Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.  
 
-МҮАН байгуулагдсаны есөн жилийн ой тохиож байна. Танай намынхан баяраа яаж тэмдэглэх гэж байна вэ?
 
-Одоогоос яг есөн жилийн өмнө 2006 онд манай нам анх Үндэсний Шинэ Нам нэртэй байгуулагдаж байжээ. 2006 он бол Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэсэн он жил байсан. Ухаарал авчирсан он жил байсан шиг санагдаж байна. Энэ хүртэл бүхий л улс төрийн намууд гадаад үзлээр цэц уралдуулж байв. Одоо ч энэ байдал байсаар байгаа. Монголчууд төр байгуулах тал дээр хэнээс ч хуулах шаардлагагүй түүхтэй, уламжлалтай улс юм байна. Бид төрөө гэх үндэсний үзлээ улс төрийн хөтөлбөр болгох  хэрэгтэй гэж санаа шулуудаж намаа байгуулж байсан. Анхны хурлаа Бурхан Халдун уулнаа хийж намаа байгуулж байлаа. Есөн жилийн дараа энэ ууландаа очиж сүсэглэж хийх ажлаа даатгаж баяраа тэмдэглэх бодолтой байна. 
 
-Есөн жилийн дараа эргээд харахад ямар амжилт, ололт, алдаа дутагдал байсан бэ. Та юу гэж дүгнэж байгаа вэ?
 
-Өнгөрсөн есөн жил бид Монголын нийгэмд олон үр цацсан, олон зүйл соёолсон байна. 2006 онд “үндэсний үзэл” гэдэг үг хэллэг байхгүй, “үндсэрхэг үзэл” хэмээн ярьдаг байлаа. Төрөө гэх үндэсний үзлийг, харийнхнаас эмээж жигших үндсэрхэг үзэлтэй хүмүүс одоо хольж хутгахаа больсон байна. Монголын төр гэж хүнийссэн байдлаар ярьдаг байсан бол одоо Монгол төр гэж өөриймшүүлж ярьдаг болжээ.  Бид хүний эрх гэхээс гадна хүний үүрэг гэж буйг анх сануулсан. Төрөө сонгох эрхтэй бол сонгосон төрөө хүндэтгэх үүрэг хүлээх ёстой гэж анх хэлсэн. Үндэсний үзлийн гол зарчмуудыг тов тодорхой гаргаж өгсөн. Хэд хэдэн ном бичсэн. Олон лекц яриа хийсэн. Монгол иргэншил гэдэг ойлголтыг улс төрд оруулсан. Төр үргэлж хөгжин боловсронгуй болж байх санааг дэвшүүлсэн. Шинэ Үндсэн хуулийн төсөл бичиж түгээж байсан. Хамгийн сүүлд Төрийг урлахуй сэдвээр өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж өнөөдрийн даяарчлагдаж байгаа ертөнцөд өнө мөнх оршин байхын тулд төрөө урлах дэлхийн уралдаанд монголчууд идэвхтэй оролцох ёстой гэсэн санааг хэлж байгаа. Энэ бүгд бол Их хааны минь үлдээсэн “Алд бие минь алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гэсэн үндэсний үзэлд улс төрөө захируулж ирсэн намын маань есөн жилийн түүх юм. 
 
-Та ер нь МҮАН-ын ирээдүйг та юу гэж төсөөлж байна. Танай намын хэтийн зорилго, төлөвлөгөө юу байгаа бол?
 
-МҮАН бол бусад намаас үзэл бодлоороо ялгаатай. Мөн шинэ тэргүүний санааг дэвшүүлж тавьж байх, зохион байгуулалтын хувьд сонгогчдын нам байхыг эрмэлзэж байгаа. Энэ нь гишүүнчлэлийн хойноос хөөцөлдөхгүй байх, бусад намууд шиг Төрийн алба горилогчдоор намын эгнээгээ тэлэх бодлого барьдаггүйгээрээ өөр юм.  Манай нам гишүүдийн олонхиор бус, үзэл баримтлал, ёс суртахууны үнэлэмжээрээ хүчтэй байхыг цаашид эрмэлзэх болно. 
 
-Тухайлбал цаашид улс төрд МАХН-тай хамтарсан хэвээрээ  явах уу?
 
-МАХН-тай 2012 онд “Шударга ёс эвсэл” байгуулан хамтран ажиллаж байгаа. Бидний хамтын ажиллагааны хэмжүүр нь төрийн тогтвортой байдал, төр засгийн бодлогын үр дүнгээр хэмжигдэх ёстой юм. Энэ хэмжүүрийг хангаж байгаа нөхцөлд бидний хамтын ажиллагаа үргэлжлэх болно.
 
-Оюу Толгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зуржээ. Хэнд ашигтайгаар асуудлыг шийдсэн бол гэдэг асуултууд мэдээж гарна...  
 
