Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хилийн чанадад 33 монгол иргэн нас барсан байна. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

 

-Манай улсын 33 иргэн хилийн чанадад амиа алдсан гэж байна. Эдгээр хүмүүс ихэнхдээ юуны улмаас амиа алдсан байдаг вэ?

 

-Хилийн чанадад амиа алдсан иргэдийн олонхи нь өвчний улмаас нас барсан байдаг. Дотор нь анализ хийж үзэхээр 1990-ээд онд монголоос гарсан хүмүүс нас нь нэлээн явсан байна. Ялангуяа Солонгост ажиллаж байгаа хүмүүс хүнд, хүчир ажил хийснээс эрүүл мэндийн байдал муудсан зэрэг хүчин зүйлээс болсон байдаг.

 

-“Иргэдэд туслах сан”-д энэ онд хэчнээн төгрөг төсөвлөв. Амиа алдсан иргэдэд хэчнээн төгрөг зарцуулсан бэ. Ар гэрийнхэнд нь ямар тусламж үзүүлэв?

 

-“Иргэдэд туслах сан”-гийн үйл ажиллагааг Консулын газар голчлон эрхэдэг. Өнгөрсөн онд 79 иргэний өргөдлийг хүлээн авч 66 иргэний өргөдлийг шийдвэрлэсэн. Үүнд 209 сая төгрөг зарцуулсан. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 30 орчим иргэний өргөдлийг барагдуулахаар ажиллаж байна. Үүнд 70 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Бид Сангийн яаманд 500 сая төгрөг гаргуулах хүсэлт тавьсан боловч санхүүгийн хүндрэлтэй байгаа гэдэг үүднээс тал хувийг нь баталлаа. Түүнийг иргэдэд хүргэх тал дээр үргэлжлүүлэн ажиллана. Гэхдээ өргөдөл гаргасан хүн болгонд зарцуулахгүй. Учир нь “Иргэдэд туслах сан”-гийн дүрэмд заасны дагуу олгоно. Тухайлбал, гадаадад аялж явсан иргэдэд бус тодорхой хугацаагаар амьдарч байгаад золгүй байдлаар нас барсан, ар гэр нь амьдралын төвшин доогуур иргэдийг чандарлах, эх оронд нь чандрыг авчирхад зарцуулдаг. Мөн ял эдлээд гарч ирсэн, ар гэрийн амьдрал хэцүү, буцаад ирэхэд санхүүгийн зардалгүй иргэдийг эх оронд нь авчирахад тодорхой хэмжээний мөнгийг зарцуулж байгаа. Гадаадад амиа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд тухайн улсын виз авах, шарил чандрыг эх оронд нь авчрах арга замын талаар зөвлөгөө өгөх, шарилыг чандарлах, нутаглуулахад хилийн чанадад байгаа иргэдэд сангаас тусламж олгох арга хэмжээг авлаа.

 

-Хар тамхины хэргээр манай улсын хэчнээн иргэн Хятадад хоригдож байгаа вэ. Манай улс хар тамхины асуудалд хатуу хандана гэдэг. Гэтэл хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байгаа иргэдийг яагаад хамгаалаад байгаа юм бэ?

 

-Манай улсын 25 иргэн хар тамхины хэргээр Хятадад хоригдож байгаа. Энэ онд гурван иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу авахаар ярилцаж байна. Тэдний биеийн байдал сайнгүй байгаа. Хамгийн анх манай улсын иргэн 2.7 кг хар тамхи тээвэрлэж байгаад баригдсан. Энэ нь Хятадын хуулиар цаазаар авах ял төлөвлөдөг. Гэсэн ч анх удаа хар тамхины хэрэгт холбогдсоныг нь үндэслэн Хятадын талаас цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн. Бид тэр хүмүүсийг хамгаалсан зүйл байхгүй. Хятадад хоригдож байсан н.Эрдэнэчимэгийн хувьд биеийн байдал нь тун муу байгаа. Цаашид үргэлжлүүлэн ял эдлэхэд хэцүү болсон учир Хятадын талаас эх оронд нь шилжүүлэхийг зөвшөөрсөн. Тиймээс н.Эрдэнэчимэгийг нэгдүгээр сард эх оронд нь авчирсан. Гэхдээ Монголд ирээд үргэлжлүүлэн ялаа эдэлнэ. Мэдээж эх орондоо байна гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Ядаж ар гэрийнхэнтэйгээ уулзах боломжтой болно гэж үзэж хүмүүнлэг хандаж байгаа явдал шүү дээ. Түүнээс ялаас нь хэлтрүүлэх гэсэн явдал байхгүй.

