Сонгуулийн амлалт: Сонгосон ард иргэд чинь хөгз, мөөгөнцөр үнэртсэн балгасанд эмчлүүлсээр байх уу Ж.Батсуурь гишүүн ээ
2015/03/26
2016 он. Энэ бол улс төрийн олигархи, эрхэм түшээдүүдэд онцгой он. 2016 он гэдэг тоо тэдний цээжинд, зүрх сэтгэлд огшиж байгаа энэ цаг үед 24tsag.mn сайт гишүүдийн өнгөрсөн удаагийн сонгуулийн амлалтын талаарх цуврал материалыг бэлтгэн хүргэх гэж байна.
Тэдний амлалт хэрэгжсэн үү, эсвэл эс хэрэгжсэн үү?
Тэр дундаа тухайн нутаг орныхоо иргэдэд эмнэлэг сургуулийн хүртээмжний асуудлаар чухал амлалтуудыг өгсөн эрхэм түшээдүүдийн хийсэн ажил хэлсэн амлалт хэрхэн биелэлээ олсон талаарх баримтуудыг өнөөгийн байдал, бодит амьдрал дээрээс дэлгэхээр шулуудлаа.
Эхний удаад Дорноговь аймгаас сонгогдсон Ж.Батсуурь гишүүний сонгуулийн амлалтыг эргэн сөхөж, тухайн орон нутагт юу хийж бүтээсэн, бас хэлсэн үгэндээ хүрсэн эсэхийг дор сийрүүлье.
Манай сурвалжлах баг Говьсүмбэр аймгийг зорьж нэгдсэн эмнэлгийнх нь үйл ажиллагаатай танилцав. Тэнд байдал үнэхээр хэцүү байгаа нь тод харагдаж байлаа. Коридороос нь эхлээд эмнэлгийн эм тарианаас илүү хөгз, мөөгөнцөрийн нэхүүн үнэр үнэртэж байсныг нуух юун. Цаашлаад хэзээ мөдгүй актанд гаргахаар болсон уг эмнэлэгт бяцхан хүүхдүүдээс эхлээд ахмад настангууд ч хэвтэн эмчлүүлж байсан юм.
Эмнэлгийн удирдлагуудаас эхлээд эмч ажилчид, хэвтэн эмчлүүлэгчид тус эмнэлэгт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудаа хэн нэгэн дарга цэргээс эмээлгүй хэлж ярьж байлаа. Говьсүмбэрт бүртгэлтэй бус хэрнээ эмнэлгийн үйлчилгээ авдаг 15 мянга орчим хүн бий. Тодруулбал, Дундговь аймгийн гурван сум, Дорноговь, Хэнтийн зарим хэсгийн оршин суугчид эмнэлэг, сургуулийн төрийн үйлчилгээ авдаг. Цаашлаад уг нутгаар зөрж өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн зорчигчид, аваар ослоос шалгаалж ачаалал хүндэрдэг гэдгийн эмнэлгийн ажилчид хэлж байв.
Эмнэлгийн коридороор явж байхад хананд нь ан цав үүссэн, бохирын хоолойгоо торгоож боосон хүндхэн байдлууд ажиглагдаж байв.
Ингээд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Ч.Батнасангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нэгдсэн эмнэлэгт тулгамдаж байгаа асуудлууд их байх шиг байна. Энэ талаар?
-Манай эмнэлэг 1994 оноос аймгийн нэгдсэн эмнэлэг болсон. Тулгамдаж байгаа асуудлаар эмнэлгийн барилгын асуудлыг нэрлэмээр байна. 1992 онд энэ барилгад орсон. Ингэхдээ 30 ортой сумын эмнэлгийн барилга байсан. Гэвч өнөөгийн нөхцөлд дунджаар 100-гаад өвчтөнтэй байна.
Батлагдсан төсөвтэй холбоотойгоор засвар үйлчилгээ хийх мөнгө хүрэлцдэггүй. Сантехник хийгээд их засвар шаардлагатай. 30 ортой учир хоёрхон тасагтай.
-Танай аймгийн хувьд хэчнээн хүн амтай вэ?
-16 мянган хүн амтай. Эмнэлгийн хувьд 25 мянган орчим хүн хамрагддаг. Учир нь ойр орчмын 7-8 сумын иргэд 100 хувь манайхаар үйлчлүүлдэг.
-Их засвар хийлгүй хэр удаж байна?
-Засвар хийлгүй долоон жил болж байна.
-Засвар хийхэд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Бидний тооцоолсоноор сантехник, их засвар нийлээд 400 гаруй сая төгрөг болж байсан. Ер нь шинээр эмнэлэг барих шаардлагатай. Энэ шаардлагаа холбогдох байгууллагуудад тавьсан. Өнгөрсөн жил Эрүүл мэндийн яам дээр баригдах талаар яригдаж бид хүлээлттэй байсан. Гэвч эдийн засгийн байдлаас болж хойшлогдсон. Ядаж байгаа эмнэлгээ засах шаардлагатай байна.
-Хүүхдийн болоод төрөх эмнэлгийн тухайд?
-10 ортой эхчүүдийн тасаг шинээр баригдсан. Тэнд эхчүүд амаржиж байгаа. Хүүхдийн тасгийн нөхцөл байдал маш хүнд. 60-70 жил болсон хугацаа нь дууссан барилга.
Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд “Эмнэлэгт яаралтай засвар хийж, эсвэл шинээр барилга барих шаардлагатай . Орны асуудал маш хүнд. Хүүхдийн тасагт бол оруудаа нийлүүлж байж хүүхдүүдийг хэвтүүлдэг” хэмээн халаглаж суув.
Дашрамд хэлэхэд, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг төрөх 20, эмэгтэйчүүдийн таван ортой. Ачаалал ихтэй үед төрөх эхчүүдийг коридортоо авдаг. Шинэ төрөх эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байгааг иргэд онцлов.
Ж.Батсуурийн том амлалтууд
Эрхэм түшээд Ж.Батсуурийн хувьд тойрогтоо очиж эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Ингэхдээ нутгийн иргэдэд “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх болон хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дорноговь аймгийн төвд 30 ортой шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил эхэлсэн ч захиалагчийн уялдаа холбоо зэрэг шалтгаанаас болж удааширч байна. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч 2015 онд Дорноговь аймгийн хувьд бүтээн байгуулалтын олон ажил хийнэ” гэж дахин амлалтыг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нйигмийн үйлчилгээний чиглэлийн эмнэлэг, сургууль орон сууцны барилга байгууламж гээд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийгдэх зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэнэ гэдгээ амлаж байжээ.
Гэвч бодит байдал дээр эмнэлэг нь балгас болох дээрээ тулчихсан, оршин суугчид нь хөгз мөөгөнцөр дунд аргагүйн эрхэнд хэвтэн эмчлүүлж байгаа нь манай сурвалжлагын багийханд илт харагдаж байлаа.
Ж.Батсуурь нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл юу хийв?
1. Ж.Батсуурь Айраг суманд ажиллахдаа тус сумын ерөнхий боловсролын сургуульд Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайдын зүгээс дэмжлэг болгон өгсөн есөн компьютер, хоёр принтерийг гардуулсан юм. Тус сургуулийн захирал О.Одончимэг энэхүү иж бүрэн компьютерийг “Багш хөгжлийн төв”-дөө ашиглана гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нь 1983 онд Бүгд Найрамдах Чехсловак Улсын Братислав хотын Техникийн их сургуулийг төгсчээ. Тиймээс Словак Улсын Элчин сайдад сумын сургуульд техникийн туслалцаа үзүүлэх төслийг хүргүүлэн хөөцөлдсөнөөр эдгээр иж бүрэн компьютер Айраг сумын ерөнхий боловсролын сургуульд очиж байгаа юм.
2. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцдаа НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас олгож буй эмнэлэгийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.
Түүний хувьд 2008-2012 онд УИХ-д суухдаа “Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байр, “Саран Хөхөө” театрын өргөтгөл, Мандах, Хатанбулаг сумын 0,4 квт-ын цахилгааны шугамын шинэчлэлт, Шивээ говь сумын цэцэрлэг, сургуулийн байрын засвар, Сайншандын 150 хүүхдийн цэцэрлэг, Дорноговь аймгийн төвийн Зээгийн хөтлийн цэвэр усны шугам, Сайншанд, Замын-Үүд чиглэлийн 193,2 км авто зам, Айраг сумын гал унтраах ангийн барилга гээд олон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хувьд шийдвэрлэж өгсөн” гэж хийсэн ажлынхаа талаар сонгуулийн өмнөхөн ярьж байсан. Гэвч 2012 оноос хойш өдийг хүртэл юу хийсэн нь ард иргэдийн нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоогүй байна. Магадгүй 2016 он ойртож байгаа учир тун удахгүй хийсэн ажлууд гэх зүйлийг тайлагнаж эхлэх нь лавтай.
Үүгээр зогсохгүй 2011 онд “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор орчны талбайд геофизикийн хайгуулын судалгааны ажлаас эхлээд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, Өргөн суман дахь цементийн үйлдвэр, ураны хайгуул олборлолтын үйлдвэр хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж байгуулах, түүнчлэн аймгийн аялал жуулчлалын түшиц газар Сайншанд Хамарын хийд чиглэлийн авто зам, Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэл, нйигмийн үйлчилгээний чиглэлийн эмнэлэг, сургууль орон сууцны барилга байгууламж гээд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийгдэх зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэснээр манай говийн 2 аймгийн хөгжлийн өнгө төрхийг илэрхийлэх нэгэн алхам болно” хэмээн ярьж байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.
Харин 2012 оны сонгуулийн үеэр “Орон нутагт ажиллаж, амьдарч байсан, орон нутгийн зовлонг мэдэх хүний хувьд илүү Сүхбаатар аймаг руу чиглэсэн ажлуудыг хийх болов уу. Ойрын хугацаанд шаардлагатай байгаа ажлууд, тухайлбал, Баруун-Урт, Өндөрхааны замыг холбох, Баруун-Уртыг Асгат, Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомт хүртэлх Ази, Европыг холбосон төв тэнхлэг дээр орших энэ замыг ашиглалтад оруулах гэх мэт. Түүнчлэн сумын айлуудыг ус, дулаанаар, цахилгаанаар нь хангах гэх мэт асуудал орон нутгийн намын хөтөлбөрт тусгагдана гэж бодож байгаа. Үр дүнгийн хувьд бол бид нэгэнт амлаж чаддаг, амласнаа хийж чаддаг, дахиад хүний хийж чадаагүй эргэлзээтэй томоохон асуудлуудыг амладгаараа онцлогтой л доо” хэмээн ярьж байлаа.
Д.Ундрах