Хорихын албан хаагчид хүний эрхийг ноцтой зөрчиж байна, сайд аа
2013/02/04
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүний эрхийн талаар онцгой анхаарч буйгаас гадна Хүний эрхийн үндэсний комисс хоригдлын эрх ашгийг хамгаалсан 100 гаруй заалт боловсруулж ШШГЕГ-т хүргүүлж шуурхай арга хэмжээ авч байхад энэ явдлыг эсэргүүцэх мэт Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байдаг ШШГА-ны хорих 419-р ангийн харуул хамгаалалтын төлөөлөгч, дэслэгч Ням-Очирын Баярмагнай өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Дадал суманд цагдаагийн кубон барихаар очсон ялтнуудад агсам тавьж, тэр ч бүү хэл галт зэвсэг хэрэглэж Дархан сумын харьяат ялтан Золоог "макаров" маркийн гар буугаар буудаж тохуурхсан бол Улаанбаатар хотын харьяат тухайн үед ялтан байсан Цэндийн Чулуунбагана гэх нөхрийг зодож дөрвөн хавиргыг нь хугалж мөрийг нь мулталсан гэдэг.
Аймгийн цагдаагийн газраас балмад этгээд Н.Баярмагнайг эрүү үүсгэн шалгасан боловч тэгсхийгээд л хавтаст хэргийг нь хаасан байх юм. Яагаад уг хэргийг сайн шалгахгүйгээр хаах болов оо. Эрүүгийн хуулинд хүнд гэмт хэрэг хохирогчийн гомдлоор хэрэгсэхгүй болдог болчихсон юм уу гэж иргэд гайхаж сууна. Дэслэгч Н.Баярмагнайд дөрвөн хавиргаа хугалуулсан Цэндийн Чулуунбагана одоо Дорнод аймагт амьдарч байгаа билээ. Харин Н.Баярмагнайд буудуулж аймшигтайгаар дарамтлуулсан Золоо өөрийн төрөлх нутаг Дархан сумандаа аж төрж байна.
Тус хорих ангийн удирдлага ялтан зоддог албан хаагчийг мэдсэн ч "Энэ муусайн хүн хогуудыг яасан ч яахав дээ" гэж хардаг зуршилтай болж, буу барьж танхайрч хүний тархин дээгүүр буудсан харуул хамгаалалтын төлөөлөгч дэслэгч Н.Баярмагнайд хариуцлага тооцохын оронд харин ч хөхүүлэн шагнаж "оны шилдэг ажилтан" болгож амжсан байна. Хорихын дарга нар төрийн албыг ямархуу байдлаар явуулж байгааг ард иргэд төлөөлөгч Н.Баярмагнайгийн ялт үйлдлээс тодорхой харж болохоор. Тэрбээр хүнийг хүнд гэмтээсэн, мөн онц хэрцгийгээр танхайрсан гээд арав гаруй жилийн ял эдлэх гэмт хэрэг үйлдсэн юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181-3 дахь хэсэгт "Зэвсгийн чанартай эд зүйл барьж танхайрсан бол 5-8 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ", мөн хуулийн тусгай ангийн 97-р зүйл ангийн 97-1 дэх хэсэгт хүний биед хүнд гэмтэл учруулсан бол 7-10 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ" гээд тодорхой заасан байдаг. Гэтэл энгийн нэгэн иргэн ийм хэрэг үйлдсэн бол аль эрт л олон жилийн ял авч чанга дэглэмтэй хорих ангид очоод "махаа зулгааж" суух байх. Төрийн албан хаагч хүн танхайрах, хүний биед хүнд гэмтэл учруулах нь хуулиас гадуур байдаг юм уу.
Хорих 419-р ангийн "хянагч" нар ялтнуудаар нохой мэт тоглодог асуудал үүгээр дууссангүй (дуусахгүй ч байх). Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд ахлах ахлагч Гантөр ялтан Баярхүүг гэртээ авчирч хувийн ажлаа хийлгэж байгаад санаатай биш ч хоёр хурууг нь ясанд нь тултал гэмтээсэн юм. Хуруугаа таслах шахсан ялтан Баярхүү нь Биндэр сумын уугуул, малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн нэгэн юм билээ. Ажлын бус цагаар хянагчийнхаа гэрт "барлаг" хийж байгаад хоёр хуруунаасаа салах шахсан Баярхүүгийн тухай энэ оны өнгөрсөн сарын 29-нд өдөр тутмын хэвлэл Өдрийн сонин"-д "Хянагчийнхаа гэрт ажиллаж байсан ялтан хуруугаа тасдуулжээ" гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн.
Энэ мэдээний дараа хорих 419-р ангийн дарга, хошууч Намсаманд хуруу нь бэртсэн ялтан Баярхүүг хэд хэдэн удаа дуудаж уулзаад түүнд "хайр зарлаж" гарыг нь боолгох арга хэмжээ авсныхаа дараа мань ялтанг ангийн эмнэлэгт асрагчаар ажиллуулах заалт гаргаж "жаалуулжээ". Тэр ч бүү хэл ахлах ахлагч Гантөр "Чиний гэмтэл хоргүй" гэж үл тоож байсан бол одоо асуудалд арай өөрөөр хандаж байгаа сурагтай.
