Бид Сонгуулийн тогтолцоондоо шинэчлэл хийж, хуулиа өөрчлөн ардчилсан ёсоор нэг алхам урагшиллаа хэмээж байсан нь өчигдөр мэт. Гэтэл хуучин тогтолцоо руугаа эргэж зугтах яриа ч газар авч байна. Тийм ч биз, үгүй ч биз. Хамгийн гол нь өнгөрөгч сонгуулиар өвдөг шороодсон нөхөд бүгд хар машиныг зүхсэн. Энэ зүхсэнээр бол өнөөдрийн УИХ-д өөрийн чадвар, сонгогчдын итгэл найдвараар бус хар машины буянаар орж ирсэн нөхөд олон байх учиртай. Хар машины автороор З.Энхболдыг нэрлэж хүртэл үзсэн. Чухам хар машины буян байсан уу, хуулийн агуулгад учир байсан уу, бүү мэд.

 

      Хар машиныг зүхсэн хүмүүсийн тоог хэвлэлийн архив сөхөхөд хангалттай сайн гаргаж авна. Ингээд хар машины хэдэн гишүүн байгааг тооцоолоход амархан. Хэнтийд өвдөг шороодогсод хар машинд буруугаа тохсон. Тэр тусмаа Б.Гарамгайбаатрыг, тэгэхээр Б.Гарамгайбаатар бол хар машины нөхөр. Чингэлтэйн Г.Баярсайхан, Сүхбаатар дүүргээс Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар ч хар машины тохируулгад орсон гэх. Хар машины маргаан хамгийн дэгдсэн тойрог бол Архангай аймаг. Сонгууль өгөхөөс нэг өдрийн өмнө хар машинаар санал хураасан билл хүртэл гарч ирсэн. Тэгэхээр “фортуна” Н.Батбаяр, Б.Болор нар бол хар машины андууд. Баянзүрхээс сонгогдсон Ж.Батзанданг ч хар машиных гэдгийг нэр дэвшигчид нь батладаг.

 

      Сонгинохайрханаас Л.Эрдэнэчимэг, Хан-Уулаас Ц.Оюунгэрэл, Баянхонгороос Д.Ганбат гээд хар машины буян эдэлсэн нөхөд цөөнгүй бий. Хар машины маргаан ихээхэн дэгдээд шүүх цагдаа болохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дохиогоор цаадуул нь яаж ч чадахгүй. Өөрөөр хэлбэл энэ нь АН-ын сонгуулийн компанит ажил байсан гэхэд болно. Хөдлөшгүй баримтаар нотлоод байхад л хаалгаа тас хаачихдаг шүүх шүү дээ. Тухайлбал, Архангайн тойрогт гарсан маргааныг нэрлэж болно. Сонгууль өгөхөөс нэг өдрийн өмнө 600 гаруй хүний санал өөр дээрээ хураачихсан биллийг нь баталгаажуулаад шүүхэд хандахад л авч хэлэлцээгүй. Сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчиж төрийн эсрэг гэмт хэрэг үйлдчихээд байхад тоогоогүй шүү дээ. Энэ мэт зүйлс олныг нэрлэж болно. 

 

Н.Дөл