Эхний золиос нь М.Энхсайхан уу
2015/04/20
Ойролцоогоор таамагласан нөөц нь 6,4 тэрбум тонн, үүнээс коксжих нүүрсний нөөц нь 1,8 сая тонн хэмээгдсэн Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хөрөнгө оруулагчаар тодорсон “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудын түншлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээр хийсэн Монгол Улсын сайд М.Энхсайханы байдал базаахгүй болоод явчихлаа.
М.Энхсайхан сайд анхнаасаа л “Тэрбум ам. доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан төслийг мега төсөл гэж дэлхий нийтээр нэрлэж байгаа. Mега төслийн гол онцлог нь улстөр, эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн ашиг сонирхлоо тулган хүлээлгэх байдлаар хөндлөнгөөс оролцвол маш амархан хагаран унадаг” гэдгийг ам нээх болгондоо сануулсаар байсан.
Түүний тайлбарлаж байснаар мега төсөл амжилттай болбол баялаг нэмэгдэж, амжилтгүй болбол тухайн улс орны баялаг устан алга болж, ноцтой хохирол хүлээдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа. Товчхондоо асар өндөр үнээр босдог мега төсөл нь баялгийг бүтээгч хэрнээ цаад талдаа баялгийг устгагч байдаг юм байна.
Нөгөөтэйгүүр М.Энхсайхан сайдын тайлбарласан “Тавантолгой төсөлд монголчууд нэг ч төгрөг зарахгүй. Төсөл ажиллаж эхэлсэн цагаас Монгол Улс үр шимийг нь шууд хүртэнэ. 200 сая ам. долларын урдчилгаанаас гадна төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жил бүр татвар, төлбөр, хураамжаар 340 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ. Төмөр зам гэж овоолсон шороондоо 280 сая ам. доллар авна. Тавантолгой жил бүр манайд наад зах нь 700 сая ам. долларын зардал гаргана. 500-600 аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгч болно. 12 мянга хүртэл ажлын байр бий болно. Тавантолгой төсөл дэлхийн хэмжээний төсөл болно” гэсэн нь ажил хэрэг болоход томоохон саадтай тулгарчих шиг боллоо. Засгийн газрын хуралдаанаар шийдсэн Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барих асуудал хойшлогдсоор байгаа нь ингэж хардах үндэслэл болж байгаа бөгөөд түүний зөгнөж байсанчлан “Мега төсөл хагарахдаа амархан байдаг”-ийг Монголчуудад үзүүлж ч магадгүй нөхцөл үүсчихэв бололтой.
Одоогоор дэлхий нийтэд мэдэгдэж байгаа нь аварга том мега төслүүд санхүүгийн капиталыг устгаж сүйрүүлсэн нь илүүтэй байгаа юм байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн гуравны нэг нь амжилтад хүрч, гуравны хоёр нь нурж унасан гэж байгаа. Ийм л нэг эрсдэлтэй, тэгэхдээ нэг өндийгөөд ирвэл Монгол Улсыг сэвхийтэл нь өргөөд босоод ирж ч магадгүй Тавантолгой гэгч мега төслийг бид бүхэн амьсгаа даран харж суугаа. М.Энхсайхан сайд 30 жилийн хугацаанд шууд болон шууд бус утгаар Монгол Улсад 94 тэрбум ам. долларын ашиг орж ирэх тухай ч ам алдсан. Байдал ийм л тодорхойгүй, эгзэгтэй үед УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх “Тавантолгойд Монголчуудад маш их хохиролтой гэрээ байгуулах гэж байна” гээд М.Энхсайхан сайдыг телевизийн халз мэтгэлцээнд дуудчихсан. Гэтэл цагтаа Монгол Улсын Засгийн газрыг гайгүй амжилттай удирдаж, АН-ын лидерүүдийн нэг явсан М.Энхсайхан сайд “Улстөрийн тавцанд “загвар үзүүлэх” гэсэн, хэн нэгний хүүхэлдэйтэй мэтгэлцдэг нь би биш” гээд тас хөндлөн зөрөөд суучихлаа. Хуучнаар МАХН өнөөдрийн МАН хэзээнээсээ сонгуулийн өмнө популизм хийж, үл гүйцэлдэх утопи амлалт өгсөөр ирсний балгийг өнөөдөр улсаараа үүрч яваа. 2008 оны сонгуулийн өмнө “Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно” хэмээн батламж тараагаад баахан бужигнуулсан. Түүний хор уршиг өнөөдөр ч бүрэн гүйцэд арилаагүй л байгаа. Өрсөлдөгчөөсөө дутахгүй гэсэндээ АН-ынхан ч зүгээр суухгүй “Эх орны хишиг” нэрээр сая төгрөгийн хувьцаа олгохоор амлачихсан. Нэгэнт ард түмэндээ амлачихсан болохоор эхний хоёр жил 50-70 мянгаар нь цувуулж өгч үзээд бүр сүүлдээ үнэнд гүйцэгдэж сар сард нь нэг юм олгохчоон болж хөглөсөн түүхийг мартсан хүн байхгүй.
