Хоёр жил боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 18-нд болсон. Уг хэлэлцүүлэг мэргэжлийн байгууллагууд, уул уурхай эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын хүрээнд өрнөсөн билээ.

Бухимдал, талархал аль аль нь хэлэлцүүлгийн үеэр байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан “Дэлхий ертөнцийг судлаад байхад хариуцлагатай уул уурхайн эрин эхэлж байна. Хариуцлагатай уул уурхай хөгжүүлдэг гурван чиглэл байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, нийгмийн хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, байгаль, хүрээлэн байгаа орчинд халгүй байх учиртай. Гурав дахь гол зүйл бол эдийн засгийн хувьд хүлээж авч байгаа орнуудад үр өгөөжтэй байх ёстой” хэмээн хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо. Шинэ хуулийн төслөөр олборлолтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахаар хуульчилжээ. Өмнө нь хайгуул, олборлолтын лицензийг түрүүлж ирж санал тавьсан нь авдаг байсан бол дээрх байдал “хуучирсан” гэж хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн үзжээ.

“Уул уурхайн яам жил болгон линценз олгох талбайгаа олон нийтэд ил тод зарлана. Тухайн зарлагдсан талбайд лиценз олгогдоно” гэж Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр ярьсан юм. Харин хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүн Д.Бат-Эрдэнэ “Ашигт малтмалын тухай хуулийн төслийг бид ирээдүйгээ бодож бичсэн. Хэт олон компанид лиценз олгоод, түүнийг нь мөнгөтэй хүмүүс авдаг энэ байдлууд үргэлжилбэл Монголын эрдэс, баялаг гадаадын компаниудын мэдэлд орж, эрдэс баялгийн менежментийн удирдлага гадагш шилжихэд хүрнэ. Нутгийн оршин суугч компаниудын хоорондын зөрчил гаарсаар, цаашдаа үйл ажиллагаа явуулахад улам хүндрэлтэй болж байна. Хуулиар энэ бүхнийг зохицуулахыг хичээсэн” гэлээ. Хэлэлцүүлэгт оролцсон хуулийн төслийн ажлын хэсэг болон уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачдын байр суурийг  хүргэж байна.

Төр хатуу хяналтаа тавьж, бизнесийн эрх чөлөөг нь олгох хэрэгтэй

Д.Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг би хоёр удаа уншлаа. Төсөл өмнөх хуулиудаас нэлээд өөр болжээ. Санаа нь зөв болсон. Ямар ч байсан Монгол Улсын үндэсний баялаг төрийн хяналтад байгаасай. Төрийн хяналт нь улс орныхоо эрх ашгийг хамгаалахад чиглээсэй. Гэхдээ энэ төсөлд авах ч юм бий. Эргэж харах зүйл ч бий. Цөөн хэдэн санал хэлье. Алдааг давтаж болохгүй. Цаашдаа сайжруулах хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, ашигт малтмалын нөөц баялаг бол Үндсэн хуульд тодорхойлсоноор төрийн мэдэлд байдаг. Энэ үзэл санаа ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэвт шингэсэн байх ёстой. Төр уул уурхайд хатуу хяналтаа тавьж, бизнесийн эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Төсөлд стратегийн ач холбогдолтой ордын талаар логикын зөрчилтэй асуудал гарч байна. Хоёрдугаарт, 2007 оны үеэс хувь эзэмших тухай ярьж эхэлсэн. 34, 51 гэсэн. Манай УИХ-д 51 хувиас болоод гишүүд хоорондоо маргалдаж байна. Эрүүл ухаанаар бодоход гаднын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийгээд, үүнийхээ 51 хувийг Монголын хүнд суртал, хээл хахуульд автсан төрд даатгаад үлдээх үү. 100 хувь гаднынх байж болно. Эдийн засгийн аргаар асуудлыг шийдэх гэж оролдвол яасан юм бэ. Гуравдугаарт, Засгийн газрын оролцооны асуудал. Хуулийн төсөлд гэрээ, хэлцлийг Засгийн газар байгуулахаар боловсруулжээ. Гэрээ хэлцэл хийхэд Монгол Улсын Засгийн газар оролцохгүйгээр мэргэжлийн байгууллага, төрийн өмчийн мэргэжлийн өндөр хариуцлагатай байгууллага байх ёстой. Төр хяналт тавих байдлаар хуульд тусгах нь оновчтой болов уу. Дөрөвдүгээрт, төсөлд нөөцийн төлбөрийн асуудал орхигджээ. Тавдугаарт, энэ хуульд бид хүнээ бодмоор байна.

