Тавантолгойн ордын өрөм, зөөхий нь хувийн компанид үлдсэн шалтгаан

Монголчуудын үүц болсон Тавантолгой, Оюутолгойн ордыг хэрхэн ашигтай байлгах талаар олон жил ярьсан ч улиг болов. Зарим улстөрч Оюутолгойг ярихаасаа залхдаг болсон гэсэн. Шинэ Ерөнхий сайдад Оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалтын хугацааг наашлуулах. Үргэлжлээд Тавантолгойгоо хөдөлгөөнд  оруулах үүрэг хүссэн ч эс хүссэн ч оногдов. С.Баярын тэргүүлсэн АН, МАН-ын хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн гэрээг баталсан. Тавантолгойн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нарын 14 хүнээс  буцааж төрд авч,  хөөрхөн баяр хөөр  болж байв. Гэтэл яагаад урагшлахгүй байна вэ. “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сү.Батболд өрөөнднь  орж ирээд С.Баяр, Т.Бадамжунай, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай хамтарч Тавантолгойн үйл ажиллагаанд оролцохгүй юмуу гэсэн санал  тавьжээ. Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй бололтой. Тавантолгойн ордын дөрвөн хувийг “Энержиресурс”-т үлдээж байсан.  6.5 тэрбум тоннын нөөц бүхий сайн чанарын нүүрсний орд Монгол Улсын гурван сая иргэнийг 100 гаруй тэжээх боломжтой гэдэг. “Энержиресурст” олгосон  дөрвөн  хувь газарт Тавантолгойн ордын хамгийн их нөөц, хамгийн сайн чанарын коксжих нүүрс бий гэдэг. Сүүгээр бол өрөм, зөөхий, хусам нь үлдчихсэн. Үүнийг  улстөрчид мэдэж байгаад санаатайгаар ингэсэнб айж таарав уу.  Гуравдахь Ерөнхийлөгчийн ярианаас яг ингэж ойлгогдсон. Улстөрчдийн найруулсан жүжиг үү. Мэдэхгүй.

1072 хувьцаа  сураг алдрав?  

Тавантолгойн нүүрсний ордоос Монголчуудад 1072 ширхэг хувьцаа хуваарилагдсан. Орд хэзээ эдийн засгийн эргэлтэд орж, 1072 хувьцааныхаа ашгийг хүртээхийг хэн ч мэдэхгүй болсон. Осолдохгүй 1072 хувьцаатай хэзээ нэгэн цагт ашгийг нь хүртэнэ гэсэн горьдлоготой явах.  Тавантолгойн коксждог нvvрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10 дугаарт багтдаг. Үүнээс  IV давхаргын коксжих нvvрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлvvлдэг нvvрснээс коксжих чанараараа давуу гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт байдаг аж. Гэтэл ийм баялгаасаа  хувьцаа хүртэх ч юм шиг, үгүй ч юм шиг. Хоногийноо хоолоо аргалах гэсэн иргэд нь Тавантолгойн хувьцааг бараг мартаж байгаа бололтой. “MCS”-ийн хөрөнгө оруулалтай  “Энержи ресурс” ХХК Засгийн газартай байгуулах  тогтвортой байдлын гэрээний талаар ЗТБХБЯ-наас ямар байр суурьтай байгаагаа Сангийн сайдад хүргүүлж байжээ.   Уг тайлбарт:.“Энержи ресурс” ХХК нь 1999 оны 12 дугаар сарын 22-нд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийсэн Таван толгойн нүүрсний орд газрын зургаан ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлийг авчээ.  “Энержи Ресурс” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2006 оны  долдугаар  дугаар сарын 8-нд гаргажээ.   ГУУКА-ны дарга Т.Занашир 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Энержи Ресурс” ХХК-д 2962 гектар талбай бүхий 11952А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.  Гэтэл энэ өдөр Ашигт малтмалын тухай хууль (2006) хүчин төгөлдөр болсон байна. Ашигт малтмалын тухай хууль 8 дугаар сарын 16-нд төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдэж, үүнээс 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болжээ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “Энержи ресурс” ХХК 2006 оны 7 дугаар сарын 8-нд гаргасныг ГУУКА-ны өргөдлийн бүртгэлийн 17967 А дугаарт бүртгэжээ. Энэ өргөдлийн дагуу шүүлт хийж үзээд тус компанийн хүсэлт гаргасан талбайн солбилцол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай тусгай зөвшөөрөлтэй давхцаж байгааг тогтоосон байна.

