УИХ-ын чуулганы сүүлийн өдөр өрийн удирдлагын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар Монгол Улс өр үүсгэхээс эхлээд төлж дуусах хүртэл харилцааг зохицуулахаар болж байгаа юм.

 

Монгол Улсын Уул уурхайн салбар 2011 оноос эхлэн эрчимтэй хөгжиж улмаар манай улс зээл авах Засгийн газар нь бонд гаргах эх үүсвэрүүд бий болж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гаднаас авсан өр зээлээ юунд зарцуулах, ямар хяналт тавих, хэрхэн эргэн төлөх зэрэг нь тодорхойгүй явж ирсэн.

 

Энэ ч үүднээс Сангийн яамны зүгээс өрийн удирдлагын тухай хуулийг төслийг боловсруулан нэг жилийн өмнөөс УИХ-д өргөн барьсан байдаг юм. Уг хууль гарснаараа ямар зориулалтаар өр үүсгэж болох юм, өр үүсгээд бий болгосон хөрөнгийг юунд зарцуулах, ямар хугацаанд эргэн төлөх, яаж төлөх юм зэрэг бүх ажлуудыг зохицуулж өгч байгаа юм.

 

Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулахдаа төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжийн өрийг Засгийн газрын өрд тооцохгүйгээр баталсан. Учир нь аж ахуй нэгж нь хязгаарлагдмал хувьцаат компани хэлбэрээр хуулийн этгээдэд зохицуулагдсан байдаг тул тэдгээрийн хүлээж байгаа хариуцлага бүх зүйл нь өөрсдийнх нь хөрөнгө болон дүрмийн сангийн хэмжээгээр тодорхойлогддог юм байна.

 

Мөн өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд өрийн баталгааны сан байгуулах юм. Энэ нь засгийн газрын баталгаа гаргасан өр зээлтэй холбоотойгоор үүсэж болзошгүй төлбөрийн дарамтыг багасгахад чухал гэнэ.

 

Өөрөөр хэлбэл, Баталгаа гаргуулагч тал нь шимтгэл төлнө. Баталгаатай холбоотой ямар нэгэн төлбөрийн үүрэг, хүндрэл гарах юм бол улсын төсвөөс мөнгө нь гарахгүйгээр баталгааны сангаас төлөгдөөд явах юм. Монгол Улсын эдийн засаг дотогшоогоо чиглэсэн гадаад валют татарсан, гадаадын хөрөнгө оруулалт 70-80 хувиар буурсан байгаа энэ үед өрийн удирдлагын тухай хууль батлагдсан нь чухал ач холбогдолтой хэмээн албаны хүмүүс үзэж байна.

 

Түүнчлэн энэхүү хуулийг Монгол Улс дор хаяж нэг жил хэрэгжүүлсний дараа эдийн засгийн нөлөөлөл нь харагдана гэж үзэж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулахдаа гадаад орнуудын өрийн удирдлагын тухай хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын талаар харьцуулсан судалгаа, олон улсын валютын сангаас өрийн хязгаарын талаар баримталж байгаа шинэчилсэн бодлого зэрэг нийтдээ долоон томоохон тойм судалгаан дээр үндэслэн баталжээ.

 

Г.Мягмарсүх