УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Тавантолгой төслийн асуудлаар Ийгл ТВ-д дэлгэрэнгүй ярилцлага өгснийг хүргэж байна.

-Энэ долоо хоногт УИХ Тавантолгой төсөл эхлэх эсэхийг шийднэ. Ер нь гишүүд та бүхэн ямар мэдээлэлтэй байгаа вэ? Намын бүлгүүд энэ талаар дотроо ярилцсан байх, танай намын байр суурийг сонирхож болох уу?

-Өнөөдөр манай бүлэг энэ асуудлаар ярилцаагүй байгаа. Засгийн газраас Ардчилсан намын бүлэгт мэдээлэл өгч байгаа сурагтай байсан. Удахгүй манай намын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөх байх.

-Ер нь Тавантолгой болон бусад томоохон төслүүд хөдлөх ёстой, тэгэж байж улс орны эдийн засаг сэргэнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэтэл одоо Эрдэнэс Тавантолгой компани ашигтай ажиллаж байгаа гэсэн өөр байр суурь харагдах боллоо. Ойлголцол хаа хаанаа нэг түвшинд хүрэхгүй байна гэсэн хардлага үүсээд байна л даа?

-Эрдэнэс Тавантолгой компани Засгийн газрын л нэг компани. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойг учиргүй ашигтай ажиллаж байгаа гэдэгт хэн ч итгэхгүй. Үйл ажиллагаагаа өнгөрөгч оны дунд үеэс хойш явуулаагүй. Түүний өмнө Чалкогийн гэрээг сайжруулах гэж байна гээд зургаан сар зогсоож байсан. Сайн ажиллаж байгаа компани өмнөх өр зээлээ төлж чадахгүй, алдагдлаа жил болгон нэмэхгүй л байсан байх. Эндээс аваад үзвэл Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагаа сайн биш байгаа. Зүгээр, наад яриаг чинь бол Эрдэнэс Тавантолгой сайн байгаа гэсэн нэрийдлээр Тавантолгойн гэрээг явуулахгүй гэсэн оролдлого л гэж би харж байна.

-ТАВАНТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗӨВ ГАРЦЫГ ОЛООД, ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШИГТ НИЙЦНЭ-

-Шийдвэр гаргах түвшинд нэгдсэн ойлголтонд хүрэхгүй болохоор энгийн ард иргэдэд тодорхой мэдээлэл хүрэхгүй байна. Үнэхээр үндэсний аюулгүй байдалтай зөрчилдөх зүйл заалт гэрээний төсөлд орчихсон юмуу? Жишээ нь нэг улсын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ хэтэрчихсэн, гадныханд хамаг юмаа тавиад туух гэж байгаа юмуу? Хариуцаж байгаа сайд нь бол их боломжийн гэрээ, сайн хөрөнгө оруулагчид гэж үзээд байгаа. Та бүхэнд гэрээний төсөл очсон байх, яг аль талд нь асуудал байгаа гэж харж байна вэ?

