Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг.

Ийнхүү ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн төсөвт төвлөрүүлдэг орлогоос тухайн орон нутагт хуваарилагдах орлогын хэмжээ хангалтгүй байгаагийн улмаас орон нутгийн засаг захиргаа, ард иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх, улмаар уул уурхайн салбарын хөгжлийг удаашруулах нөлөө гарч байна.  Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.  

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэх, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Гэтэл орон нутгийн засаг захиргаа, ард иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх, улмаар хөгжлийг нь удаашруулах сөрөг нөлөө гарч байна хэмээн Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Тиймээс энэ салбарын үйл ажиллагааг хэвийн, жигд үргэлжлүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай гээд, үүний тулд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэв.

Харин иргэд  болон орон нутгийн захиргаа газраа ухуулахад дургүй байна.  Тодруулбал, Ашигт малтмалын газар нь 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 487 өргөдөл хүлээн авсанаас 30 хүсэлтийг орон нутаг хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн, сонгон шалгаруулалтын үндсэнд нийт 29 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор хүсэлт ирүүлсэнээс зөвхөн 7 саналыг орон нутаг зөвшөөрчээ. Үүнээс үзэхэд орон нутгийн засаг захиргаа, ард иргэд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа нь харагдаж байна.

 

            Т.Энгүүн