МОСКВА. /vesti.ru/. 1945 онд ялагдал хүлээсэн Японы Ерөнхий сайд тавдугаар сарын 9-нд Москва хотод болох Ялалтын баярт оролцохгүй, харин ялагч орон болох Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирнэ. Ингэхдээ Улаан талбайд Монгол Улсыг зөвхөн Ерөнхийлөгч нь төдийгүй цэргийнхэн нь ч төлөөлнө.
 

Монголын тэнгэр үнэхээр гайхамшигтай. Газар орон нь ч бас л гайхамшиг. Жишээ нь, тал газарт барьсан жирийн гэрүүд одоо бүгд нарны зай хураагууртай. Нүүдэлчдийн хүүхдүүд гэрийнхээ компьютероор манай “Лунтик” хүүхэлдэйн киног үзэж байна.
Монгол Улсын нийслэлд хэрэглээний гэнэтийн өсөлт тэсрэлт болж байна. Чингис хааны хатуу ширүүн харц дор дэндүү орчин үеийн залуус цугларсан харагдав. Харин түүхийн тоосонд дарагдсан буддын сүм хийдийн зэргэлдээ орчин үеийн шил толь болсон, тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэнэ.
Эртний гар бичмэл, судар хадгалдаг газар “Бямба гарагийн мэдээ”-нийхэнтэй энэ улсын Ерөнхийлөгчтэй уулзахаар товлосон юм. “Аугаа үндэстэн аугаа соёлтой байдаг. Бид түүх соёлоо их нандигнан, хадгалж хамгаалдаг” гэж Монголын төрийн тэргүүн онцлон хэллээ.
Түвд бичиг үсгийг мөнгөн дээр алтаар сийлжээ. Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой юм бүхэн монголчуудын хувьд бас л үнэтэй зүйлд тооцогддог.

“Би Монгол Улсын иргэн. Москвагийн их сургуульд суралцаж байхдаа ардын журамт цэргүүдтэй нэгдсэн. Манай сургуулиас 850 хүн фронт руу явсан. Бид сургуулийн захиргаандаа ч, Элчин сайдын яамандаа ч урьдчилан мэдэгдээгүй” гэж Аугаа Эх орны дайны ахмад дайчин Ц.Алтангэрэл дурсан ярьж байна.

Х.Ганбат бол дайны сэдвээр зурдаг Монголын анхны зураач юм. Тэрбээр уран бүтээлээ дахиад Аугаа Эх орны дайнд хандуулжээ.

Улаанбаатар хотод Георгий Жуковын хөшөө байдаг. “Жуков бол Оросын төдийгүй Монгол Улсын баатар. Тэрбээр япончуудтай хийсэн дайнд тусламж үзүүлсэн хүний хувиар манай ард түмний дунд одоог хүртэл нэр хүндтэй хэвээрээ. Бид түүнийг дурсан санадаг. Бидний үр хүүхдүүд ч дурсан санах болно” гэж Улаанбаатар хотын оршин суугчид ярьж байна.
Үнэхээр гайхалтай? Энэ бүхэн хаанаас бий болсон бэ? Юутай ч эхлээд ардчилсан үзэл бодолтой Ерөнхийлөгчид дахин нэг хандъя.


-Та яагаад тавдугаар сарын 9-нд Москва хотод заавал очих ёстой гэж шийдсэн бэ?


-Энэ бол бидний хамтын ялалт. Монгол Улс бол Аугаа эх орны дайны үед Оросын цорын ганц ази холбоотон нь байсан. Би цэргийн сургууль төгссөн, цэргийн хүмүүжилтэй.


-Тийм байна шүү. Та яг цэргийн хүн шиг нуруугаа цэх суух юм.


-Тиймээ. Ийм учраас л ОХУ-д очих нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.


-Таны хувьд тавдугаар сарын 9-нд Москва хотод очих нь зүй ёсны хэрэг. Харин зарим ерөнхийлөгч, ерөнхий сайд нар улс төрийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан Москва хотод очихгүй гэдгээ мэдэгдсэн. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?


-Энэ бол тэдний хэрэг. Харин хаашаа явах, хэнтэй уулзах, хэнтэй баяраа тэмдэглэх нь бидний эрх.


-Хэрэв нууц биш бол бусад гүрний төлөөлөгчид Москвад очихгүй байхыг танд зөвлөсөн үү?


-Үгүй ээ, хэн ч тийм юм яриагүй.