-Тавантолгойн үр ашиг, агуулга талаасаа илүүтэй процедурын хувьд ихээхэн ноцтой алдаа гарчихсан. УИХ-ын хаврын чуулган 4-р сарын 6-нд эхэлсэн. Чуулганы өмнөх өдөр нь Ерөнхий сайд ард түмэнд хандаж үг хэлэхдээ энэ төслийг явуулна аа гэж мэдэгдсэн. Гэтэл маргааш нь УИХ-ын дарга Ерөнхий сайдад шүүмжлэлтэй хандаж, хэрвээ яг энэ байдлаар төслийг явуулах юм бол Засгийн газрыг огцруулна гэсэн. Дараа нь Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнахдаа аж ахуйн нэгж энэ төслийг аваад явах түвшинд гэрээг нь хийх боломжтой гэж ярьсан. Ингээд үзэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн гурван гишүүн өөр өөр байр суурь илэрхийлээд, санал нь нийлэхгүй байхад Монголын ард түмний санал хуваагдалгүй яахав дээ. Ер нь Монгол Улсын эдийн засаг, улс төрд томоохон байр суурь эзлэх төслүүдийг гаргадаг процедур гэж байдаг. Би үүнийг тайлбарлая. Гэрээ хэлцэл дуусмагц Засгийн газар хэлэлцээд, үр дүнг нь ҮАБЗ-д танилцуулдаг. ҮАБЗ зөвлөмж гаргасны дараагаар УИХ дээр хэлэлцэгддэг. Ийм л дэс дараалал, журамтай явж ирсэн. Гэтэл одоо юу болж байна гэхээр Засгийн газар нь Тавантолгойн асуудлыг хэлэлцэж эцэслээгүй байхад төрийн ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа олон нийтийн өмнө эсрэг тэсрэг мэдэгдэл хийчихсэн. Яагаад ҮАБЗ-д томоохон төслүүдийг оруулж танилцуулдаг вэ гэхээр төрийн өндөр албан тушаалтнууд уулзаж хоорондоо учраа ололцохгүй, өөр өөр байр суурь гаргахаар хөрөнгө оруулагчдад буруу мэдээлэл очно. Ингэхээр тэдний Монголын төрд итгэх итгэл улам буурна. Энгийн иргэн бүү хэл томоохон орнууд хүртэл энэ Монгол Улсад чинь юу болоод байна гэдэг асуудал үүснэ. Ийм учраас төрийн томоохон шийдвэр гаргах дэс дараа, зарчим гэж байдаг. Энэ зарчим Тавантолгойн төсөл дээр алдагдсан. Ингээд ирэнгүүт гэрээ хийж байгаа талуудад байдал хэцүү болж ирсэн. Хэнд нь нийцүүлэх юм бэ? Мэдээж энэ төслийн хүрээнд нэгдүгээр номерт Монголын эрх ашиг хөндөгдөж байх ёстой, дараа нь хөрөнгө оруулагч тал тодорхой хэмжээний ашиг олох ёстой. Агуулгаар нь авч үзвэл анх Засгийн газар Тавантолгой дээр хөрөнгө оруулах тендер зарласан. Ингээд тавигдсан шаардлагыг хангаад шалгарсан компаниа л Засгийн газар оруулж ирж байгаа, мэдээж. Гэтэл одоо тендерт оролцогч компаниуд дээр маргаан үүсгээд байна шүү дээ. Энэ төсөл Засгийн газрын хувьд том ач холбогдолтой асуудал. Тэнд зөвхөн нүүрс ухах тухай асуудал биш юм. Зарим хүмүүс зүгээр нүүрс ухах төдийгөөр ойлгоод, тэр хэмжээгээрээ хүмүүст мэдээлэл өгөх гээд байх шиг. Энэ чинь цаанаа нүүрсээ ямар орнуудад зарах вэ? Тээвэрлэлтийн нөхцөл ямар байх юм? Төмөр замаар явбал ямар тарифтай байх вэ? Бусад орнууд руу гарахын тулд далайн боомтонд яаж хүрэх вэ? Угаасан нүүрс зарах юм уу, эрчим хүчний нүүрс зарах уу гээд бүгд дотроо ялгаатай, нарийн асуудлууд. Тийм учраас ганц нэг заалтыг нь олж аваад, тэрэндээ үндэслэж буруушаагаад яривал энэ төсөл агуулга муутай болно. Аль болох цогц байдлаар нь авч шийдээсэй гэж бодож байна. Төмөр зам яах аргагүй энэ төслийн нэг том бүрэлдхүүн хэсэг байх учиртай.

-Манай улсын 2.1 сая иргэн, 553 аж ахуйн нэгж Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаанаас эзэмшиж байгаа. Эдгээр хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хаана байх ёстой вэ гэдэг асуудал дээр маргаантай байгаа. Хамгийн түрүүнд 1072 хувьцааг амилуулах хэрэгтэй байна гэж байна. Мэдээж иргэд хувьцааныхаа өгөөжийг нь хүртэхийн тулд энэ төсөл яалтгүй эдийн засгийн эргэлтэнд орж, үр ашигтай ажиллаж, бүтээгдэхүүнээ хоёрдогч, гуравдагч зах зээлд хүргэх ёстой байх. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-За бараг л өөрөө бүгдийг нь хэлчихлээ. Би өөртэй чинь адилхан саналтай байна. Эхлээд энэ төсөл явах ёстой. Тавантолгой төсөл ашигтай байж хувьцаа нь үнэтэй байна. Одооных шигээ зогсонги байгаад байвал хэзээ ч үнэд орохгүй. Тавантолгой төслийн үйл ажиллагаа эхлэхээр энэ хувьцаа иргэдэд ашгаа өгч эхлэнэ. Энэ тохиолдолд хоёр янзаар үр ашиг хүртэнэ. Нэгдүгээрт, цэвэр ашгаас, хоёрт, хувьцааны үнийн дүнгээр ашиг хүртэнэ. Үнэхээрийн 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн эрх ашгийг бодох юм бол Тавантолгой төсөл явах ёстой. Хэрвээ одоогийнх шигээ байгаад, тээвэрлэлт хийхгүй бол Эрдэнэс Тавантолгойн өр нэмэгдээд л байна. Өрөө дарж чадахгүй байж ногдол ашиг тараана гэж байх уу? Өчнөөн ажилтнуудын цалинг зээл аваад тавьж байгаа. Олон өр, зээл дотроос Зөвхөн Чалког л татаж авчраад яриад байгаа болохоос биш үйл ажиллагаа нь алдагдахын хирээр эдийн засгийн өчнөөн олон хүндрэлүүд үүсч байгаа. Энэ алдагдал, хохирлуудын хирээр Монгол Улсад улам гүнзгий хор хөнөөл ирнэ. Тиймээс Тавантолгой дээрээ зөв гарцыг олоод, төслийг эхлүүлэх нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцнэ. Хувьцаанд ногдох ашиг гэж байхгүй, хувьцаа гаргагч компани нь ашиггүй ажиллаад байвал тэр хувьцаа ямар ч үнэ цэнэгүй. Тиймээс олон талаас нь харж байгаад энэ асуудлыг шийдээд явуулах хэрэгтэй.

