Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үеэр тус намын дарга З.Энхболд АН-ыг фракцгүй болсныг зарлаж олныг гайхашруулсан билээ. 

Түүнийг яриаг сонссон хүмүүсийн ихэнх нь  “АН-ыг фракцгүй болсон гэж хэлээд л фракцгүй болчихдог юм биш л дээ” гэж ярьж яваа бол зарим нь улс төр дэхь эрүүл үзэгдэл хэмээн хүлээж авч байна.

 

Гэхдээ үүнээс өөр өнцөг бас харагдаж байгааг ч хүмүүс ярьж байгаа юм. Тухайлбал,З.Энхболд АН-ыг фракцгүй болсныг зарлаж байгаад бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх нь гэж ярих хүмүүс ч байна.   

 

Дөрөвхөн сарын өмнө нь л “Шонхор”-ын гишүүдээ удирдан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг түлхэн унагах жудаггvйхэн тэмцлийг оройлж явсан З.Энхболд гэнэт олиггүй үйлдэлдээ ноцтой дүгнэлт хийн гэнэт АН-ыг сайн, сайхан болгохоор зүтгэж эхэлсэн нь дээрх хардлагыг төрүүлсэн байх талтай юм. Ямартай ч тэрбээр тус намын даргаар ажиллах хугацаандаа АН-ыг фракцгүй болсон гэх нэрээр өөрийнхөө шийдвэр бүхнийг үг, дуугүй дагуулж, эрх мэдлээ хэмжээлшгүй ихээр эдлэх нь гэж байна хэмээн намын гишүүд нь үзэж байна.

 

Нөгөөтэйгүүр АН жинхнээсээ фракцгүй болж чадах уу гэдэг асуулт байна. 2016 оны сонгуулийн өмнөх жил АН фракцгүй болсныг гэнэт зарлаж, "Одоо бид ахиж эвдэрэлцэж, муудалцахгүй" гэж хэлж байгаа боловч нөгөө л эрх, мэдлийн төлөөх хуйвалдаан, хөшигний арын  тэмцэл арилахгүй хэвээр үлдэнэ гэдгийг АН-ын жирийн, гишүүд дэмжигчид хэлж байгаа юм. Энэ удаа фракцын тэргүүнүүд намаа фракцгүй болсныг үг, дуугүй хүлээн зөвшөөрч дэмжин, сайшааж байгаа нь тэднийг З.Энхболтой зөвшилцөж тойргоо  эв найрамдалтай хувааж авсных гэж хардах хүмүүс ч байна. Учир нь тус намын бусад жирийн гишүүд дэмжигчид нь бүгд “Энэ бол зөвхөн З.Энхболдын л үг. Манай нам бол тав, зургаан фракцийн эрх мэдэлд орчихоод байна. Тэр дундаа фракцийн дарга нарын эрх мэдэлд орчихлоо” хэмээн ярьж явна.

 

Энэ нь ч үнэний хувьтай байх магадлалтай. Тухайлбал, АН-ын дарга З.Энхболд саяханы нэг өдөр сонгуулийн тойргийг ганцаараа хувиарласан гэдэг. Тэрбээр ҮЗХ-ны гишүүдийг нэг, нэгээр нь дуудаж уулзан “Чиний нэр энэ судалгаан дээр алга. Чи дэвшихгүй. Танай аймгаас УИХ-ын гишүүнд чинь амлачихсан байгаа. Чи бол яваад гарахгүй. Чи бол өмнө нь дэвшээд унаж байсан” гэдэг. Харин “Даргаа Та яагаад ингэж байгаа юм бэ, ямар судалгаа вэ” гэх зэргээр тодруулахад нь “Чамтай хууч хөөрөх зав алга. Гар. Дараагийнх нь хурдал” гэх зэргээр аашилсан байдаг.

 

Тэгэхээр тэрбээр тойргийнхоо хувиарлалтыг фракцийн дарга нартайгаа эхэлж зөвшилцчихөөд ингэж аашилсан байж болох юм.

 

Мөн З.Энхболдын үйлдлийг эсэргүүцсэн жирийн гишүүдийн үгийг өнөөдөр тоож сонсох хүн тус намд байхгүй байгаа юм. Ядаж нэг фракцийн тэргүүн нь залуучуудаа хүлээн авч уулзан санал, бодлыг нь сонсож болно шүү дээ. Энэ бүхэн ч гэсэн  дээрх хардлагыг төрүүлж байж магадгүй юм.

 

Уг нь намын залуу гишүүд нь тус намд тулгамдаад буй асуудлаар шаардлага тавиад байгаа билээ. АН-ын дарга З.Энхболд намын их хурлыг битгий хэл ҮЗХ-ны хурлыг хуралдуудах тун дургүй байгаа. Учир нь өөрөөс нь Л.Эрхэмбаяр хүртэлх жинхлэгдээгүй нөхдийг буцаан татах асуудал энэ хурлаар үүсч мэдэхээр байгаа юм. Харин бусад гишүүд нь намын ҮЗХ-г хуралдуулах цаг нь болсон гэж буй. З.Энхболд намын даргын албан тушаалдаа аль болох удаан суухийн тулд ҮЗХ-г хуралдуулахгүй байгаагаас үүдэн тэр хэрээр АН-д цус ойртолт ихсэж байгааг намын жирийн гишүүд нь үргэлж шүүмжилдэг. Тиймээс тус намд цус сэлбэлт зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүнийг ҮЗХ-ны хурлыг хуралдуулж байж л шийднэ. Гэтэл З.Энхболд ҮЗХ-оо ч хуралдуулахгүй тэгээд сонгуулийн тойргоо ганцаараа хувиарлаж цаашлаад намаа фракцгүй болсныг зарлаж өөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байгаа нь АН-ын түүхэнд битгий хэл дэлхийн практикт ч байхгүй ховорхон дарга болохоор зүтгэж байна хэмээн тус намын гишүүд, дэмжигчид нь хэлж байна.

Т.Сар