Хэвлэл мэдээлэл ч хүчтэй юм аа гэж. Ядарсан нэг ялтан албан хаагчийн буруутай үйлдлээс болж хуруугаа гэмтээж хэнд ч хэрэггүй болчихоод сууж байхад эрхтэнгээ таслуулах байсан айдсаас нь холдуулж хорихын хашаан доторхи диваажин болсон эмнэлэгт асрагчийн заалт олгож "од" болгох нь энэ. Өөрийн гарын дор байгаа ялтанг бүрэн өөртөө татаж чадсан хошууч Намсаманд хянагчийнхаа ялт үйлдлийг нууж чадсандаа итгээд "ноцтой мэдээлэл" олонд дэлгэсэн этгээдийг хорих 419-р ангийн нэр төр гутаасан гэж шүүхэд өгөх тухайгаа зарлаж амжсан.
Тэр бүү хэл аймгийн прокурорын ажилтан Д.Одгэрэл гэдэг залууг "Тэр муу арьсны ченж юугаа мэддэг юм бэ?" гэж даапаалж байгааг албан хаагчид нь гайхан ярьцгааж байна. Хоригдол буудаж, зодож танхайрсан Н.Баярмагнайд "Чи байж л бай. Энэ муусайн нар яав л гэж" хэмээн хээвнэг хэлж буйг юу гэж ойлговол таарах вэ. Хорих ангийн дарга хошууч Намсаманд илтээр хүний эрх зөрчиж буйгаа ойлгохгүй байгаа бололтой.
Жишээ нь, ялтны эргэлт уулзалтын байр нь хорихын хашаан дотор байдаг нь энгийн иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлдгээс гадна, чөлөөтөй гарч орж болдоггүй. Гарвал буцаж орохдоо нүцгэн биений үзлэгт орох нь холгүй нэгжүүлдэг гэнэ. Хянагч нар ялтныхаа биед үзлэг хийж байгаа юм шиг иргэдэд хандаж дураараа аашилдаг гэнэ. Тэр ч бүү хэл хянагч эр нөхрөө эргэж очсон эмэгтэйн бөгс, хөхийг нь илж таалах асуудал тохиолдол ч бий гэнэ.
Харин саяхнаас л эмэгтэй албан хаагчид хүүхнүүдэд нэгжлэг хийдэг болсон байна. Ахлагч О.Нямбаяр ялтнуудын ар гэрийн хүмүүст харгис хандаж эргэлтээр авч очсон эд зүйлийг нь хандсан зүгрүүгээ шидэж танхайрдаг нь түүнд бол зүгээр л нэг ердийн үзэгдэл аж. Ийм ёс зүйгүй хүнийг оны шилдэг ажилтан болгоод хүндэт самбарт зургийг нь өргөмжилсөн байна.
Эргэлт уулзалтын байрыг ялтнуудын хоригдож буй хашаан дотор байлгаж байгаа нь аюулгүй талаас нь авч үзэхэд болохгүй газаргүй. Ийм байдлыг л ашиглаж хоригдлууд хүн барьцаалахыг хэн мэдлээ. Дээр нэр нь дурьдагдсан харуул хамгаалалтын төлөөлөгч, дэслэгч Б.Баярмагнайгийн аав Ням-Очир тус хорихын малын даргын албыг хашдаг юм.
Ямар ч байсан гэрийн нохойн сүүл дээшээ гэгчээр "Манай аав энэ ангийн дарга нарын өвлийн идшийг даадаг юм чинь намайг яав л гэж дээ" гээд хуульгүй аашилж буй нь энэ аж. Ямар нэг шалтгаангүйгээр бусдын эсрэг галт зэвсэг хэрэглэнэ гэдэг гэмт хэрэг. Өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур төлөөлөгч, Н.Баярмагнай Өмнөдэлгэр сумын төвд барилга барьж байсан хоригдлуудыг бөөндөн "ачиж" тус сумын төвөөс баруун хойш 20 гаруй километр газраас байшингийн мод аймгийн төв рүү оруулахдаа, хорих ангийн "18-89 ХЭҮ" дугаартай хүнд даацын машинтай Н.Ангарагсүрэн гэдэг жолоотой үгсэж уг модыг авч явсан гэдэг.
Үүнийг Н.Баярмагнайгийн өөртөө ашиглах модыг нь бэлтгэсэн ялтан мэдээлж байсан. Мөн тус хорих ангийн харуул хамгаалалтын төлөөлөгч дэслэгч Наранбат ялтнуудыг эрүүдэн тамлаж зоддог нь ердийн үзэгдэл. Мань хүн зөрчил гаргасан ялтныг сахилгын байранд оруулж хамаг хувцсыг нь тайлуулж өөрийн дураар зоддог гэнэ. Энэ тухай хоригдлууд ял эдлэх үйл ажиллагаанд хяналт тавих прокурор Энхжаргалд гомдол саналаа хүргүүлэх гэдэг боловч "Эгчид нь дүүг нь матаад яахч билээ" гэхээс гадна яахаасч буцахаа байчихсан дэслэгч Наранбатаас айж хий дэмий дотроо л бухимдаж явдаг аж.
Гэтэл үндсэн хуулинд "хүний туйлын эрх бол амьд явах, эрүүдэн шүүж болохгүй" гэсэн заалт бийг хүн бүхэн санаж байгаа. Дээр нэр нь дурьдагдсан дэслэгч Н.Баярмагнай удам дамжсан хянагчийн хүүхэд юм. Иймд хорих 419-рангийн танхай албан хаагчдын энэ бусармаг үйлдэлд эрх бүхий газрууд нь анхаарах цаг нэгэнт болжээ гэдгийг хэлмээр байна. Үнэнийг хэлэхэд тус хорихын албан хаагчид дэндүү даварч байна.