Төр оролцоно, хянана

Д.Мөнхтуяа /Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч/

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулагыг 2010 оноос боловсруулж эхэлсэн. Тус хуулийн төслийг шинэ оны өмнөхөн олон нийтэд хүргэсэн. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хууль том хууль. Хоёрдугаарт, маш олон хуулийн харилцааг хөнддөг. Гуравдугаарт, хөрөнгө оруулагч, байгаль орчин, олон нийт гээд олон талын байр суурь, ашиг сонирхлын зааг дээр байдаг хууль. Хуулийн төсөлд санал оруулахад нээлттэй. Төгс төгөлдөр хууль гэж байхгүй. Төгс төгөлдөр хуулийн төсөл гэж бүр ч байхгүй. Хууль санаачлагч, хуулийн төслийг боловсруулсан Ажлын хэсэг аль болох сайн хуулийн төсөл хийхийг чармайсан боловч олж хараагүй, дутуудсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Хуулийн төслийг талууд өөрсдийн ашиг сонирхлын үүднээс янз бүрээр тайлбарлаж байна. Уул уурхайн бизнес талх үйлдвэрлэхтэй адилгүй. Хэдийгээр бизнесийн харилцаа мөн боловч цаана нь өмчийн эзэн байдаг. Төр, ард түмэн байдаг. Өмчийн эзний оролцоогүйгээр гэрт нь дураараа юм хийж болохгүй биз дээ. Өмчлөгч нь, ард түмэн, төр. Тиймээс төрийн оролцоо байх учиртай. Уул уурхайгаас бусад бизнесийн салбарт төрийн оролцоо бага байх тухай яригддаг байх. Олон улсын түвшинд төр хяналтаа уул уурхайгаас аваад хаячихсан улс хаа ч байхгүй. Харин ч жил ирэх тусам төрийн хяналтыг улам чангатгаж, нөхөн сэргээлт, уурхайн үйл явцыг хянаж байна. Монголын төр сул учраас уул уурхайгаа хянаж болохгүй гэсэн үзэл баримтлалыг зөв гэж үзэх нь учир дутагдалтай. Төр оролцоно. Хянана. Уул уурхайн баялгийн менежментийг дураараа гартаа авах асуудал цаашид арилна. Гэхдээ төрийн оролцоо нь авлигыг өөгшүүлэхгүй, хүнд суртлыг нэмэгдүүлэхгүй байх ёстой. Гаргаж буй шийдвэр нь тунгалаг, шийдвэр гаргаж буй процесс нь ил тод байх чухал. Харин төрд хяналт тавих зохицуулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй.

Стратегийн орд гэж байх ёстой

С.Авирмэд /Доктор, судлаач/

-Ашигт малтмалын тухай хууль Үндсэн хуулийн дараа орох томоохон хууль. Тиймээс нэлээд чамбай хууль гарах ёстой. Олон нийтийн санаа бодол, талуудын байр суурийг сонсож байгаа нь авууштай. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн төслийг дахин дахин хэлэлцэх хэрэгтэй. Хуулийн төсөлд ойлгомжгүй зүйлүүд гарч байна. Хэдий чинээ сайн хуулийн төсөл бэлтгэгдэнэ, төдий чинээ сайн хууль төрнө. Хуулийн төсөлд Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан, эрдэс баялгийг хамгаалах, түүгээр дамжуулан нийгмийг амьдралын түвшинг дээшлүүлэх. Байгаль орчныг нөхөн сэргээх, орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэх гээд бодлогын сайн талууд байна. Харин стратегийн орд гэсэн олон жил явж ирсэн ойлголтыг авч хаяж байгаа нь ойлгомжгүй байна. Стратеги гэх ойлголт дэлхийн аль ч оронд байдаг. Эрдэс, баялгийн зөвлөл гэж дэлхийн бүх оронд бий. Гэтэл шинэчилсэн найруулгын төслөөр эрх үүргийг нь өөрчилж, задалж байгаа нь буруу. Хуульд буй нэг ололттой зүйл лицензийн тоог хязгаарлах, шилжүүлэлт хийхгүй байх, хариуцлагын тогтолцоог нэмэг¬дүүлж байгаа зэрэг заалтуудыг санал нэгтэй дэмжиж байна. Өмнөх ашигт малтмалын тухай хуульдаа анализ хийж үзэх хэрэгтэй.