-Асуудлыг шийдэх гэхээр консорциумд оролцож байгаа Монгол талын компанийг өр шир ихтэй, Монголын компани биш, дампуурчихсан гэх юм. Хувийн компанийн өрийг дарахын тулд төр баялгаа өгөх гэж байна гэсэн мэдээлэл ч яваад байгаа. Энэ хэр бодитой вэ?

-Одоогоор бидэнд ирүүлсэн мэдээллээр Хятад, Япон, Монголын гурван компани консорцуим болоод тендерт оролцож, материалаа ирүүлсэн байгаа. Засгийн газар үүнийг үзээд тодорхой шалгуураар энэ гурвыг сонгосон. Хэрвээ Энержи Ресурсыг шалгаруулахгүй байсан юм бол анхнаасаа энэ компанийг тендерт оролцуулахгүй гэдгээ зарлачих ёстой байсан. Зохих журмаар нь оролцуулж, шалгаруулчихаад, дараа нь үндэсний нэг компаниа элдвээр өөлөөд байх шаардлагагүй. Хоёрдугаарт, 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар бүрдсэнээс хойш Монгол Улсын эдийн засгийг богинохон хугацаанд яаж унагаж болдгийг яруу тодоор харуулсан. Түүнээс хойш ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгж Монголд байгаа гэдэгт нилээн эргэлзэж байна. Нилээн томоохон компаниуд нь үйл ажиллагаагаа тэлээд, нэмэлт хөрөнгө оруулалтууд хийчихсэн байгаа учраас банк, энэ тэрд зээлтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ огт өргүй, зээлгүй ийм компанийг Монголоос олоод ир гэвэл бараг олдохгүй биз дээ.

-Гэхдээ л улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийчихсэн, газрын доорх баялаг бүх ард түмнийх гээд Үндсэн хуулиндаа заачихсан байхад энэ компанид өгөх гэлээ гэсэн шүүмжлэл яваад байгаа. Ер нь бизнесийн зарчмаар авч үзвэл, хөрөнгө оруулагчид “тэг” төгрөгний зээлтэй, “тэг” төгрөгний өртэй, шууд бэлэн мөнгөний хуримтлалаар хөрөнгө оруулалт хийх зарчим байдаг уу?