 

-Хилийн чанадад үрчлэгдсэн хүүхдүүдийг хэрхэн анхаарч, эргэж тойрдог вэ. Мөн хараа хяналтгүй хүүхдийг эх оронд нь авчирсан гэж сонссон?

 

-Хараа хяналтгүй орхисон, насанд хүрээгүй 16 хүүхдийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олж, эх оронд нь авчирсан. Хүүхэд үрчлэлтийн асуудал манай яаманд харьяалагддаггүй. Гэхдээ Консулын газрын ажилтнууд тэднийг ямар орчинд өсч бойжиж буй талаар мэдэхийн тулд очиж уулзан, бидэнд нууцын зэрэглэлтэй мэдээлэл ирүүлдэг. Эцэг эхчүүдийн буруутай үйлдлээс болж хилийн чанадад хараа хяналтгүй орхигдсон хэд хэдэн тохиолдол гарсан. Жишээ нь, ээж нь дөрвөн настай хүүхдээ Хятад руу авч яваад өөрөө архи уугаад хүүхдээ хятад айлд үлдээгээд алга болсон. Тиймээс хүүг нь Хятад иргэн авч хоёр жил өсгөсөн байгаа юм. Хүү сургуульд орох насанд хүрэхэд манай улсын иргэн учраас сургуульд сургах боломжгүй байж. Тиймээс хүүг өсгөсөн хүн нь манай улсын Консулын газарт хандсанаар хүүг эргүүлэн эх оронд нь авчирч эмээд нь өгсөн. Аав, ээж нь архи уугаад хүүхдээ хаячихсан, төөрсөн гэх мэт асуудлууд гардаг. Одоогоор хараа хяналтгүй хүүхэд хил давж гарсан тохиолдол алга.

 

-Хятадад манай улсын иргэн амиа алдсан харамсалтай явдал хоёр ч удаа болсон. Мөн Малайзад манай улсын иргэн амиа алдсан. Эдгээр хэрэг юу болж байна вэ?

 

-Манай улсын иргэн П.Сүхбатын хувьд гадны нөлөөгүй гэдэг нь тогтоогдсон. Гэр бүл нь камерын бичлэг зэргийг нь үзсэн. Малайзад болсон хэргийн тухайд дөрвөн монгол бүсгүй согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэснээс нэг нь цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай явдал болсон. Үүнийг тус улсын цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Манай улсын иргэд өөрсдөө болчимгүй, болгоомжгүй байдлаасаа болж амиа алдах, хэрэгт холбогдох асуудал их байгааг сануулмаар байна. Эдгээр хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байна.

 

-Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тал дээр танай газар ямар ажил хийж байна вэ?

 

-Гадаадад 45 газарт дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байна. Үүнээс АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ-д Консулын хэлтэс ажилладаг. Хэлтэс тус бүрт гурван хүн ажилладаг. Бусад улсад нэг төлөөлөгч бий. Элчин сайдын яаманд бүртгэлтэй хилийн чанадад амьдардаг 97 мянган хүн байдаг. Бид урьдчилан сэргийлэх ажлыг боломжийнхоо хэрээр хийж байна. Тухайлбал, БНСУ-д Хөдөлмөрийн хүчийг зохицуулах газар байна. Манай цагдаагийн төлөөлөгч ажиллаж байна. Бид Элчин сайдын яамаар дамжуулан иргэдэд анхааруулах боршур тарааж байна. Мөн Хятадын Гуанжоу хотод консулын төлөөлөл байгуулах талаар ярилцаж байгаа.

 

-Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг ямар шатандаа явж байна вэ?

 

-Ш.Алтантуяагийн хэрэг дээр 2007 оноос хойш ажиллаж байна. Төр, засгаас тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Одоогийн байдлаар Ш.Алтантуяагийн хэрэгтэй хобогдуулан иргэний нэхэмжлэлийн асуудлыг Малайзын талд тавьж байгаа. Тодруулбал, хүүхдүүдэд нь тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг Малайзын засгийн газар үзүүлэх шаардлагатай гэсэн асуудлыг хамтраад тавьж байна. Манай Малайз дахь өргөмжлөлт консул ирж бидэнтэй уулзаж, дээрх асуудлаар ярилцсан.