Тавантолгойн асуудалд хэн хэн “сэм гар барив”

Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар Тавантолгойн төслийг хөгжүүлэхээр шийдэж, улмаар  ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийг Монгол улсын Сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан.

Гэсэн хэдий ч УИХ-ын дарга захирамж гарган, уг гэрээний төслийг хянах ажлын хэсэг байгуулснаар уг ажил гацан, улс орон даяар талцал, маргаан буй болоод байгаа юм. Тэгвэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор намуудын гишүүд хоорондоо эв эвдрэлцэж, зарим өөр намынхантай гар барьсан гэх бор шувуу нисч эхэллээ. 

Тодруулбал, Тавантолгойн гэрээтэй холбоотойгоо гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй “нэг тал” болсон гэнэ. У.Хүрэлсүхийн тухайд МАН-ын генсек хийж яваад намынхаа нэрийг сольж, ялагдалд хүргэсэн гэж буруутгагдсан нэгэн. Гэсэн хэдий ч АН, МАН-тай хамтран засаг барих үед Монгол Улсын Шадар сайд болсон. Түүний хувьд одоохондоо Тавантолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа. Гэсэн хэдий ч түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй нэг тал болсон гэх хардлага байгаа юм. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тухайд  сайн мэдээний сарын аян эхлүүлж, Тавантолгойн түгжээг мулталснаа зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр  гэрээний төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гэрээн дээр дахиж ажиллах ёстой гэж маргалдсан тухай мэдээлэл гарч байв. Хэдийгээр Засгийн газрын ХМА-аас маргаан болоогүй гэсэн ч энэ асуудал болсон байх талтай. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд Тавантолгойн гэрээнд “ОК” гэчихээд байгаа бөгөөд өөрийг нь дэмжих хүнийг олж түшсэн байх магадлал өндөр. 

Ийнхүү Ерөнхий сайд Тавантолгойг урагшлуулахыг хүссэн ч УИХ-ын дарга бөгөөд намынхаа дарга З.Энхболдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. З.Энхболдын тухайд “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” хэмээн хаврын чуулганы нээлтийн үеэр хатуухан мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй. Түүнээс бус, угаах үйлдвэртэй учраас “Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу. Саяхан БНХАУ-ын даргыг Монголд ирэхэд төмөр замын гэрээгээ байгуулж авсан. Энэ гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл “Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын Пибоди. Сая Пибоди өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа” гэсэн байдаг. 

Ямартай ч тэрбээр хоёр сая хувьцаа эзэмшигчээс санал аваагүй хэмээн УИХ-д өргөн барьсан Тавантолгойн гэрээний төслийг буцаачихаад байгаа билээ. Тэгвэл спикерийг сөрөг хүчний даргатай сэм гар барьсан гэх хардлага ч бас гараад байна. Тодруулбал, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нар Тавантолгойн төсөлд ижил байр суурьтай байгаа гэх. Ямартай ч МАН-ын дарга М.Энхболд “Эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойг эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой, Оюутолгой ордыг ашиглахдаа иргэд, олон түмэнд ил тод, парламентын хяналт дор, эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр цааш нь үргэлжлүүлэх арга хэмжээг шинээр байгуулагдах Засгийн газар хэрэгжүүлнэ гэж зөвшилцсөн. Энэ зөвшилцлийн хүрээнд Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар УИХ-ын зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой” гэсэн байр суурьтай байгаа аж. 

Үндсэндээ тэрбээр иргэд, олон түмэнд ил тод гэдгээрээ хоёр сая хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй гэх З.Энхболдын үгийг дэмжиж байна гэж үзэх нэгэн ч байгаа юм. Ийнхүү Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор сонин нөхөд “сэм гар барьж” буй сурагтай. Дашрамд дурдахад,  УИХ дахь МАХН-ын бүлэг “Тавантолгойн орд газар бүх ард түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах юм. Тавантолгойн орд газрыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан гэрээний төсөл нь МАХН-ын зарчмын байр суурийг хангаагүй. Тиймээс МАХН дэмжих боломжгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм. Магадгүй энэ төсөл цаашид үргэлжлэх бол өөр олон нөхөр сэм тохиролцохыг таашгүй. 



П.ТУУЛ