-Хаана ч байхгүй. Оюутолгойг л аваад үзье. Энэ төсөл Эрдэнэтээс 3-4 дахин том үйлдвэр, одоо үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн. Ажилласан 2014 оны гүйцэтгэлийг нь харвал үйлдвэрлэлийн хэмжээгээрээ нөгөө биднийг гучин хэдэн жил тэжээсэн Эрдэнэтээс аль хэдийн даваад явчихлаа. Оюутолгой хөрөнгө оруулалтын 15 том банкнаас зээл авч явж байгаа. Тэгэхээр бид одоогийнхоо эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаад, аж ахуйн нэгжүүддээ зөв шаардлага тавих ёстой. Түүнээс биш өртэй зээлтэйгээр аль нэг оролцогчийг аваад үзвэл хэцүү. Тэгж яривал АНУ-ын Пибоди гэдэг компани үндсэндээ дампууралд тулаад байгааг олон улсын мэдээгээр ярьжж байна. Бас л Тавантолгойн тендерт оролцсон компани шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад аж ахуйн нэгжүүд ашиг олоод явна, зарим үед алдагдал хүлээгээд явдаг зарчимтай. Би макро, микро эдийн засгийн онолыг МУИС-д олон жил заасан. Үнэ өндөр байвал аж ахуйн нэгж ашигтай ажиллана, гэхдээ урт хугацаанд дандаа ашигтай ажиллахад хэцүү. Хажуугаар нь өрсөлдөгч орж ирнэ, үйлдвэрлэл нэмэгдэхээр үнэ бууна. Гэхдээ бас дандаа алдагдалтай ажиллахгүй. Үйлдвэрлэлийн зөв менежменттэй компаниуд зах зээлд үлддэг. Би хувьдаа Тавантолгой дээр энэ зарчим үйлчлээсэй гэж боддог. Хэрэв энэ төслийг явуулахгүй бол Эрдэнэс Тавантолгойн нөхцөл байдалөдрөөс өдөрт хүндрээд л байна. Энэ нь тэгээд Монголын эрх ашиг мөн юм уу? Тавантолгойг олон улсын зах зээл дээр гаргаж чадах Японы Сумитомо байна, дэлхийн хамгийн том нүүрсний зах зээлтэй Хятадын Шинхуа байна, одоогоор манай уул уурхайн салбарт хамгийн тэргүүлэх технологитой, тэргүүлэгч Энержи Ресурс байна. Өөр компани байна уу? Байвал тэр нь орж ирээд хамтдаа хийгээд явахад юу нь болохгүй гэж?

-МОНГОЛЧУУДЫН МААНЬ ХУВЬ ЗАЯА БУРУУГААР ЭРГЭЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ-

-Танаас яг энэ асуултыг асуух гэж байлаа л даа, өөр хувилбар байж болох уу?

-Өөр хувилбар гэвэл одоо дахиад тендерээ зарлана гэсэн үг. Уг нь Тавантолгой дээр Засгийн газраас хөрөнгө оруулагчаа хайж тендер зарласан. Түүний дагуу энэ гурван компани нийлж консорциум болж орж ирсэн. Эднийг шалгаруулахгүй ээ гэвэл тэгээд дахин тендер зарлана, дахиад дор хаяж зургаан сар хэрэгтэй. Дахиад зарлахаар хэн орж ирэх вэ гэдэг асуудал үүснэ. 2012 оны сонгуулиас хойш л яригдаж байгаад, тендер зарлагдаад энэ консорциум орж ирсэн. Одоо энийг сонгох уу болих уу гэдэг асуудал байгаа юм. Энэ сонголтыг Засгийн газар хийгээд гурван компанийн нэгдлийг сонгоод оруулж ирсэн. Одоо УИХ дээр энэ асуудлыг хэлэлцээд дэмжих эсэхээ илэрхийлнэ гэсэн үг. Түүнээс биш аль нэгийг нь салгаад, дахиад нэг өөр улсын компанитай ч юмуу эсхүл дотоодын нэг компанитай нийлүүлээд явна гэдэг бол агуулга муутай. Сонирхож байгаа компани нь багаа бүрдүүлээд орж ирдэг. Ийм хуультай. Энэ чинь ардчилсан нийгэм. Түүнээс биш сонгон шалгаруулалт зарлаад зохих журмаараа шалгарсан компанийг хэн нэгэнд таалагдахгүй гээд болиулдаг хууль гэж байдаггүй. Хүн болгонд таалагдах албагүй.

-Гэрээний төсөл УИХ-ын даргад очсон байгаа. УИХ-ын дарга өөрийн хуулийн зөвлөхтэйгээ нийлээд “Тавантолгойн гэрээнд хэд хэдэн хуулийн ноцтой заалтууд байна. Хөрөнгө оруулагч талынхан олон улсын нэртэй хуульчдыг авч ажиллуулсан байна. Анхнаасаа энэ гэрээнд манай талаас гадны томоохон хуулийн багийг авч ажиллуулах ёстой байсан. Бид молигодуулчихсан юм биш үү” гэх утга агуулгатай байр суурь илэрхийлсэн. Тийм ноцтой зүйл заалт байгаа юу?

