Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган өнөөдөр төрийн ордонд эхэлж байна. МАСС Агентлагийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга, Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны Ерөнхийлөгч  Ч.Даваабаяр  “Баялаг бүтээгчдийг дэмжих төсөлд хамрагдсан жижиг, дунд үйлдвэрүүд” хэмээх илтгэл тавьсан юм. Уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Сайн байцгаана уу?                                       

Өнөөдөр бидний ийнхүү чуулж байгаа нь өөрт тулгамдсан олон асуудлаа шийдэх гарцын эхлэл гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд бид Монгол улсынхаа 21 аймаг 20 гаруй сумд гээд 18579 км замыг туулж, эх орны тулгуур түшиг болсон үндэсний баялаг бүтээгчдээ улсын хэмжээнд төдийгүй өөрсдийн боломж нөөцийг ашиглан олон улсад сурталчилж байна.

Монголчууд бид  ааруул ээзгийнээсээ эхлээд автомашин хүртэл угсардаг болсныг харлаа.

Бид хийж байна, чадаж байна, бүтээж байна. Харин үүнийгээ олон нийтэд сурталчилан таниулахад төсөв мөнгөнөөс эхлээд төрөл бүрийн хүндрэл байна. Солонгост 18 жил ажилласан гэр бүл хураасан мөнгөө баялаг бүтээхэд шууд зориулжээ. Одоо улсдаа цорын ганц даавууны бэлдэцийн үйлдвэр болж өргөжин тэлж байна. Бидэнтэй гадаадад суугаа Монгол улсын элчин сайдын яамдууд холбогдлоо. “Монгол хүн харь улсад баялаг бүтээж байгаа тухай” баяртай мэдээг дуулгаж нэвтрүүлэг хийх хүсэлт илгээж бидний ажилд амжилт хүслээ. 

Солонгост 18 жил ажилласан гэр бүл хураасан мөнгөө баялаг бүтээхэд шууд зориулжээ

Бид нэг үеэ бодвол “Импортын барааг зарахаас урьтаж эх орондоо хийж бүтээхийг эрмэлздэг”  болсон нь сайшаалтай.

Монгол улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхай, 10 орчим хувийг уул уурхайн бус экспорт эзэлж байна. Энэ тооноос харахад манай улсын эдийн засаг нүүрсэн дээр  тогтдог гэдгийг харж болно. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тав дахин уналаа. Үүнийг дагаад эдийн засгийн өсөлт 17 хувиас зургаан хувьд хүртэл буужээ.  Энэ нь бидний экспортын бодлого дархлаагүй байгаагийн илрэл юм.  

Эдийн засгаа солонгоруулна энэ нь та бидний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээ байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монголчууд бидэнд бусдаас ялгарах нэг том давуу тал бий. Тэр нь органик, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгт оршино. Одоо дэлхий нийтийн хандлага генетикийн өөрчлөлтгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхэд чиглэж байна. Хятад, Орос гэдэг маш том зах зээл нь бидэнд бэлэн байна. Хил гаалиар нэвтрэх асуудал нь харьцангуй хүндрэлгүй боллоо.

Манай улсын өргөн хэрэглээний барааны 80 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байгааг бид мартаж болохгүй

Боомтын цаана боломж байна.

Сэлэнгэд байдаг үйлдвэрлэл эрхлэгч 70 ажилчинтай. Орос, Герман улсад савхин эдлэл, годон гутал нийлүүлдэг. Сайншандад хог дахин боловсруулах үйлдвэртэй нэгэн эмэгтэй бий. Хятад улсаас бүтээгдэхүүнийг нь авах санал ирүүлээд байна аа. Өөр энд дурдагдаагүй олон үйлдвэрүүд боомтын цаадах боломжийг ашиглахаар хөдөлмөрлөөд эхэлжээ. Гэтэл манай улсын өргөн хэрэглээний барааны 80 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байгааг бид мартаж болохгүй.

Ганцаараа бүтээх гэж зүтгэхээс илүү кластерийн систем рүү орохыг уриалж байна.

Манай том үндэсний үйлдвэрүүд жижигүүдээ түлхэж унагаах явдал их ажиглагдаж байна. Нэг нь ундаа хийдэг байхад нөгөөхдөө ундааны бөглөөг нь үйлдвэрлэх боломжийг олгодог болгоё. Бүхнийг ганцаараа гэхээс илүү бүл болж ажиллах хэрэгтэй.  Нэг томыг дагаж нижгээд жижиг үйлдвэр босч ирэх нөхцөл бол кластерийн систем. Энэхүү шалгарсан системийг ашиглаж үр дүнгээ ч нэмэгдүүлье үржил шимээ ч өсгөе.

Дов довоо борлуулж биш долоо наймуулаа хамтарч бүтээхийг эрмэлзье.

Баянхонгор аймагт долоо хоршоо нийлээд 140 өрхийн 600 хүнийг ажлын байраар хангаад даршилсан ногоо үйлдвэрлэж байна. Тэд түүхий эдээ гаднаас авдаггүй. Бордоогоо ч хүртэл өөрсдөө хийдэг. 

Нэг томыг дагаж нижгээд жижиг үйлдвэр босч ирэх нөхцөл бол кластерийн систем

Бидэнд Ухаж түнхдэг биш урамшуулан дэмждэг төр, засгийн дэмжлэг хэрэгтэй.

Өнөөдрийн мөрдөгдөж буй хяналтын гол философи нь “болохгүй” дээр төвлөрдөг. Харин үйл ажиллагааны зарчим нь торгоно, хаана, бооно, цуцлана гэдэг дээр үндэслэгддэг. Энэ бүхнийг өөрчилөх асуудлыг энд цугалсан дээрээ ярилцах хэрэгтэй.