-Өөрөөр хэлбэл, Москвад очоод хэрэггүй гэж монголчуудад хэлээд ямар ч нэмэргүй гэсэн үг үү?


-Тиймээ, тэд ч үүнийг мэдэж байгаа.
Бүү айлчил гэж монголчуудыг ятгаад нэмэргүйн учир юу вэ? Түүхийг эргэн сөхье. Эхлээд Улаанбаатар хотыг Өргөө хот байх үеийн ХХ зууны эхэн үеийн гэрэл зургуудыг харья. Тухайн үед тус хот зэлүүд хязгаар нутаг байлаа. Уг хотыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байв. Монгол феодализмаас шууд социализм руу үсрэнгүй шинэчлэл хийх хэрэгтэй гэж Зөвлөлтийн он жилүүдэд нэг хэсэг нь тоглоом, шоглоомоор, нөгөө хэсэг нь үнэнээсээ хэлсэн байдаг. Гэхдээ өнөөгийн хэрэглээний гэнэтийн өсөлтөөс харахад Улаанбаатарт капиталист нийгэм хөгжиж байна. Энэ бол түүхийн илүүдэл дүр зураг бишээ. Тэгвэл 1930-1940-өөд оны үед Монголд юу болж байсан бэ?
Монголын ахуй амьдралд, үйлдвэрлэлийн соёлд, харилцаа холбоо, ном хэвлэлд гарч байсан, ер нь Оростой ойртвол зохих бүхэнд, тэднийд хийж байсан манайтай төсөөтэй нийгмийн туршилтууд бүхэнд гарч байсан ер бусын хувьсгалыг баримтат киноны зургуудаас харж болно. Энэ бүхэн монголчуудад тийм хэрэгтэй байсан юм гэж үү? Энэ асуудал мэдээжээр Монголын нийгмийн дотор маргаантай байдаг, ялангуяа энэ бүх шинэчлэлийг дагаад хэлмэгдүүлэлт болж байсан болохоор Монголын коммунист дээд удирдагч Чойбалсаны Засгийн газар Сталиныхтай хэр зэрэг ойролцоо байсан, түүнээс хэр хамааралтай байсан бэ гэдэг талаар маргасаар байдаг билээ.

Хөрш Хятад, Манжуурыг хэдийн эрхшээлдээ оруулаад байсан Япон 1939 онд Халх гол орчмоор Монгол Улсад түрэмгийлэн халдав. Чухам тэгэхэд л бүр 1936 онд байгуулсан Зөвлөлт-Монголын цэргийн гэрээ хэрэгжиж эхэлсэн билээ. Ийм л учраас Зөвлөлтөд Георгий Константиновичийн нэрийг гутаахгүй ч гэлээ дарж байсан бүр тэр үед Улаанбаатарт Жуковын музейг байгуулсан юм. Аугаа Эх орны дайн эхлэхэд монголчууд хэнтэй хамт байхаа хормын төдий ч эргэлзэлгүй шийдсэн юм. "Хоёр талын аль нэгэнд нь халдан довтолбол энэхүү гэрээг байгуулсан найрсаг тал нөгөө талынхаа хил хязгаарыг өөрийн хил хязгаарын адил хамгаалах болно" гэж гэрээнд заасан байлаа хэмээн Г.К.Жуковын болон Монголын цэргийн музейн ажилтан Л.Ундармаа тэмдэглэсэн юм.


-Гитлерийн Герман, Монгол хоёр 8000 км зайтай оршдог. Гитлерийг ЗХУ-д халдахад ийм хол Азид амьдардаг монголчууд яагаад ЗХУ-тай хамт байхаар шийдсэн бэ?


-Бид чинь хөршүүд шүү дээ. Хэрэв хөрш айлд, хөрш оронд гай зовлон тохиолдвол бид бие биедээ туслах ёстой. Москва орчмын бүх нөөц дивизийг Монголоос илгээсэн дээл, эсгий гутлаар хангасан юм гэж Ц.Элбэгдорж онцлон хэллээ.


-Монголоос уу?


