Олон нийтийн дунд яригдсаар ужиг болсон нэгэн сэдэв бол төрийн албаны сонгон шалгаруулалт юм. Үүнийг нүдээр үзэж биеэр мэдэрсэн хүний баталж байгаагаар бол Хөдөлмөрийн яамны төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалтаа хошин шог болгожээ. Хэн ч орох эрх нь нээлттэй хойно АН, МАН-аас оролцсон байгаа юм. Харин сонгон шалгаруулалттай зэрэгцэн аймгуудаас МАН-ынхан бодлогоор нэг хүнээ ирүүлж оруулцуулсан гэх шуум байсан.  Хамгийн гол нь шалгаруулалтаа шударга зөв явуулсан уу гэдэг л асуудал юм.

Уг шалгалтын дүрэм журам ч “шударга”-ын босгыг хаачихдаг юм байна. Учир нь хууль эрх зүйн мэдлэгийг жинхэнэ” нууцлалтай” тестээр аваад бодит дүн нь дороо гарч, босго оноог давсан нь тэнцээд цааш үргэлжлүүлэн өрсөлдөөнд ордог. Хамгийн хачирхалтай нь шударгаар дүгнэгдсэн энэ оноогоо тал хувиар нь  үнэлгээндээ тооцох юм. Тодруулбал удирдах албан тушаалын ангилалд шалгуулагч нь сорилын шалгалтанд 40 оноо авах асуулттайгаас З0-ыг зөв хариулж З0 оноо авсан байхад эцсийн дүнгийн үнэлгээг тооцохдоо 15 оноо авсанаар мөрдөөд явчих юм. Яаж ч тайлбарласан хамгийн шударга дүнгээ зориудаар ингэж бууруулдаг дүрэм ТАЗ баталсан юм байна.

Эхлэл нь ийм байхад үргэлжлэл нь яаж “жонхуурах” нь ойлгомжтой. Баримт дурдая. Төрдөө зүтгэхээр биеэ бэлдэж, өөрийгөө цэгнэж баримжаатай хүний урмыг бас л хугална. Сонгон шалгаруулалтад боловсрол, мэргэшил, туршлагаар нь овоо өндөр оноо өгөх ёстой юм байна. Тухайлбал боловсролын түвшинд 10, ажилласан жил хугацаа, туршлагыг харгалзаж 15, мэргэшлээ дээшлүүлсэн байдалд 10 оноо нийт дүнгээрээ 35 оноо өгөх үнэлгээтэй юм. Гэтэл төрд 20 жил ажилласан ч, 5 жил ажилласан ч туршлага адил, Удирдлагын Академи төгссөн ч 3 хоногийн сургалтанд суусан ч мэргэшил дээшлүүлэлтээр  ижил үнэлгээ тавьчих юм. Үүнийг шалгалтын комиссын гишүүдийн санаан зоргоор буюу танил тал, нам ламын захиалга, даргын тааллаар шийдэж дурын тоогоо өгч дүгнэсэн саяхан болж өнгөрсөн Хөдөлмөрийн Яамны сонгон шалгаруулалт батлан харууллаа.

Мэдээж мөнгөө төлж дуугаа захиалсан үйл явц өрнөсөн. Яах гэж шударга ёс, хууль дүрэм гэж төрийн байгууллагынхан иргэдээрээ ингэж тоглоом хийдэг юм бэ? Мэдэгдэл ч өгөхгүй гэнэт олноор нь бөөндөөд халчих нь. Түүнийгээ зөв юм хийсэн гэж мэлзэнэ .Одоогийн байдлаар Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагуудаас халагдсан ажилтаны тоо 130 гарчлаа. Аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн дарганарыг солихоор дагаад л мэргэжилтнүүдээ халах нь ойлгомжтой.Төрийн ажил цалгардсан хэвээр байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв гэх шинээр байгуулагдсан байгууллага одоо хүртэл томилгоо, сандал ширээ, өрөөний асуудлаа шийдэж дуусаагүй байна. Мөн нэгдүгээр сард явуулах байсан БНСУ-д ажиллах хүчний бүртгэрлийг хэзээ хийх нь тодорхойгүй байх жишээний. Түүгээр зогсохгүй ажилтнуудаа судалж ажлаас чөлөөлөөгүйн улмаас эрүүл мэндийн асуудалтай байсан хүнийг урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт халнаас болж сэтгэл санаагаар унан бие нь гэнэт муудан нас баржээ. Үнэн шударга ёс журмаар нь боллоо гэж зарлаж зохион байгуулж байгаа ажил нь иймэрхүү дур гутмаар хөгийн найруулгатай “шог гараа” байх юм.

Улс орны маань эдийн засаг, улс төр хямаргаантай, ард түмний амьдрал гундуухан байхад ахиж төрийн удирдах байгууллага нь нэрмээс тариад байхаар яаж өөдлөн хөгжих билээ. Төрд итгэх итгэл маш буурч, шударга ёс бүрэн алдагдлаа.

Э.Мөнгөн