгаа. Монголын төр түмэн зөвшөөрөөгүй байхад ингэж өөрийн улсын мужид байгаа юм шиг шууд орж ирээд төмөр замаа барьж болдог юм уу. Сая Си Зиньпин тэнд очиж ажлынх нь нээлтийг хийж өгөх сураг дуулдаад байсан. Тэгсэн эсэхийг мэдэхгүй байна. Н.Алтанхуяг сайдад иргэний хөдөлгөөнүүд энэ тухай асуулга тавьсан ч хариу өгөөгүй. Энэ талаар бид цаашид анхааран ажиллацгаах болно.

-Та Өвөрмонгол иргэдийг өмгөөлөх хөдөлгөөн, арга хэмжээ зохион байгуулдаг байх аа?
-Тийм ээ, нөхдийн хамт өмнөд монголчуудын эрх ашгийг хамгаалах янз бүрийн ажил зохион байгуулж ирлээ. Өнгөрсөн тавдугаар сард Чингис хааны талбайд хамтран цуглаан зохион байгуулсан үзэл бодол нэгт залуу маань сая айлчлалын үеэр "Өмнөд Монголд эрх чөлөө!" гэсэн лоозон барьж жагссан.

Бид Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газарт хандан, өмнөд монголчуудын эрх ашгийг хамгаалах багц санал дэвшүүлэн ажиллаж байгаа.

-“Эзэн-100” хөтөлбөрт ураны талаар хөтөлбөр орж, багагүй хэрэгжсэн талаар Цөмийн энергийн газрын дарга Ш.Тэгшбаяр ярилцлагадаа онцолсон байна лээ. Та энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?
-“Эзэн-100” хөтөлбөр нь хэнийг Монголын эдийн засгийн эзэн болгочихов оо гэж гайхмаар л үр дүнтэй боллоо. Тэр 100 хоногт гадаадынхны эзэгнэл ноёрхол гүнзгийрэн бэхэжсэнээс өөр үр дүн гарсангүй.Манайд чинь одоо цөмийн ажил л хамгийн ахицтай явагддаг болсон шүү дээ.

Цөмийн хаягдал булшлах талаар Японтой нууц гэрээ байгуулсан, БНХАУ дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрсөн, тэр нь нарийн царигтай төмөр замаар тээвэрлэгдэн хэрэгжинэ гэх шуугиан их тараад байна. Нөгөөтэйгүүр, иргэний хөдөлгөөд, ялангуяа "Босоо Хөх Монгол", "Гринпис Монголия" зэрэг хөдөлгөөд Дорноговь, Сүхбаатар аймгуудад ураны хайгуулын эсрэг үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн тул цөмийн ажил нэг их сайн хэрэгжсэн гэж бодохгүй байна.

Нэмж хэлэхэд, хөдөлгөөдийг физикч бус, мэргэжлийн бус гэх явдал багагүй байдаг. Эрх ашгаа хамгаалахад мэргэжил зайлшгүй биш. Би мэргэжлийн бус хүн гээд эрх ашгаа хамгаалахгүй гэвэл утгагүй биз дээ. Би мэргэжлийн бус хүн гээд эх орноо хамгаалахгүй гэвэл бүр ч утгагүй биз дээ.

-Улс төрийн жижиг намууд энэ Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Та ямар санал дүгнэлттэй байна. Сайн ажиллаж чадаж байна уу?
-Миний бие иргэний хөдөлгөөний ажилд идэвхтэй оролцохын тулд МНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаасаа түдгэлзээд байгаа. Тиймээс намын байр суурийг албан ёсоор илэрхийлэхгүй. Мэдээллийн журмаар хэлэхэд, газрын хууль, ашигт малтмалын хууль, их өр, баян хоосны ялгаа, авлига, Улаанбадрах дахь цөмийн хөнөөл, төрийн албыг төрлийн алба болгох, Н.Алтанхуяг хоригдож буй зөвлөх Л.Гансүхтэйгээ хууль бусаар уулзсан.

Засгийн газарт ард иргэдийн 20 хувь итгэл үзүүлж байгаа гэсэн есөн асуудлаар Засгийн газрыг огцрохыг шаардсан. Би тэдэнтэй санал нэг байгаа. Одоогийн Засгийн газар бол Монголын түүхэн дэх хамгийн муу, сөрөг үйл ажиллагаатай байна.

Д.Болор

Эх сурвалж: