МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАРААС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.УДВАЛД ТАВЬСАН АСУУЛГЫН ХАРИУЛТ

  2014 оны 4-р сарын 11

 Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэндийн сайд надад хандаж тавьсан асуулгад дараах байдлаар хариултыг өгч байна. Асуулга нь 1/. “Хот суурин газрын агаарын бохирдол, 2/. эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, өвчлөлтэй холбоотой судалгаа шинжилгээ болон ухуулга нөлөөлөл, 3/.эдийн засагт учруулах хор хохирол, 4/ зохион байгуулсан ажлын талаар” зэрэг 4 чиглэлээр байсан бөгөөд асуулга тус бүрээр нь хариулья.

Асуулга 1.

Сүүлийн жилүүдэд томоохон хот суурин газруудад агаарын бохирдол стандартын түвшнээсээ хэд дахин давсан нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгаа талаар тодорхой жишээнүүд баримттайгаар дурьдагдаж байна. Харин Эрүүл мэндийн яамны зүгээс агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн, хойшид хэрхэн нөлөөлөх талаар хийсэн дүгнэлт, судалгаа шинжилгээний ажил, хүрсэн үр дүн байна уу?

Хариулт 1.

Манай улсад 1976 оноос гадаад орчны агаарын найрлагыг судлах эрдэм судлал, 1980-иад оноос орчны агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээний 30 гаруй ажлуудыг ЭМЯ-ны захиалгаар хийж, шийдвэр гаргагчид, ард иргэдийг үр дүн, нотолгоо, мэдээллээр хангаж ирлээ.

Судалгаа шинжилгээний ажлын үр дүнд амьсгалын замын өвчлөл нь агаарын бохирдолтоос хамааралтай болох, Улаанбаатар хотын агаар дахь хорт бодисын агууламж нь хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн шалтгаан болсныг; Улаанбаатар хотын хүүхдүүд орон нутгийнхаас амьсгалын замын өвчлөлөөрөө 7-8 дахин илүү өвчилж, арьсыг хамгаалагч нян, хамар салстын нянгийн ургалт, мөөгөнцөр зэрэг үзүүлэлт илүүтэй байгааг, агаарын найрлага дахь нарийн ширхэглэгт тоосонцор болон агаарын даралт зэрэг нь зүрх судас, амьсгалын замын өвчлөл, нас баралтад шууд нөлөөлж байгааг; гэрийн дотоод орчны агаарын найрлага дахь тоосонцорын агууламж нь 3 өрхийн нэгд нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 4.1 дахин их байгааг, хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин хүүхдийн дархлааг сулруулахад нөлөөлөх хэмжээнд хүрснийг тус тус тогтоогоод байна.

Одоогоор агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлах, тандах чиглэлээр 10 орчим судлаач эрдэмтэдийн баг ажиллаж, улс орны хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийж байна.

Дээрхи дүгэнлтүүд нь Төрөөс экологийн талаар бармтлах бодлого, УИХ-ын тогтоол, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын тухай хууль, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэрэг Монгол Улсын хууль, тогтоомж, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, “Орчны эрүүл мэнд”, “Уур амьсгалын өөрчлөлтийн”, “Эрүүл хот, дүүрэг, сум, баг,ажлын байр, сургууль” зэрэг үндэсний бодлого, хөтөлбөр, үндэсний стратеги, хамтарсан захирамж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоол, норм норматив, үндэсний стандарт, Эрүүл мэндийн болон БОАЖ-ын (хуучин нэрээр) сайдын тушаал зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад үндэслэл, баримт нотолгоо болсоор ирлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар “Хүрээлэн буй орчин - эрүүл мэнд”-ийн чиглэлээр ажиллах 6 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд “Эрүүл мэнд ба байгаль орчин” Үндэсний бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

“Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан хот хоггүй, цэвэр орчинг бий болгон, эрүүл зан үйлийн төлөвшил бүрдүүлсэн хотоор шалгарлаа. Сайншанд хот, нийслэлийн Багануур, Налайх дүүргүүд эрүүл дүүрэг болохоор ажиллаж байна.

2013 онд ЭМЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн шийдвэрээр Орчны агаарын чанар ба хүүхдийн амьсгалын замын өвчний хамаарал, Олон нийтийн агаарын бохирдлоос сэргийлэх зан үйлийн чиглэлээр эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхээр захиалга саналаа холбогдох газруудад хүргүүлээд байна.

Асуулга 2.

Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэрэгслийг та бүхэн бий болгосон уу? Иргэдэд энэ талын сурталчилгаа, сургалт хэрхэн хийж, ямар үр дүнд хүрсэн бэ?

Хариулт 2.

2009 оноос эхлэн жил бүр “Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ”, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл”-ийн чиглэлээр сургалтыг 1500 гаруй судлаач, эмч нарт явуулсан. Мөн 19 онол практикийн бага хурал, 6 эрдмийн чуулган, 4 үндэсний зөвлөлгөөнийг зохиож, 3000 гаруй мэргэжилтнийг хамруулсан.

Иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Дээрх чиглэлээр иргэдэд зориулсан зөвлөмж, гарын авлага, баримтын цомог, зурагт хуудас, санамжийг гаргаж иргэдэд хүргэн, хэвлэл, мэдээллээр сурталчилсан. Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор жил бүрийн 5-р сарын 31-нийг “Тамхи татахгүй дэлхийн өдөр”, 6-р сарын 5-ныг “Орчны өдөр”, 12-р сарыг “Амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэх сар” болгон иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

2007, 2013 онуудад хийгдсэн судалгаагаар Иргэдийн зан үйлийн судлагаагаар агаарын бохирдлын эх үүсвэр, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх хүн амын мэдлэг 70 хувь байгаа боловч агаарын бохирдлын үед гарах эрүүл мэндийн сөрөг үр дагавраас сэргийлэх, эрсдэлийг бууруулах дадал, хэвшил хангалтгүй /10 хувь/ байгаа нь тогтоогдсон.

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний анхны хөтөлбөрийг 2006-2013 онуудад хэрэгжүүлж, ХБӨ-ний эрсдэлд хүчин зүйлийг тодорхойлох 10 гаруй судалгаа шинжилгээний ажил хийгдэж, халдварт бус өвчнийг хянах-тандалтын тогтолцоог бий болгожээ. Энэ хөтөлбөрийн хоёр дахь үе шат болох “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дах хөтөлбөр”-т /2014-2021 он/ амьсгалын замын өвчлөлийг бууруулах, сэргийлэхэд хүн амын мэдлэг, дадлага, хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг эрчимтэй хийхээр тусгаад байна.

Асуулга 3.

Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчлан хийсэн судалгааны ажил байна уу?

Хариулт 3.

Агаарын бохирдол нь ургийн өсөлт саарахад нөлөөлдөг гэдгийг АНУ, Канад, Польш, Норвеги, БНХАУ улсад судалж тогтоожээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудад хийгдсэн судалгаагаар гэрийн дотоод орчинд нүүрсний дутуу шаталтын дүнд үүсэх химийн нэгдэлүүд хүүхдийг бага жинтэй төрөх эрсдлийг 40 хувь нэмэгдүүлж, нярайн дундаж жинг 100 граммаар буурч байгааг тогтоожээ.

Харин манай оронд энэ төрлийн судалгаа нь эхлэл төдий байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2013 онд хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсныг оношилжээ. Ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношлох, зорилгоор 2013 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Ураг-нярайн эмгэгийг судлах төв /Перинатологи/, “Удам зүйн лаборатори “-г байгуулан 2013 онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжөөр хангааад байна.

Түүнчлэн тус төвд ураг, нярайн төрөлхийн хөгжлийн гажгууд, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, 5 хүртэл насны хүүхдийн эндэгдлийн идэвхтэй тандалтын тогтолцоог бүрдүүлж, 2014 оны 1-р сарын 1-нээс эхлэн улсын хэмжээний ургийн гажиг хөгжлийг бүртгэж мэдээлдэг боллоо. 2014 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийн жил болгон зарласантай холбоотойгоор ЭМЯ-наас 7 хоног бүр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурлыг зохион байгуулж, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал, тэр тусмаа ургийн гажиг хөгжлийн асуудлаар хэлэлцдэг боллоо.

ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канад улсын Саймон Фрейзерийн их сургуультай хамтран “Агаарын бохирдлын ургийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг судлах -УГААР” судалгааг 2014-2015 онд хийж, ургийн жин, дутуу төрөлтөд нөлөөлөх эрсдэлийг тогтооно.

Асуулга 4.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийг эмчлэхэд иргэдээс зарцуулж байгаа зардлын хэмжээ, эдийн засгийн хор хохирлыг тогтоох, түүнийг нөхөн олгох, ялангуяа гадаад оронд эмчлүүлэх шаардлагатай өвчтөнд учирч байгаа эдийн засгийн ачааллыг багасгах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн ямар байна вэ?

Хариулт 4.

Сүүлийн 14 жилийн байдлаар /1999-2012/ хүн амын өвчлөлийн дотор амьсгалын тогтолцоо /28%/ , зүрх судасны тогтолцооны өвчин /17%/ өндөр хэвээр байна. Амьсгалын тогтолцооны өвчнөөр 2012 онд нийт 300,000 өвчлөл бүртгэгдэж, үүний 2 хүний нэг нь 5 хүртлэх насны хүүхэд байгаа бөгөөд 2008 оныхтой харьцуулахад 50 хувиар ихэссэн байна. Үүний улмаас өвчилсөн хүүхдийн 60 гаруй хувь эмнэлэгт жилдээ 3-4 удаа дундажаар 7-9 хоног хэвтэн эмчлүүлж байна. Зүрх судасны өвчлөл 2008 онтой харьцуулахад 2012 оны байдлаар 35 хувиар нэмэгдсэн байна.

