Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ ханш унасантай холбоотойгоор төсвийн орлогын бүрдэлт муу байгаа аж. Ийм дүр төрхтэй явбал цаашид төсөвт тодотгол хийхээс өөр сонголт үлдээгүй байна. Энэ тухай Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
 

 -Манай улс эдийн засгийн өсөлтөөрөө цойлж байхад хуримтлал үүсгэхгүй олдсоноо дураараа зарцуулснаас өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ гэж зарим судлаачид тайлбарлаж байна. Та юу гэж бодож байна вэ? 
 

-Санал нэг байна. Манай эдийн засаг сайн байх үед бид хуримтлал бий болгох ёстой байсан. Хуримтлалтай болж чадахгүй байсан хөрөнгийн зардлаа түлхүү гаргах байв. Тэгэхгүйгээр нийгмийн халамж талдаа цалин тэтгэврийг нэмснээс болж нийт төсвийн 60 хувь нь зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулж байна. Бид өнөөдөр хөрөнгийн зардалд 50 хүрэхгүй хувийг зарцуулж буй. Энэ нь тухайн эдийн засгийн мөчлөгийн үед байгаа боломжоо зөв ашиглах ёстой байсныг харууллаа. Одоо эдийн засгийн уналтаасаа хэрхэн гарах вэ гэдэг нь хамгийн чухал. Манай эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай байна гэж ярьж байгаа. Үүний таван хувь нь уул уурхайн өсөлт болж таарна. Уул уурхайн таван хувийн өсөлт дотроо дөрвөн хувь ганцхан Оюутолгойнх байгаа нь эргээд эдийн засагт өгч байгаа өгөөж нь маш бага байна гэсэн үг. Цаашдаа уул уурхайгаа тахин шүтсэн, нэг эдийн засгаар хөгжих үү, үгүй юү гэдэгт дүгнэлт хийх цаг болжээ. Яг одоо Монгол Улс мөнгөгүй байна. Ийм цагт уул уурхайгаа түшиглэж мөнгө олох ёстой юу гэвэл тийм. Тэгэхээр олсон мөнгөөрөө юу хийх вэ гэдгийг зөв тодорхойлж өгөх хэрэгтэй. 
 

-Шинэчлэлийн Засгийн газрын үед бондын эх үүсвэрийг оновчтой төсөлд зарцуулж чадаагүй нь ч эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн байх? 
 

-Хэрвээ бид олсон мөнгөө эдийн засагтаа оруулж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөтөлбөрт зарцуулсан бол өнөөдөр бид ийм байдалтай сууж байхгүй. Магадгүй хоёр жилийн дараа ашиглалтад орох үйлдвэртэй. Тэр нь иргэдийг ажлын байраар хангаад явах боломж байсан. Өнөөдрийг хүртэл босгосон хөрөнгөөрөө эдийн засгаа дэмжсэн арга хэмжээ авсангүй. Урт хугацаанд үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтын арга хэмжээг санхүүжүүлснээс Монголын эдийн засагт ийм нөхцөл байдал үүссэн. 
 

-Хаврын чуулган эхлээгүй байхад төсөвт тодотгол хийх сураг дуулдаж байна. Тодотгол хийхээс аргагүй нөхцөл байдал үүсчихсэн юм уу? 
 

-Яг ийм нөхцөл байдал цаашид хэвээрээ байвал бидэнд төсөвт тодотгол хийхээс өөр арга зам байхгүй. Төсөвт орлого оруулдаг уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ буурлаа. Дэлхийн зах зээл дээр манай эскпортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, нефтийн үнэ буурснаас төсвийн орлогын хэмжээ буурч байна. Орлогын хэмжээ буураад ирвэл бид төлөвлөсөн зарлагаа санхүүжүүлж чадахгүй болно. Төсөв гэдэг чинь өөрөө хууль. Хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Ингэхдээ бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх шаардлага тулгарна. Өнгөрсөн гурван сарын байдал хэвээр үргэлжлбэл ирэх намраас төсөвт тодотгол хийхээс өөр сонголт алга. Бид хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан. Энэ хүрээнд тодорхой хэмнэлт хийгээд явбал төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Эсрэгээрээ болохгүй байвал хийх хувилбарыг санал болгоно гэсэн үг. 
 

-Улстөрчид Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийг удахгүй батална гэж шоудснаас болж компанийн захирлууд татвараа төлөхөө больсон. Энэ нь орлого бүрдэхэд сөргөөр нөлөөлж байгаа гэх юм. Хэр бодитой мэдээлэл вэ? 
 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслөөр далд байгаа эдийн засгийг ил болгох зорилготой. Түүнээс биш татварын өрийг өршөөх асуудал хуульд багтаагүй.Өмнөх хуулийн хүрээнд татварын өртэй байсан томоохон аж ахуйн нэгжүүд өршөөлд хамрагдаад татвар төлөөгүй нөхцөл байдал давтагдах гэж байна гэсэн хоосон хүлээлт үүсээд байна. Үүнээс болоод татвараа төлөхөөс хойш сууж байгаа хандлага харагдлаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд тийм боломж байхгүй гэдгийг энд хэлмээр байна. Орлогоо нуун дарагдуулсан хүмүүст өршөөлийн асуудал ярина. Түүнээс нэгэнт ногдуулсан татварыг өршөөх тухай яриагүйг ойлгох хэрэгтэй. 
 

-Уул уурхайн төслүүд урагшлах боломж байна уу? 
 

-Манайх жижиг эдийн засагтай орон. Мега төслүүдээ хөдөлгөж эхлэх нь чухал. Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17 хувьд хүрсэн нь түүхэнд тэмдэглэхээр өсөлт байсныг гадаадын хэвлэл мэдээллийнхэн шуугиж байв. Энэ огцом өсөлт нь Оюутолгойн хөрөнгө оруулалттай шууд холбоотой байлаа. Тухайн үед олон бүтээн байгуулалт, бизнесүүд хүрээгээ тэлж байсан. Оюутолгойн оператор компаниуд ч үйл ажиллагаа явуулсан. Үүнээс шалтгаалж эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн Манай эдийн засаг өөрөө тогтворгүй учраас их, бага өсөлт аль нь гарсан ч нөлөөлж чаддаггүй. 


-Монголын эдийн засгийн чуулган эхэллээ. Сангийн сайдын хувьд энэ удаагийн чуулганы агуулга, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ? 
 

-Эдийн засгийн чуулга уулзалтаас гаргасан санал, санаачилгаа хэрэгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Өмнөх жилүүдийн чуулган эдийн засаг харьцангуй сайн байхад болж байсан. Хүн болгон эдийн засаг хүндэрч байгаа талаар ам уралдан ярьж байгаа ийм цагт энэ удаагийн чуулган болж байна. Монголын эдийн засаг яагаад өнөөдрийн төвшинд хүрэв гэдэгт зөв онош тавиасай гэж хүсч байна. Эдийн засгийн чуулганд монголын урдаа барьдаг толгой эдийн засагчид, туршлагатай улстөрчид сууж байна. Тиймээс өнөөдрийн байдалд тавьсан оношоо хэрхэн эдгээх тухай ярилцах нь зүйтэй. Гадаадын төлөөлөгчид биднийг ямар шийдэлд хүрэх вэ гэдгийг ажаад сууж байгаа. Тиймээс чуулганаас гаргасан шинэлэг санал, санаачилгыг амьдралд хэрэгжүүлээд явах нь чухал.

 

 

Ц.ОЮУНТУНГАЛАГ