Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн салбарт томоохон шинэчлэл хийнэ гэж том дуугарч Хууль зүйн сайдаар томилогдож байсан нь саяхан гэлтэй.

Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад огцрох хүртэл хоёр жилийн хугацаанд Х.Тэмүүжин хуулийн салбарыг шинэчлэх биш харин ч ааруул идэхээр ирээд АН-ыг самарсан Н.Энхбаяр шиг хуулийн салбарыг самарсан гэхэд хилсдэхгүй.


Х.Тэмүүжин томоохон шинэчлэл хийх нэрийдлээр Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж орхисон. Гэхдээ энэхүү ажлыг шинэчлэл гэж хэлэхэд хэцүүхэн болсон.  Харин ч хуулийн салбарт цагдаа цагдаагаа, шүүгч шүүгчээ, прокурор прокуророо шалгадаг гаж тогтолцоо гарч ирсэн.  Мэдээж танилын хүрээн дотроо хэрэг шалгах нь хэрэг үнэн зөв шийдэгдэх нь хэр бол гэсэн асуулт өнөөдрийг хүртэл хариултаа нэхэн хүлээсээр. Тэгвэл өдгөө сайдын алба хашиж буй Д.Дорлигжав түүний хийсэн ажлуудыг эхнээс нь баллуурдаж байгааг бид мэдээлсээр байгаа. Үүний нэг бол Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх. Ингэснээр АТГ-ын харьяалалд шилжиж тэднийг хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй болгоод байсан уг алба эргэн хэвэндээ орох юм.

 

Мөн Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагыг өс хонзон авах хэрэгсэл мэт ашиглаж байсан нь туйлын харамсалтай байсныг нуух юун. Хууль зүйн сайд болсоныхоо дараа агентлагийн, газрын дарга нарыг халж сэлгэхдээ ЦЕГ-ын даргаар Бригадын генерал Б.Билэгтийг томилов. Гэтэл удаа ч үгүй “Миний хамгийн том алдаа бол Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар томилсон явдал байлаа” гэж харуусаж эхэлсэн. Ингээд өнгөрсөн наймдугаар сард Засгийн хуралдаанаар Б.Билэгтийг ээжлийн амралттай байхад нь үүрэгт ажлаас нь чөлөөлүүлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.


Энэ мэтээр Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагад “хувцас” шинэчлэхээс өөр ажил хийгээгүй гэж зарим хүмүүс ярьдаг. Харин 
шинэчлэл гээд байгаа хийсэн ажил нь хурандаа нар ЦЕГ-ын удирдлагуудтайгаа өс хонзонтой болж үлдсэн явдал л байлаа. Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлсөнийхөө дараа хэд, хэдэн хурандааг ажлаас нь чөлөөлсөн. Харин тэд “Бид удахгүй эргэн ирнэ. Ирээд биднийг явуулсан хүмүүсээс хариугаа авна” гэж ярьж явсан талаар ЦЕГ-ын дотоод эх сурвалж мэдээлж байсан юм. Энэ мэт Хууль зүйн салбарыг шинэчлэнэ гэж томоохон салбар хариуцан авсан Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагаар тоглож орхисоныг учир мэдэх хүмүүс хэлдэг билээ.


Тэгвэл өдгөө түүнийг халааг авч  сайдын алба хашиж буй
 Д.Дорлигжав эксийнхээ хийсэн ажлуудыг эхнээс нь баллуурдаж байгааг олон нийт нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа.   


Өчигдөрхөн л гэхэд 
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.  Шинэ төсөлд цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдалтай холбоотой зохицуулалт, цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хуулиар шууд зохицуулжээ.  Мөн цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад зааснаар хэрэгжүүлэхээр уг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр Х.Тэмүүжингийн хийсэн цагдаагийн байгууллагын шинэчлэлийг, цагдаагийн хуулийг  дахин шинэчлэх болж байгаа юм.