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний Эрүүл чийрэг монгол хүн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодит өртгийн судалгааг анх удаа 2013 онд хийсэн. Энэхүү судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчтэй өвчтөнд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний нэг удаагийн дундаж бодит өртөг нь 230 мянга, зүрх судасны тогтолцооных 270 мянган төгрөг байгааг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Урьд нь эдгээр тусламж үйлчилгээг 100 гаруй мянган төгрөгөөр дутуу санхүүжүүлж байсныг энэ судалгаагаар тогтоож 2014 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын сангаас Эрүүл мэндийн сайдын багцанд 33 тэрбум төгрөгийг нэмж тусгуулснаар 2014 оноос эхлэн бүрэн санхүүжүүлж байна.

Зүрхний гажгийн улмаас мэс заслын эмчилгээг хийлгэхэд 3 сая 164 мянган төгрөг, зүрхний гажгийн дурангийн мэс заслын эмчилгээг хийлгэхэд 2.2-3.8 сая төгрөг болж байгааг энэхүү судалгаагаар тогтоосон. Өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд 9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд үүнийг Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулга батлагдах нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн бололцоо бүрдэж байна.

Улсын хэмжээнд 11 аймгийг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Оношлогооны төвтэй болгож, бүх аймгийг зайн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангаснаар тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, шуурхай байдлыг хангах, иргэд хөдөө орон нутгаас хот руу оношлуулахаар явдаг чирэгдлийг бууруулахад онцгой ач холбогдолтой хөрөнгө оруулалтын арга хэмжээ боллоо. Түүнчлэн УГТЭ-т олон улсын жишигт нийцсэн “Тархины цус харвалт, зүрхний шигдээсийн үеийн эрчимт эмчилгээний нэгж”-г байгуулснаар тархийн цус харвалт, зүрхний шигдээсийн үеийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй, хүртээмжийг сайжруулж чадлаа.

ЭМШУИС-ийн НЭМС-ийн зарим судлаачдын “УБ хотын агаарын бохирдолттой холбоотой өвчлөлийн өртгийн тооцоо” сэдэвт судалгааны дүнгээр Улаанбаатар хотын 2, 3 дахь шатлалын эмнэлэгт амьсгалын замын болон зүрх судасны өвчтний эмчилгээ, үйлчилгээний зардалд 1 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан байгаа нь эдгээр эмнэлгүүдийн нийт төсөвт зардлын 20 гаруй хувийг эзэлж байна.

Дээрхи тоо баримтуд нь агаарын бохирдол, орчны бохирдлын асуудал хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тусламж, үйлчилгээнд ачаалал, хүндрэл, чирэгдлийг учруулж байгааг харуулж байна. Одоогоор агаарын бохирдлын улмаас үүссэн эрүүл мэндийн асуудлаар гадаад оронд эмчилгээнд явсан гэх албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Иймээс бодлогын хүрээнд Орчны нөлөөллөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хохиролын нөхөн төлбөрийн асуудлыг “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд тусгаад байна. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, тандалтын тогтолцоо, хариуцлагын механизмийг өндөржүүлэх асуудлыг Ариун цэврийн тухай хуулийг шинэчилсэн найруулгад тусгахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөллийг бууруулах чиглэлээр ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай ЭМЯ хамтарч Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бага ангийн сурагчдыг “Шүүлтүүртэй амны хаалт” аар хангах арга хэмжээг авах арга хэмжээний төлөвлөгөө хийгдэж 2014 оны өвлийн улирал эхлэхэд хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

ЭХЭМҮТ-ийн тандалт судалгааны 2014 оны 1-p улирлын тайлангаар улсын хэмжээнд, ургийн гажгийн 12 төрлөөр нийт 157 тохиолдол бүртгэгдсэний 21 хувь нь цусны эргэлтийн тогтолцооны, 17.0 хувь нь яс булчингийн тогтолцооны, 16.0 хувь нь олон эрхтний хавсарсан гажиг тохиолдож байна.

ЭХЭМҮТ-д Ангиографийн тасаг нээж, 5 хүртлэх насны зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд эх орондоо тусламж үзүүлж чаддаггүй байсныг арилгаж, уг өвчтэй хүүхдэд дурангийн хагалгааг өөрийн орондоо хийх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх ажил хийгдэж байна.

Хүн амын эрүүл мэндийн боловсрол, эрүүл зан үйлийг дэмжих чиглэлээр “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулган”-г зохион байгуулж, иргэдийн үүсгэл санаачлагаар Иргэний эрүүл мэндийн хартны төсөл боловсрогдож, жил бүр төр засаг ч, иргэд ч харилцан тайлан тавьж, мэдээлэл солилцдог Эрүүл мэндийн өдөртэй болох саналуудыг ЭМЯ дэмжин ажиллаж байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээрээ дамжуулж бүх нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлуудыг эрчимжүүлж, эдгээрт 3 тэрбум төгрөг зарцуулахаар энэ онд төлөвлөсөн болно.

Нийгэмд өнөөдөр тулгамдаж буй асуудлыг хөндөж тавьсан Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарт талархаж байна.