Тун удалгүй бэлэн мөнгө тараах чадваргүй болж иргэн бүрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа олгох юм болж, иргэн бүрийн дансанд хийнэ ч гэл үү, юутай ч брокер диллерийн компанид данс нээлгэхийг сурталчилж баахан пижигнүүлсэн. Эцэстээ “Ичсэн хүн хүн ална” гэгчээр Оюутолгой, “Чалко” гээд мөнгө зээлж болмоор наашаа харсан болгоноос бадар барьж, амлалтаа биелүүлэхээр тараагаад цацчихсан өрөө өнөөдөр ч төлж чадаагүй л сууцгааж байгаа. Монголын улстөрчид, улстөрийн намууд өнгөрсөн хугацаанд иймэрхүү л популизм хийцгээж ирсэн. Тэрхүү амлалт, сонгууль угтсан популизм нь арай нэг намжмар аядаж байсан чинь М.Энхсайхан сайдын байнга анхааруулсаар байгаа Тавантолгой төсөл рүү чулуу шидэж хагалахаар шийдсэн бололтой. Үнэндээ Таван¬¬толгойн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газар тун хатуухан болзол тавьсан юм билээ.Тэдгээр нь “Хөрөнгө оруулалтаа хий, 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуул, 270 км төмөр зам тавь, “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д төлөх ёстой 110 сая орчим ам. долларын өр зээлийг төлж барагдуул” гэсэн маш хатуу шаардлагууд байж.Хэзээ ч хагарчихаж болзошгүй тун эмзэг хэрнээ дэлхийн хэмжээний Тавантолгойн мега төслийн гэрээ дөнгөж үзэгнээс гарч Засгийн газарт ирэнгүүт нь хууль тогтоох дээд байгууллага, УИХ “үгүй” гээд суучихсан. УИХ-ын дарын зөвлөх А.Гансүх Англи болон АНУ-ын хамтарсан “Hogan Loүells” Олон улсын хуулийн фирмийг өнгөрсөн гуравдугаар сарын есний өдөр Хонг Конгийн арбитрын шүүх дээр ялж хөөрхөн шуугиулсан нь үнэн.
Гэхдээ энэ удаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 30 жил үйлчлэх хугацааг 70 жил гэж ташаа ойлгон УИХ-ын даргад “зөвлөсөн” шигээ М.Энхсайхан сайдын ахалсан Тавантолгойн төслийн гэрээг “ташаа ойлгоогүй” байгаасай гэж найднам. Мөн зөвхөн Монгол залуучуудынхаа сурсан, мэдсэн эрдэм дээр тулгуурлан Тавантолгойн хөрөнгө оруулагчдын өмнө 350 асуулт жагсаагаад харилцан ойлголцож, тохиролцсон асуудлуудын хэдийг нь А.Гансүх зөвлөх “их мэдэж” М.Энхсайхан сайдыг буруутгаад байгааг ч УИХ дээр нэг бүрчлэн ярилцах учиртай. Гэхдээ тэр нь М.Энхсайхан сайдыг золиослоход чиглэгдэх ёсгүй.
Зочин · 2015/04/21
zolios gej yu yaraid bgaan zavshigch gej yariach