Ард түмний эрх ашигт нийцсэн хууль байх учиртай

Н.Дашзэвэг / эдийн засагч/

-Ашигт малтмалын тухай хууль тогтвортой, тодорхой, ойлгомжтой хууль байх ёстой. Өөрөөр хэлбэл, 15-20 жилийн хугацаанд тогтвортой байх эрх зүйн чадамжтай, амьдралын хөрсөнд буусан сайн хууль гарах ёстой. Мөн байгаль орчны стандартыг хуулийн төсөлд тусгахын зэрэгцээ хуулийг нарийвчлах шаардлагатай. Тухайлбал, хайгуул, олборлолт, боловсруулалтын гээд задалж өгөх хэрэгтэй байна. Хуулийн төсөлд үг хэллэг, нэр томьёо ойлгомжгүй, хоёрдмол утгатай байна. Аль болох сонгон шалгаруулалтаас татгалзъя. Сонгон шалгаруулалт бол үзэмжийн асуудал байдаг. Хуулийн төсөлд дахиж ажиллах шаардлагатай байна. Стратегийн орд хэрэггүй л гэж байна. Эрдэмтэн, судлаачид арай өөрөөр хандаж байна лээ. Ашигт малтмалын тухай хууль Монголын ард түмний эрх ашигт нийцсэн хууль байх учиртай. Түүнээс хувийн компани, тэр тусмаа гаднын хөрөнгө оруулалттай компанийн эрх ашгийг хамгаалж болохгүй.

Гурван заалтад тодорхой үндэслэл алга

Н.Алгаа /Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал/

-Нөөцийн төлбөрийг тусгай хуу¬лиар хуульчилна гэж байна. Гэхдээ ерөнхий зарчмыг нь энэ хуулиар тодорхойлж байх шиг байна. Олборлоод, гаргасан бол татвар авна. Миний ойлгож байгаагаар Татварын хуулийн ерөнхий зарчим бол орлогоос л татвар авдаг. Орлого олж байгаа бол татвар авна, олохгүй бол авахгүй. Үндсэндээ овоолчихсон шорооноос нь татвар авна гэхээр тэр аж ахуйн нэгж цаашид яаж хуримтлалтай болж, бизнесээ яаж хөгжүүлэх вэ. Олборлосон болгоноос нь, олборлосон дотор нь байгаа ашигт малтмалын эрдсийн хувь хэмжээнээс нь татвар авна. Бизнесийн язгуур эрх ашиг талаасаа бол энэ үнэхээр хүнд. Орон нутгийн оролцоог хангах, байгаль орчныг хамгаалах гэх мэт заалтууд болж байна. Хуулийн төслийн 13, 14, 15 дугаар зүйл огт өөр бодлого чиглэлтэй заалтууд байна. Нэгдүгээрт, талбайг нөөцөд авна гэж тусгасан. Ашигт малтмалыг 1997 онд болон 2006 оны хуульд талбайг нөөцөд авах зохицуулалт байсан. Лицензийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор нөөцөд авах мэт тодорхой үндэслэл зориулалт заадаг байсан. Гэтэл энэ хуулийн төсөлд ямар тохиолдолд нөөцөд авах талаар заагаагүй. Нэгэнт зориулалт байхгүй учраас шууд нөөцөд авна. Хувийн хөрөнгөөр орд нээсэн ч нөөцөд авна. Лицензийн хугацаа дуусахаар бодит зардлыг нь нөхөөд сонгон шалгаруулалтад оруулна гэж байгаа юм. Аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авна. Мөн л бодит зардлыг нь олгоод тусгай хэрэгцээнд авна гэжээ. Энэ гурван заалтад тодорхой үндэслэл алга.

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг олон нийтийн дунд үргэлжилж байна. Хуулийн төсөлд үнэлэлт дүгнэлт өгөх таны эрх нээлттэй. Мөн хуулийн төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт хандан илгээж болох аж. Ашигт малтмалын салбарын “малгай” хуулийн төслийг нээлттэй хэлэлцэж, олон талын байр суурийг сонсож, засварласны дараагаар УИХ-д өргөх барих юм. Тиймээс ирэх хаврын чуулганы анхаарал татсан сэдвийн нэг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байх нь.

 

Б.Алтай