-Тиймээ, бүрэн хангасан.
Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр фронтод бүхэл бүтэн танкийн цуваа, нисэх онгоцуудыг илгээсэн билээ. Монголоос бас вольфрам, агт морь илгээсэн. Улаан арми Монголоос нийтдээ давжаа биетэй ч маш тэсвэртэй хагас сая морь хүлээн авсан нь Берлин хүрсэн түүхтэй. Энэ бол нүүдэлчин монголчуудын хувьд чухал үйл явдал юм.
Дайны үеэр ашиглалтад орсон үйлдвэрүүдийн сүүлчийнх нь буюу ноос угаах фабрикийг хаахаар бэлтгэж байна. Хуучин технологиор ажиллахад хоёрхон долоо хоног үлдлээ. Монголчууд Ялалтын төлөө туйлын хүнд нөхцөлд хэд хэдэн ээлж дараалан баатарлагаар ажиллаж байв. Аугаа Эх орны дайны фронтод Зөвлөлт ахан дүүсийнхээ хамт монголчууд ч байлдаж байлаа. “Бид эв найртай амьдардаг байлаа. Талхаа хуваана, хүнсээ хуваалцана, америк лаазалсан хүнсээ ч хүртэл хуваана” хэмээн Ц.Алтангэрэл ярив.


Гэвч Японы эсрэг 1945 оны зуны кампанит ажил хүлээж байв.


-Монголын хүн амын насанд хүрсэн бүх эр хүн энэ дайнд Зөвлөлтийн армийн хамт оролцсон байх нь. Энэ үнэхээр тийм үү?


-Тиймээ, бараг монгол хүн бүр оролцсон гэж Ц.Элбэгдорж хэллээ.
“Тухайн үед Монголын хүн ам цөөхөн байлаа. Тус улс 800 мянга орчим хүн амтай байв. Гэвч холбоотны үүрэгтээ үнэнч, чухамхүү харилцан туслах тухай 1936 онд байгуулсан протокол ёсоор Монгол Улс 21 мянган хүнээ тулаанд оруулсан. Ийм цөөн хүн амтай ард түмний хувьд энэ бол их тоо. Үүнийг дэлхий даяараа мэдэх ёстой” гэж Л.Ундармаа тайлбарлав.
Тэр үед монголчууд Зөвлөлтийн цэргүүдтэй хамт Харбин хот хүрсэн. Харин дараа нь дайнаас хойш бас дөч гаруй жил үнэндээ нарийн ширийн зүйл дээр хүртэл таарч тохирч байсан нийтлэг амьдралыг туулсан билээ Монголчууд биднийг үнэхээр сайн мэддэг, бас бидний төлөө сэтгэл зовнидог.
“Зурагтын ачаар бид мэдээ мэдээллийг цаг тухайд нь авдаг болсон. Саяхан тал хээр газар түймэр гарсан. Хуурайшилт их байгаа учир энд ирэх вий гэж их санаа зовох юм. Оросын Өвөр Байгалын хязгаарт гал гарсныг ч бид мэдэж байгаа. Хэрэв чаддагсан бол очиж туслахсан. Бороо орох байх гэж найдаж байна” гэж нутгийн иргэд ярьж байна.


Өнгөрсөн жил л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Оросын Ерөнхийлөгчтэй таван удаа уулзсан билээ. Монгол-Орос-Хятадын гурван талын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт саяхан болсон. Улаанбаатарын эрх баригчид өөрийн орныг Оросоос Хятад руу цахилгаан дамжуулах шинэ шугам, өргөтгөсөн төмөр зам, хий дамжуулах хоолой дайруулан тавих зурвас гэж харуулахыг тал бүрээр хичээдэг. Энэ бүхэн бол хэлэлцэх асуудал. Гэхдээ тов тодорхой зүйлүүд ч бий.
“Бид мах, чанартай бүтээгдэхүүнүүдийг Сибирьт нийлүүлэх боломжтой. Австрали эсвэл Шинэ Зеландаас мах оруулах ямар хэрэг байна? Бид Италийнхаас чанарын хувьд дутахгүй ноолууран бүтээгдэхүүн нийлүүлж чадна. Түүнчлэн манай хоёр орны хооронд визгүй зорчих журам өнгөрсөн жилээс нэвтэрч эхэлсэн билээ” гэж Ц.Элбэгдорж цохон тэмдэглэлээ.


-Энэ үнэхээр таатай зүйл болсон.


-Тиймээ. Оросоос олон хүн өөрсдийн бүтээгдэхүүнээ манайд авчирч байна, харин манайхан өөрсдийн бараагаа нийлүүлж байна.


- Европын Холбоо хийгээд АНУ-ын эсрэг Орос улс хариу хориг арга хэмжээ авснаас хойш махны худалдаа нэмэгдсэн үү? Монгол махны нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн үү?


-Бид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Болох байх гэж бодож байна.

Д.Жаргал