Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн татварын өрийг шийдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг бай­гуулахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Энэхүү ажлын хэсэг нь  шүүхийн шийдвэрийн дагуу төлж буй тат­варын өрийн хэмжээг нэг мөр шийдвэрлэх, ингэхийн тулд Нийслэлийн шийдвэр гүй­цэтгэх албанд төлбөрт санал болгосон эд хөрөнгийн үнэл­гээг дахин нягтлах  ажлыг зохион бай­гуулах үүрэг­тэй аж. 

Тус компанийг удирдаж байсан С.Паушок “Алтны үнийн өсөлтөд 68 хувийн албан татвар ногдуулсан нь Засгийн газар хоорондын “Хөрөнгө оруулалтыг дэм­жих, харилцан хамгаалах тухай гэрээг зөрчсөн” хэмээн үзэж 2007 онд Олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ха­риуцагчаар нь Монголын Засгийн газрыг татсан энэ хэрэг олны анхаарлын төвд байсан бөгөөд бүтэн дөрвөн жилийн турш  үргэлжилсэн уг хэргийн эц­сийн шийдвэр Монгол Улсын Засгийн газрын талд гар­сан юм.

Гэтэл 2011 оны есдүгээр сард монгол эзэдтэй “Голдстрим инк” компани “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авлаа гэсэн мэдээлэл “Bloomberg”-ээр цацагдсан. Ямар гээчийн тэнэг нь толгой эргэм “өрийг” худалдаж авав аа гэх яриа бизнесийн хүрээнд дуулиан тарьсан. Үнэхээр ч 360 гаруй тэр­бум төгрөгийн “өрийг” Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан С.Ганболд 2011 оны есдүгээр сарын 9-нд Москва хотноо С.Паушоктой гарын үсэг зураад л худалдаад авчихаж. Ал­сын хараатай бизнесмэнд ашгаа өгөх нь юу юм бэ гэхээс тэнэг хүн ч зориглож хийхээргүй энэ наймааны цаана “Алтан Дорнод Монгол” ком­панийг өрөнд алдаагүй, гадныханд “тавьж туугаагүй”, монгол хүн ашигтай ажиллуулахаар боллоо гэж хэн ч баярлаагүй нь хачирхалтай.

Нэг л жишээ дурьдахад С.Паушокийг удирдаж байх үед тус ком­панийн 1700 ажилтны 1400 нь орос хүн байсан бол одоо 99 хувийг нь монгол ажилчид эзэлж байна. С.Ганболд муу хүн байж болно. Гэвч тэр “Алтан Дорнод Монгол”-ыг худалдаж авсан тэр жилдээ  өр, татвар, газрын төлбөрт 24.7 тэрбум төгрөг төлчихсөн байдгаас харахад “усан тэнэг” биш юм шиг ээ. С.Ганболдын худалдаж авсан 360 тэрбум төгрөгийн өрийн 75.84 хувь нь татварын өр, 284.2 хувь нь бизнесийн өр зээл байсан юм гэдэг.

Монголын төр харин түүнийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг өртэй, юутай хээтэй нь авч үлдэх эр зориг гаргасных нь төлөө яаж дэмжсэн юм бол. Өмнөх Засгийн газар 2012 оны гуравдугаар сарын 15-нд ажлын хэсэг байгуулж  бас баахан шалгасан. Эндээс Татварын ерөнхий газрын 06/12 тоот гэрээгээр Татварын өр барагдуулах гэрээ байгуулсан байдаг. Үүгээр “Алтан Дорнод Монгол” ХХК бай­галь орны нөхөн сэргээлтийг заавал хийсэн байх, компанийн хувь эзэмшигч солигдвол Татварын ерөнхий газарт заавал мэдэгдэнэ гэхчлэн  олон үүрэг хүлээж “ам, өчиг” өгсөн. Байгаль орчин нөхөн сэргээхийг яагаад онцлов гэхээр энэ бол мөнгөний “мангас” билээ.

 Огт алт олборлохгүйгээр 150 га газарт нөхөн сэргээлт хийхэд л 2,6 тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Мөн хүлээсэн үүр­гийнхээ дагуу техникийн нөхөн сэр­гээлтийг 78,04 га, биологийн нөхөн сэргээлтийг 9,8 га газарт хийснээс гадна орон нутгийн иргэд, удирдлагын хүсэлтээр 12,9 га газарт нөхөн сэргээлт хийжээ. Тухайлбал Архангай аймагт нийт 27 аж ахуйн нэгж алт олборлож байгаль орчныг сүйтгэсэн боловч нөхөн сэргээлтээ хийгээгүй байсныг “Алтан Дорнод Монгол” ХХК 47 га газарт нөхөн сэргээлт хийжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн харилцах данс, тусгай зөвшөөрлийн битүүмжилсэн байсныг сэргээсэн. Одоо тэд татварын өрөөс гарах, бусад аж ахуйн нэгж, иргэдэд тавьсан өрийг дарахаар ажиллаж байна.

Хэрэв энэ эрсдэлийг С.Ганболд үүрээгүй бол “Алтан Дорнод Монгол” компанийг өдийд гадны аль нэг банкны барьцаанд өгөх байлаа. Дээр нь Монголын Засгийн газар жил жилийн тайландаа “Хэрэв Ал­тан Дорнод Монгол компаниас өрөө авсан бол” гэсэн тайлбартай өр хэвээр үргэлжилсээр байх байлаа.

Өнөөдөр Монголд бизнес эрхлэхэд хэцүү болжээ. Тэр тусмаа жин­хэнэ эх оронч үзлээр 360 тэр­бум төгрөгийн эрсдэл үүрээд авсан жирийн нэгэн “шуналтай”, зоригтой, “тэнэг” бизнесмэн тэр бүр олдохгүй. Дээр нь байгаль орчныг нөхөн сэргээх, монгол хүнийг ажлын байртай болгох талаар анхаарч байгааг нь жаахан ч атугай үнэлүүштэй биш үү. Үүн дээр шинэчлэлийн Засгийн газар онцгой анхаарч бизнесмэн нь хэн бэ гэдэг дээр фокусаа тааруулах бус хариуцлагаа чанд тооцож боломжийг нь ч өгөөд татварын өрөө бүрэн авчихвал яасан юм бэ.

Дахиад л “хаана, хураана” гэх шийдвэр гаргах амархан. Харин энэ бүхнийг давж гараад улсдаа татвараа бүрэн төлнө. Өөрөө ч баяжна гээд зориг гаргаад босоод ирэх хүн тийм ч олон таарахгүй л болов уу. Монголын төр С.Паушокийн аманд багтаж байсан цаг саяхан. Өнөөдөр түүнээс худалдаж авч өөрийн болгож чадсан монгол залуугаа дэмжээд үзвэл яасан юм бэ. Түүнд дэмжлэг үзүүлдэггүй юмаа гэхэд саад болохгүй байвал авлагаа барагдуулахад амархан л харагдаад байх юм.

 

У.Оргилмаа