УИХ-ын гишүүн Я.Содбаатараас "Тавантолгой"-н гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар зарим асуултад хариулт авлаа.

 

- "Тавантолгой"-н гэрээний төсөл дээр ажиллах УИХ дахь МАН-ын бүлгээс гарсан ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. Уг ажлын хэсгээс Тавантолгойн асуудлаар ямар санал дүгнэлт гаргав аа?

 

- Бид Тавантолгойн хэлэлцээрийн явцыг анхааралтай ажиглаж байна. Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Харин тус төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсгийг байгуулсан нь анх удаа горимд өөрчлөлт орсон зүйл болж байна.  МАН Засгийн газарт анх орохдоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар АН-тай гэрээ байгуулсан. Тус гэрээнд Тавантолгой болон Оюутолгойн орд газрын асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулахдаа өнөөдрийн хууль эрх зүйн болон эдийн засгийн түвшинг буулгахгүй гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас нь давуулсан боломжийг Монгол Улсад авчрах ёстой. Үүнээс гадна Тавантолгойн орд газарт  хувьцаа эзэмшигчдийн асуудал байна. Манай улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн.  Харин энэ 1072  ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, амилуулах, мөнгөжүүлэх нь Тавантолгойн түгжээг тайлах асуудалтай хамт шийдэгдэх асуудал гэж харж байна. Нөгөө талаас Тавантолгойн хэлэлцээрт орж байгаа консерциумд нэг хүсэлт тавьж байгаа. Тэр нь юу гэхээр Монголын аж ахуй нэгжүүдийн оролцоог хангах чиглэлээр нэмэлт хувьцаа гаргах зэрэг үйл ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж МАН-ын бүлгийн ажлын хэсэг үзэж байгаа. Мөн Тавантолгойн орд газрыг сорчлохгүйгээр иж бүрнээр нь ашиглах нь манай улсын хувьд хамгийн чухал асуудал болоод байна. Ингэж чадвал  тус орд газрын эдийн засгийн үр өгөөжийг хүн бүр хүртэх боломжтой болох юм. Өнөөдөр Тавантолгой бол УИХ-д баригдахаасаа илүү Ардчилсан нам доторх фракц бүлэглэлүүд хоорондын хэрүүл болчихсон байна.

 

-Одоо энэ байгуулагдсан ажлын хэсгийг дэг зөрчсөн талаар нилээн маргаан гарч байна. Харин ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дэг зөрчөөгүй гэсэн тайлбарыг өгсөн?

 

-УИХ-д өргөн баригдсан аливаа хууль тогтоомжийг хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа ажлын хэсэг байгуулагддаг. Тэгэхээр энэ нь хууль зөрчсөн. Энэ жишгээр УИХ-аар орж ирж байгаа асуудал бүрийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулах болж байна шүү дээ. Ийм асуудал байж болохгүй. Энэ бол Тавантолгойг явуулах үгүйтэй холбоотой асуудал биш. Харин өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж зөрчигдөж байгаа асуудал гэж харж байна.

 

-Одоо УИХ дээр байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээс шалтгаалаад Тавантолгойн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх болж байна. Тэгэхээр МАН-ын бүлэгт хэрэв энэ асуудал гацвал гэдэг ч юм уу өөр ямар нэг шийдлийн хувилбар байгаа юу?

 

-Энд Монголчуудын нийтлэг эрх ашгийн асуудал л яригдана. Бид өнөөдөр бодит эдийн засгийн хямралд орчихсон байна. Азийн хөгжлийн банкнаас ойрын 3-4 жилд Монголын эдийн засаг сэхэх боломжгүй гэсэн судалгаа гаргасан. Валютын сан ч гэсэн манай улсын эдийн засгийг хүнд нөхцөлд орсон байна гэдгийг хэлсэн. Энэ үед Монголын эдийн засгийг сэргээх, бодитойгоор валютын урсгалыг нэмэгдүүлэхэд хамгийн чухал зүйл бол томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах. Тэгэхээр энэ ажлыг л цаг алдалгүй хийх хэрэгтэй.

 

-Тавантолгойн 51 хувийг "Энержи Ресурс" эсвэл  "Эрдэнэс Тавантолгой"-д өгөх асуудлаар эрх баригчид талцаад байна. Та ямар байр суурийг илэрхийлэх вэ?

 

-51 хувь дээр Энержи Ресурс байхгүй. Одоогийн байгаа гэрээгээр бол 100 хувь Монголын төрд байгаа. Лиценз, төрийн өмч бүгд 100 хувь төрд байгаа. Би  өмчийн 51 хувьд Монгол байгаад 49 хувьд гадныхныг оруулна Ардчилсан намын гаргасан шийдвэрийг ойлгохгүй байгаа. Одоогийн Засгийн газар оруулж ирсэн нь 100 хувь төрийн өмч байхаар байгаа.

Т.Энхэлээ