Хөгжлийн бус хямралын замаар будаа тээвэрлэгчдээс салъя
2014/09/01
Ухаангүй ноёны урагшгүй албад
Уул уурхайн сайд Д.Ганхуяг ганцаардаж байна. Яг л харж хандах хүнгүй гэртээ ганцаараа үлдсэн хүүхэд шиг. Өмнөх парламентад үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж, 20 гаруй гишүүний гарын үсэг цуглуулж байсан сайхан дурсамж түүнд бий. Оюутолгойн гэрээг өөрчлөх нь зүйтэй хэмээн эрх баригчдыг ацан шалаанд оруулж, алдааг нь хурцаар шүүмжилж байсан нь ч тэр. Үүнийхээ төлөө тэр эх орончоор цоллуулсан. Харамсалтай нь, энэ цол түүнд гавьяа биш гай даллав.
Оюутолгойн гэрээг өөд уруугүй шүүмжилж, баялгийг цөлмөх нь гэж хар дардаг байсан түүнийг Уул уурхайн сайдаар томилсон нь нүдээ олсонгүй. Шаардлагатай гэж үзвэл хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргахад бэлэн байсан түүний зоримог зан гадныханд “хурцдав”. Эцэст нь дан дээлтэй байхдаа даахалзаж байсан Д.Ганхуягаас гадныхан ам асууж, ацан шалаанд оруулах болсон. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр Оюутолгойн ордыг эзэмшигчид анхны хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бараг хоёр дахин нэмж, монгол ажилтнуудыг боолтой адилтган үзэж, Монголын Засгийн газрыг өрөөр нь барьцаалж, дахин зээл авах баталгаа гаргаж өгөхийг тулган шаардсан удаатай. Энэ бүхэнд Уул уурхайн сайдын маань амнаас нэг ч үг унаагүй. Магадгүй уул уурхай бус физик, хими технологийн мэргэжилтэй тул мэдэх, мэдэхгүй зүйл байдаг л байх. Юутай ч өнөөдөр Монгол Улсын уул уурхайн салбар эзгүйдсэн, урсгалаа дагасан, гөлийсөн тийм дүр зураг харагдаад байгааг олон хүн шүүмжилдэг. Уг нь мань эрийг энэ суудалд очиход Оюутолгойн гэрээ сайжирч, ард түмний амьдрал дээшилж, Монголын ирээдүй гэрэлтэх нь гэж олон хүн баярласан.
Харамсалтай нь, асуудал эсрэгээрээ, магадгүй түүнээс ч дор болж хувирсан. Товчхондоо энэ хүнд сайдын суудал зохихгүй гэдгийг өнгөрсөн хугацаан дахь үйл явдал баталгаажуулав. Бүрэн эрхийн хугацаа 50 хувиа хэдийнэ давсан тул түүнээс хүсч хүлээх зүйл ч бараг үлдсэнгүй хэмээн салбарынхан нь хэлэх аж. Ядаж л хөрөнгө оруулагчдыг татах хууль эрхзүйн орчноо тогтвортой болгохгүй эргэж буцсаар өнөөдрийг хүрэв. Хоёр дахиа эргүүлэн татан байж баталсан Ашигт малтмалын тухай хуульд Ерөнхийлөгчийн шийдвэрээр зогсоосон ашигт малтмалын лицензийг дахин олгохоор тусгасны зэрэгцээ лиценз олгоход иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо хяналтыг бий болгох талаар огт дурьдаагүй нь Ерөнхийлөгчийн санаачилж байсан хуулийн төслийн утга санаатай эрс зөрчилдсөн талаар өдгөө ч гомдол тасардаггүй. Эцэст нь сонгон шалгаруулалтаар лицензийг олгохоор шийдвэрлэв. Монгол Улсын газар нутгийн 49 хувь нь “лицензлэгдсэн”-ий хор уршгийг ард иргэд хангалттай амссаныг эрхэм сайд тэрхэн зуур умартав бололтой.
Яг өнөөдрийн хувьд Монгол Улс мөнгөгүй байна. Мөнгө босгож, эдийн засгийг тэнхээтэй байлгах уул уурхайн салбарт удирдлагын хомсдол нүүрлэсэн нь Монгол мөнгөгүй болсны гол учир шалтгаан гэлцдэг. Нөгөөтэйгүүр, ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлдэг нүүрсний экспорт уналтад орсонтой холбоотой. Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдсоноос хойш хэл ам тасраагүй. Оюутолгойн гэрээг шүүмжлэгчдийг дэмжиж буйгаа чимээгүйхэн илэрхийлж суудаг тэрбээр хамгийн сайн бөөрөнхийлөгч. Д.Ганхуягийг тэмцэгчийн дүрд тоглож байхад тэр хамгийн сайн фен нь байв. Гэхдээ далд байдалд. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үгнээс гардаггүй тэрбээр Д.Ганхуягтай гар барих боломж олдоогүй юм. Харин шинэчлэлийн Засгийн газрын буянаар гар барих боломж олдсон ч ганзага нийлэхгүй бололтой. Ямартаа л “Эрдэнэс Тавантолгой” ХК дампуурах дээрээ тулчихаад олборлосон бүхий л нүүрсээ “Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын өрөнд өгч байгаа тухай Ерөнхий сайд мэдэгдэж байлаа. Олборлосон нүүрсээ өрөнд өгсөөр энэ жилийг барж магадгүй гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан байна билээ. Урьдчилж авчихаад “идчихсэн” урьчилгаа төлбөр нэртэй өрнөөс өрний хооронд хэдэн толгойгоо алдчих дээрээ тулчихаад байгааг өвгөн докторууд учирладаг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг өөд нь татаж, өнгөтэй байлгахын тулд Засаг байдгаа барьж буй. Өнгөрсөн долоон хоногт л гэхэд "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Тогтоолд тусгаснаар Тавантолгой нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг шалгаруулах юм. Ингэснээр ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах, нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулан экспортлох, түүнд шаардлагатай үйлдвэр, дэд бүтэц, төмөр замын асуудлыг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэлгүйгээр цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа аж. Гэхдээ үр дүн өнөө маргаашдаа мэдрэгдэхгүй.
Гол нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр гар нийлэхгүй хүмүүс ганзага дүүрэн ирнэ гэдэг юу л бол.
Үргэлжлэл бий...
Д.ДОРЖ
Зочин · 2014/09/03
Evgen doktoruud gej hen be haana bna neroig durdaj il tod bai Bitgii iim bituu um bch hunii garaar mogoi bariulna gej ug balidag bxaa Mengenii telee bitgii bich on 8