Хүнд сурталаа багасгаж хөгжин дэвжихэд нь тусалдаг болъё.

Баялаг бүтээгчид жилдээ 20-30 удаа төрийн ямар нэгэн шалгалтад ордог байх юм. Энэ нэг талаар хүн суртал гэж ойлгогдож болохоор байна.  Намаараа талцах асуудал ч байсаар байгааг та бүхэн мэднээ.

Миний бие та бүхний адил баялаг бүтээж яваа энгийн нэгэн үндэсний үйлдвэрлэгч. Хийж бүтээгээд явахад хэцүү хүнд дарамт олон тулгардаг. Манай хамт олон дотоод сэтгэлд байгаа чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг эх орон даяаар хэрэгжүүлж байна. Цаашид ч эрчимтэй үргэлжлэх болно.

 

Баялаг бүтээгчид жилдээ 20-30 удаа төрийн ямар нэгэн шалгалтад ордог

Өнгөрсөн хугацаанд бид 100 гаруй телевизийн нэвтрүүлэг, 60 гаруй ярилцлага, 200-аад мэдээ сурвалжлага, 140,000 сэтгүүл, 60 гаруй реклам шторкийг бэлтгэн гаргаж, сошиал ертөнцөд 4,168,000 хүний /давхардсан тоогоор/хандалттайгаар үндэсний баялаг бүтээгчдийг үнэ төлбөргүй сурталчилж өөрт байгаа бүхнээрээ дэмжихийг эрмэлзэлээ.

Би энэ бүхнийг реклам болгож хэлээд байгаа юм биш. Бид байгаа бүхнээрээ  нэгнээ дэмжээд эхлэхэд үр дүнд хүрдэг юм байна аа гэдгийг ойлгуулах гээд байгаа юм.

Дараа дараачийн гарах үр дүн маань дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх,  эх оронч худалдан авалт, эх оронч хэрэглээ, эх орны экспорт, зээлийн уян хатан бодлого, зээлийн батлан даалт зэрэг бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг эрх зүйн болоод эдийн засгийн хувьд ухаалгаар шийдвэрлэсэн уулзалтууд болно гэдэгт итгэл төгс байна.

Үндэсний баялаг бүтээгчдийг үнэ төлбөргүй сурталчилж өөрт байгаа бүхнээрээ дэмжихийг эрмэлзэлээ

Энэ бол маш том зах зээл.

Төрийн байгууллагуудын таван жилийн принтерийн хорны хэрэглээг зөвхөн үндэсний принтерийн хор үйлдвэрлэгчээс худалдан авах тухай шийдвэрийг төрөөс гаргах мөн  жил бүрийн цагаан сараар үндэсний бэлэг өгөхийг уриалсан санаачилгууд гарч байвал  үйлдвэрлэгчид хөл дээрээ босох сайхан эхлэл болноо.

Баялаг бүтээгчид банкны шалгуурыг давахгүй байна.

Сэтгэл нь байна, , чадвар нь байна,  техник нь байна харин бидэнд барьцаа хөрөнгө нь алга. Хүсэл нь байна,  хүний нөөц нь байна, харин хүүгийн төлбөр нь болон шалгуурыг нь дийлэхгүй байна.

Үндэсний үйлдвэрлэлд ээлтэй банкыг урамшуулан дэмждэг тогтолцоо хэрэгтэй.

Өнөөдөр бид банкуудтай зээлдэгчийн түвшинд харьцаж байна. Цаашид энэ системийг өөрчилж нэг нь санхүүжүүлэгч, нөгөө нь төсөл хэрэгжүүлэгчийн байр суурьнаас хамтарч ажиллах системийг бүрдүүлэх хэрэгтэй.

Зээл авсан үйлдвэрлэгчийг эхний 2-3 жилд нь орлогын албан татвараас чөлөөлөх хэрэгтэй. Энэ мэт илтгэлд дурдагдаагүй олон сайхан санал санаачилга, өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадсанаар зээлнээс зээлийн хооронд, татвараас татварын хооронд дарамтлуулж яваа баялаг бүтээгчид та бид хөл дээрээ босоод ирнэ.

Монгол хүн бид Монголдоо хөдөлмөрлөж, Монгол өрх бүр монголдоо бүтээж,  үр хойчдоо ухдаг биш үржүүлдэг эдийн засгийг өвлүүлэн үлдээж

Саяхан Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж та бидэнд ээлтэй бодит дэмжлэг болохуйц зарлиг гаргалаа. Мөн Улсын их хурал, Засгийн газраас ч баялаг бүтээгчдийг дэмжих талаар идэвхитэй анхаараад эхэллээ. Иймд манай хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г байгуулсныг та бүхэнд баяртайгаар мэдэгдье. Бид эхний жил гишүүнчлэлийн хураамж болон татвараа 100 хувь чөлөөлсөн.  Та бүхнийг “энэ холбоонд нэгдэж их өөрчлөлтийн төлөө хамтдаа зүтгэхийг” уриалж байна. 

Монгол хүн бид Монголдоо хөдөлмөрлөж, Монгол өрх бүр монголдоо бүтээж,  үр хойчдоо ухдаг биш үржүүлдэг эдийн засгийг өвлүүлэн үлдээж, хийж бүтээж хөдөлмөрлөдөг, хэний ч өмнө нүүр бардам хүчирхэг улс болно гэдэгт итгэлтэй байна.

Манай хэвлэл мэдээллийн МАСС АГЕНТЛАГ, ETV ТЕЛЕВИЗ цаашид баялаг бүтээгчидээ дэмжсээр байх болно. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.