 “Энержи Ресурс” ХХК нь  Таван толгойн орд газрын тусгай зөвшөөрлийг төрд шилжүүлэхдээ Ухаа худгийн орд газрын тусгай зөвшөөрлийг гаргасан зардлынхаа нөхөн олговорт авсан гэдэг тайлбартайгаар өөртөө үлдээсэн байна. Нөхөн олговрыг тусгай зөвшөөрлөөр олгох хууль эрх зүйн үндэслэл Ашигт малтмалын тухай хуулинд байхгүй байна. Уг хуульд “…нөхөн олговор төлнө” гэж заасан байгаа тул нөхөн олговорыг мөнгөөр төлөхгүйгээр яагаад олон тэрбум долларын өртөг бүхий нүүрсний нөөцтэй орд газраар төлбөр хийсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, Ухаа худгийн ордын 500 сая.тн орчим нөөцийн цэвэр ашиг 4-5 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Ийм ашигтай гэдгийг саяхан олон улсын хөрөнгийн бирж дээр энэ компани IPO хийж баталсан. Засгийн газарт илт хохиролтой хувийн компанид үлэмж ашигтай байх, илт давуу байдал олгосон тохиролцоо нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна. . Албан ёсны мэдээллээс харахад  “Энержи ресурс” ХХК нь 1999 оноос эхлэн 2008 оныг хүртэл лицензийн төлбөрт 851.8 сая ам.доллар төлсөн байна.  Мөн ямар шалгуур үзүүлэлт, тооцоог баримталж дөрвөн хувьд тооцож Таван толгойн орд газрын зургаан  тусгай зөвшөөрлөөс Ухаа худгийн ордыг ялган сонгож нөхөн олговорт өгсөн шийдвэрийг тодорхой болгох нь зүйтэй байна” гэжээ. Эндээс өрөм, зөөхийг нь хамж, өгсөн гэдэг дахиад батлагдана.

 

Тавантолгойн  орд эргээд Энержиресурс”т очих уу?  

 

Тавантолгойн коксжих нүүрсний ордыг  Монголын хөрөнгө оруулагчдад  өгч таарах нь. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулж, мөддөө эргэж ирэхгүй төлөвтэй. Ийм үед дотоодын томоохон хүчирхэг компаниудад найдах  байх. Тэр нь “МCS”. Төр хувийн компаниас авчихаад одоо  буцааж өгөх гэж харагдаад. Тавантолгойн  268 дугаар тогтоолыг баталж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг ахалж байлаа.  Шалгарсан компанитай арванхоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгасан. “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” гэх тогтоолыг гаргах болсон нь БНХАУ-ын дарга Си Зиньпинь Монгол Улсад айлчлахдаа Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн үнийг 40 хувь хөнгөлөхөөр болсонтой холбоотой гэх яриа тэр үеэс дуулдсан.    Засгийн газрын 268 дугаар тогтоол-д “...Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх...” гэж заасан.   Тэгвэл энэхүү заалтад тохирох аж ахуйн нэгж Монголд бий юу. “Энержи ресурс”-ыг нэрлэнэ.   Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсийг Хятадын Чалкод 350 сая ам.доллараар барьцаалсан.   Тэгвэл хувийн хэвшил буюу МСS, “Шунхлай”, “Петровис”-ын хамтарсан “Энержи ресурс” компани буюу Ухаа худаг толгойг ашиглагчид Хонгконгийн хөрөнгийн биржээс тэрбум ам.доллар босгон цахилгаан станц, нисэх онгоцны буудал,  хатуу хучилттай авто зам, усан хангамж, нүүрс баяжуулах, угаах үйлдвэр, сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны хороолол барьсан. Өмнөговийн Цогтцэций сум өнгө засч буй.   Тэдний  шийдүүлж чадаагүй зүйл нь Гашуун сухайтын боомт хүртэл 260 км төмөр зам барих. С.Баярын Засгийн газрын үед нарийн царигийн төмөр зам барих эрхийг авч, газар шорооныхоо ажлыг эхлэхтэй зэрэгцэн тухайн үеийн БХБЗТ-ийн сайд Х.Баттулга болиулж дөнгөсөн гэх яриа бий. “MCS”-д Х.Баттулга таагүй ханддагаас харахад үнэний ортой болов уу. Төрийн эрх мэдэлтэй хүмүүсийн, үндэсний томоохон компаниудын төрд нөлөөлөлж шийдвэр гаргуулах гэдэг нэг хэлбэр нь Тавантолгойн  нүүрсний ордыг тойрсон эл үйл явдлуудаас харагдана. Төрийн компани Тавантолгойн үйл ажиллагаа явуулж буй, төр, хувийн  хэвшлийн компанийнхны ажил өдөр, шөнө шиг ялгаатай. Төрийн өмчийн компаниудад элдэв тоног төхөөрөмж “шахдаг бол” хувийн компаниуд бүтээн байгуулалт өрнүүлж, ашгийн төлөө зүтгэдэг. Ялгаа нь энэ. Нэгэнт гадаадын хөрөнгө оруулагчид наашлах нь тодорхойгүй учраас үндэсний үйлдвэрлэгчдээ оролцуулах нь зөв шийдвэр ч байж мэднэ.