-Засгийн газар хэлэлцээгүй байхад гэрээний “ноорог” хувилбарууд явчихсан. Бид бол Ерөнхий сайдын гарын үсэгтэй, яалтгүй албан ёсоор бидэнд тарааж өгсөн хувилбар дээр л ажиллана. Ний нуугүй хэлэхэд, би нэг зүйлд их шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ гэрээний 30 жилийн дараах үр ашиг тодорхойгүй байна гэдэг зүйл яриад байгаа. УИХ 2013, 2014, 2015 оны төсөв баталсан. 2013 оны төсвийг баталж байхдаа жилийн дараа юу болохыг огт таамаглаагүй, буруу тооцоолсон. 2014 оныхыг бас л ялгаагүй буруу тооцоолсон. 2013-2014 оны жилийн төсөв гэхэд л тус бүрдээ нэг их наяд төгрөгөөр тасарчихсан. Ингэхээр жилийн дараах төсвөө зөв харж чадахгүй УИХ 30 жилийн дараах нүүрсний зах зээл дээрх компанийн үр ашгийг зөв тооцоолж байгаа гэдэгт би их эргэлзэж байгаа. Тиймээс энэ бол зүгээр хүмүүсийг төөрөгдүүлсэн, Тавантолгойг явуулахгүй гэсэн хандлага. Үнэхээр 2013 оны төсвийг яг орлого, зарлагатай нь зөв тааруулж батлаад, 2014-2015 оны төсвөө зөв тооцоод баталчихсан байсан бол УИХ-ын даргын үгэнд нэг хувь ч гэсэн итгэл төрж магадгүй байсан. Харамсалтай нь тийм биш байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр явуулна, явуулахгүй гэсэн хоёр л байр суурь байгаад байна. Би бол эдийн засагч хүний хувьд явуулах ёстой л гэж үзэж байна. Явуулахгүй гэсэн байр суурь харин нилээн хүчтэй явж байх шиг, хэвлэл мэдээллийн хүчийг их сайн ашиглаж байх шиг байна. Гэхдээ монголчуудын маань хувь заяа бас ч тийм буруугаар эргэчихгүй байлгүй дээ гэж найдаж байна.

-Ардчилсан нам засгийн эрхэнд гарч ирэхээрээ төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад авдаг гэх ойлголт их бий. Одоо ч гэсэн төсөв дээрээ төрийн өмчийг хувьчилж, орлого олно гэсэн заалт суулгасан байна билээ. Үүний нэг жишээ Тавантолгой байж магадгүй. Үнэгүйдүүлж байгаад төрийн өмчийг хувийн хэвшилд өгөх гэж байна гэсэн хатуу шүүмжлэл гарсан шүү дээ?

-Энэ асуудалтай би санал нийлэхгүй байна. Тавантолгойн гэрээ 2010 оноос яригдаж эхэлсэн. 2010 оны УИХ-ын 39-р тогтоол гарсан. Тэр үед нүүрсний үнэ өндөр, зах зээлийн нөхцөл байдал сайн, тус ордыг сонирхож байгаа нийт 40 гаруй компани байсан. Ийм учраас яг одоо үнэгүйдүүлж байгаад хувьчлах гэж байна гэсэн агуулга үнэхээр зохимжгүй. Яагаад гэхээр Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулагчдыг татаж, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэрийг УИХ-аас бүр 2012 онд гаргасан. Түүнээс хойш явагдаж байгаа ажлын үр дүн энэ.

-Энэ төслийн эдийн засгийн үр өгөөж юу байх вэ? Хувьцааны үр ашгийн тухайд урьдчилсан байдлаар 100 мянган төгрөг өгч болох юм гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэтэл маргааш нь УИХ-ын дарга 100 мянгаар монголчуудын амыг таглах гэж байна гэсэн. Эдийн засагч хүний хувьд өнөөдрийн зах зээлийн нүүрсний үнэ, гадаад дотоодын борлуулалт буурсан байгаа энэ үед бидний 1072 хувьцааны үнэлэмж ямар байгаа гэж үзэж байна вэ?

