МАН найман тэрбум зарж ард түмний санал асуулга явуулах нь
2016 онд УИХ-ын сонгууль явуулах хуулийг тун удахгүй хэлэлцэнэ. Тэгвэл хэд хэдэн хувилбараар зэрэг бичигдсэн эдгээр төслөөс намууд ойлголцолд хүрчихвэл тохирохыг нь сонгоод л УИХ батлах нь гэсэн яриа байгаа юм. Хамгийн гол нь сонгуулийн ямар тогтолцоог сонгох, саналыг гараар давхар тоолж баталгаажуулах уу зэрэг зарчмын шийдлүүддээ намууд ойлголцох дутуу байгаа юм. 

Эрх баригч АН-ын хувьд Сонгуулийн хуульд эрс шинэчлэл хийхийн эсрэг байгаа гэж хэлж болно. Үндсэндээ АН-ын хувьд одоогийн хувилбараар 2016 онд сонгууль явуулна гэвэл төдийлөн дургүйцэхгүй л болов уу. Энэ намаас сонгогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хамгийн сүүлд хэвлэлийн бага хурал хийхдээ “АН 48:28 гэсэн холимог тогтолцоог дэмжинэ” гэж мэдэгдсэн. Харин бусад намын тухайд, ИЗНН-ын хоёр даргын нэг болох С.Дэмбэрэл 50:50 хувь буюу УИХ-ын 38 гишүүн тойргоос, 38 нь жагсаалтаар сонгогддог тогтолцоог дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нь одоогийн 48:28 гэсэн холимог тогтолцоог дэмжинэ гэсэн хувийн байр сууриа илэрхийлсэн байдаг. 

Тэгвэл МАН сонгуулийн жижиг мажоритар тогтолцоо буюу “нэг тойрог-нэг мандат” байх зарчмыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Шийдлийн Засгийн газарт МАН хамтрахдаа хэд хэдэн асуудлаар зөвшилцөж, гэрээ байгуулсан. Тэдгээрийн нэг нь Сонгуулийн хууль, түүнийг ингэж батална гэсэн тодорхой заалтуудтай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр булхай луйвар их болдог. Тэр дундаа хар машинтай холбоотой олон асуудал үүсдэг учраас сонгогчдын саналын дүнг дахин тоолохоор тохиролцсон. Гэхдээ тухайн нэр дэвшигч хүсэлт гаргасан тохиолдолд ингэж дахин тоолно. 

Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороодын 50-аас доошгүй хувьд Улс төрийн намуудын төлөөллийг оролцуулах гэх мэтээр ярилцсан. Түүнчлэн пропорциональ мажоритарын хувь хэмжээг нэмэхгүй бууруулна гэх мэтээр олон заалт бий. Тэгэхээр МАН сонгуулийн хууль дээр 76 жижиг мажоритар буюу хуучин мажоритар системээрээ жижиг тойрогтой байх нь зүйтэй юм гэсэн зарчмын байр суурьт хүрсэн. Энэ зарчмын санал манай бүлгийн дүгнэлтэд ч гэсэн туссан” хэмээн ярьсан байна.   

Түүгээр ч зогсохгүй “Бид өнгөрсөн жил хоёр ч удаа 21 аймгийг тойрсон. Сая оны өмнөхөн Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгийн сумдаар явлаа. Өнөөдрөөс УИХ-ын гишүүд, намын удирдлагууд аймаг, сумдаар явах хуваарьтай байна. Ингэж очсон, уулзалт хийсэн газар бүрт намын нэрсийн жагсаалтаар сонгогддог тогтолцоог иргэд сонгогчид ихээхэн шүүмжилж байгаа юм. Тэр үүднээс буюу иргэдийнхээ хүсэлтээр МАН 76 жижиг мажоритар тогтолцоог дэмжиж санал оруулж байгаа юм” гэсэн байна.   

Тиймдээ ч МАН-аас Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл болосвруулснаа спикерт өргөн барьсан. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж тэд үзэж буй юм. УИХ-д асуудлыг өргөн мэдүүлсэн учраас ямар нэгэн байдлаар хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай болж байна. Түүгээр ч зогсохгүй ард нийтийн санал асуулгад зориулан найман тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй байхаар тусгасан байна. 

Түүнчлэн ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг эсэргүүцвэл МАН засгаас гарна хэмээн шантаажлах болсон сурагтай.  Ямартай ч МАН засгаас гарна гэж шантаажлаад ч хамаагүй хуучин тогтолцоонд шилжих бодолтой байгаа аж. Харин улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед санал асуулга нэрээр мөнгө цацахад олон нийт дургүй байгаа юм. “Ард түмний төлөө” гэх ганган уриатай Засгийн газарт хамтарсан МАН-ынхан цаагууруу тохироо хийсэн байж таарах нь. Гэтэл АН-аас энэ тохироондоо хүрэхгүй луу унжиж эхэлснээр ийнхүү “Ард түмний санал асуулга явуулна”, “Засгийн газраас гарна” хэмээн шантаажилж эхэлсэн нь энэ юм. 
 


С.НАРАН