-Бид асуудалд бодитой хандах ёстой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 100 мянган төгрөг хувьцаа эзэмшигчдэд өгнө гэсэн амлалтыг хамгийн популист амлалтын нэг гэж би харж байгаа. Яагаад гэвэл бид зах зээлийн нийгэмд амьдраад 25 жил болж байна. Иргэд хувьцааны талаар тодорхой мэднэ. Ашигтай байвал хувьцаа ногдол ашиг өгдөг, ашиггүй байвал тэр хувьцаанд ногдол ашиг авдаггүй. Монгол Улс-ын хуулинд ч тэгэж заасан байдаг. Энэ зах зээлийн зарчмаар л амьдармаар байна. 1072 хувьцаагаар ард иргэдийг төөрөлдүүлэх хэрэггүй. Хамгийн гол нь Тавантолгой ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашгаа авна. Засгийн газрын зүгээс бидэнд хувьцаагаа зарах эрх олгож, зах зээлийн горимоор ажиллаж эхлэх тийм цаг үе ирвэл бид хувьцаагаа өндөр үнэтэй байхад нь зарж болно. Үнэ буухад бусдын хувьцаанаас авч болно, арилжаа тасралтгүй явагдаж байх учиртай. Тийм болохоор хувьцаан дээр үндэслэж, Тавантолгой ордын гэрээнээс их мөнгө өгнө, бага мөнгө өгнө гэж туйлшраад байх хэрэггүй. Нэн тэргүүнд энэ төслөө явуулах хэрэгтэй. Монгол Улсад валют хэрэгтэй байна, валютын нөөц “хасах” руугаа орчихлоо. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа учраас оны эхний улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт бас “хасах” руу ороод ирчихлээ. Ийм хүнд нөхцөлд валютын урсгалыг зайлшгүй оруулж ирэх хэрэгтэй. Төрийн төсвийн бодлого, мөнгөний бодлого буруу явчихсан энэ үед Оюутолгой, Тавантолгойгоо явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

-Валютын нөөц асуудал дагуулж гинжин урвалаар олон хүндрэлд хүргэж байгааг бид харж байгаа. Гэхдээ энэ гэрээ хэлэлцээр, төслийн мөнгө Монголын банк, санхүүгийн байгууллагуудаар дамжихгүйгээр яг Оюутолгой шиг гадны банкуудаар дамжаад явчих юм бишүү? Тэгэхээр нөгөө валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилго үлгэрийн далай болчих вий?

-Энэ бол хамгийн ойлгомжтой асуудал. Монгол улсынхаа хуулиар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн данс нь тухайн орныхоо банкинд л байна, өөр хаана байх юм? Оюутолгойтой холбох гэж байгаа бол энэ асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн, Оюутолгой хөрөнгө оруулалтын 15 банкнаас 6-7 орчим тэрбум долларын зээл авчихсан байгаа. Одоо дахиад гүний уурхайгаа ажиллуулахын тулд 4 тэрбум ам.долларын зээлийн тухай ярьж байгаа. Эрдэнэт үйлдвэр 20 жил ажиллаж байж ашгаа өгч эхэлсэн. Тэгэхээр дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компаниас их хэмжээний мөнгө нэхэх нь утгагүй. Тавантолгой явлаа гэж бодоход эхлээд төмөр зам баригдаг, наанадаж тэр хавийн шороо тоос багасна. Хоёрдугаарт, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ. Бид Хятадын зах зээл дээр Австралитай өрсөлддөг, гэтэл Австрали улс энэ байр сууриа улам нэмээд явж байна. Тавантолгой эхлэх юм бол долларын урсгал нэмэгдэж таарна. Эхлээгүй байхад нь ингэх гэж байна гээд сөрөг таамаглал яриад байж болохгүй.

-УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ардчилсан намын бүлгийн дарга зэрэгцэж сууж байгаад мэдээлэл хийхдээ 14 хоногийн дотор шийдмээр байна гэсэн. Гэвч өргөн барих гэсээр байтал чамгүй хугацаа өнгөрчихлөө. Ерөнхий сайдын хүссэнчлэн 14 хоногт бид энэ гэрээ хэлцлийг эцэслэн шийдэх боломжтой юу, таны баримжаагаар?

-Чадахгүй байх. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвын зөрчил арилаагүй байна. Тэр ҮАБЗ-ийн зөвлөмж хаана байна? Яагаад УИХ-ын гишүүдэд тараахгүй байгаа юм? Энэ гурван хүний хоорондын зөрчил арилаагүй байхад ийм хугацаанд амжихгүй. УИХ-даа 14 хоногийн дотор өргөн барьж чадахгүй байна шүү дээ. Урьд өмнөх бүх томоохон шийдвэрүүдийн жишгээр бол, гэрээ хэлцлээ дуусгаад, ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулаад, удирдамж зөвлөмжөө аваад, шаардлагатай бол эргэн хөрөнгө оруулагчидтай яриад нилээн цэгцэлж байж УИХ-д оруулж ирдэг. Гэтэл ҮАБЗ-ийн гурван гишүүн нь хоорондоо учраа олоогүй байтал энэ асуудлыг оруулаад ирж байгаа учраас 14 хоногоор тогтохгүй байх гэж бодож байна.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Г.НОМИН