-Оюу Толгой бол ардчиллын он жилүүдэд хэрэгжүүлсэн бараг цор ганц мегатөсөл. Тэр үед зах зээлийн суперцикл тохиосон нь завшаантай байлаа. Зэсийн үнэ тонн нь 10 мянган доллар хүрч байв. Хэр баргийн асуудал жижигхэн харагдаж байсан байх. Тийм ч юм шийднэ, ийм ч юм шийднэ гээд байсан. Суперцикл дуусаад зэсийн үнэ 4-5 мянган ам.доллар болох цагт Оюу толгой төслийн оролцогчид өөр хоорондоо утга авцалдаа муутай гомдлыг бие биедээ тавих болсон. Ийм үзэгдэл бусад оронд бусад төслүүд дээр болсон л байдаг. Харин бид бие биедээ гомдсон тунирхсан замаар явж дэндүү их цаг алдсан шиг санагдаж байна.  Анх Оюу Толгой төслийг эхлүүлж байхдаа л манай Засгийн газар, Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагч нартайгаа нэг том завин дээр гарч дэлхийн зах зээл хэмээх далайд хөвж эхэлснээ мартаж болохгүй. Нэг завинд суучихаад хоорондоо гомдол гаргаад суух уу, аль эсвэл төслөө урагшлуулж зах зээлийн давалгааг сөрөх үү гэсэн асуулт бий. Би хувьдаа Оюу толгойн далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь бүх талын эрх ашигт нийцнэ гэж хэлмээр байна. 
 
Далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө урд өмнө байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөөгүй. Харин тодорхойгүй байсан асуудлыг ойлгомжтой болгож дараачийн хөрөнгө мөнгийг банк, санхүүгийн байгууллагуудаас босгох бололцоо бий болгож байгаа юм. Хамгийн гол нь далд уурхайг ашиглаж эхэлснээр Оюу Толгой төслийн ашигт ажиллагаа нэмэгдэж, манай хувьд авах татвар нэмэгдэх, үйлдвэрлэлийн хэмжээ өссөнөөр бидний авах роялти өсөх, Оюу Толгой төсөлд олон хүмүүс ажилтай байх, туслан гүйцэтгэгчээр Монголын  компаниуд ажиллах зэргээр эдийн засгийн өгөөж ихээр нэмэгдэнэ.  Оюу Толгой төсөл урагшлах нь дэлхийд Монголыг эерэгээр харагдуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах сайн дохио болох юм. Таван толгойн цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаар бэлтгэж байсан Япон, Солонгос, Францын компаниуд Оюу Толгойн төсөл цааш явах эсэхийг харж түдгэлзэн байсан бол одоо бичиг баримт нь өндөр стандартаар хийгдсэн ТТЦС төсөл бодит байдал болох магадлал асар өндөр болж байна. Энэ мэтчилэн бусад төслүүдийг хойноосоо дагуулах болов уу гэж бодож байна.
 
-Оюу толгойн эхний үе шатны хөрөнгө оруулалтын явцад ойлгомжгүй зүйлүүд гарсан. Хөрөнгө оруулалтын гэрээ зөрчигдсөн. ТЭЗҮ-д заасан зардал нь хэтэрчихсэн гэх мэтийн асуудлууд байсан байх...  
 
-Уул уурхайн бизнес болгон өөр өөрийн онцлогтой. Оюу толгойн орд бол ганц биет бус, зургаан биетээс бүрдэнэ. Магадгүй 100 жилийн ашиглалтын явцад биет болгон нарийвчилсан геологийн судалгаа шаардаж, наад зах нь хэд хэдэн удаа ТЭЗҮ боловсрогдох шаардлагатай юм. Таны асуултад гарсан ойлголтын зөрүү бол Оюу толгой төслийн онцлогийг ойлгоогүйтэй холбоотой мэргэжлийн бус яриа байсан. Би үүнийг ил тодоор хэлж байна. Мэргэжлийн хүмүүс бол хурдан ойлгох байх. Дутуу дулимаг мэргэжлийн бус мэдээлэл дээр улс төр хийх үнэхээр осолтой гэдгийг хэлмээр байна. 
 
-Бүх зүйл дээр манайх буулт хийж эвлэрлийн гэрээ байгуулсан гэдэг хардлага ч байна...
 
-Наадах чинь хоосон хардлага. Суперцикл унахтай зэрэгцэн утга учиргүй гомдол тавьж байхдаа бие биедээ итгэж чадахгүй болтлоо талууд халуурсны хар гай. Бид ч жигтэйхэн хартай, халуурч чаддаг улс. Халуунтай хүнээс эвлэрлийн гэрээ хийлээ, бууж өглөө, өөрийгөө болон баялгаа худалдлаа гэж хэлэх үг, хардах сэтгэл гарах явдал энүүхэнд санагдаж байна. Уул уурхайн бизнес ямар ярвигтай, ямар их зардалтай гээд ер нь мегатөсөл гэдэг ухаанаар харвал зарим асуудал нь бидний дэгсдүүлэл байсан.  
 
-Оюу толгойн далд уурхайг  ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа гэж шуугиад байгаа болохоос нарийн мэдээллүүд нь ил болохгүй байна.  Оюу толгойн далд уурхайг ашигласнаар манай эдийн засагт ирэх бодит ашиг нь юу байх юм бэ. Хүмүүс ам.долларын ханш бууна гэдгээс их л өөдрөг хүлээлт үүсгэчихлээ л дээ... 
 
-Далд уурхайг хөгжүүлэх, санхүүжүүлэх төлөвлөгөө болон хийгдэж буй хэлэлцээний талаар Засгийн газар дээр хоёр ч удаа хэлэлцсэн. Зохих шийдвэрүүдээ гаргасан гэдгийг хэлмээр байна. 
 
Оюу Толгойн баяжуулах үйлдвэр анхнаасаа далд уурхайгаа ашиглахаар тооцоологдож баригдсан тул зөвхөн ил уурхайгаа ашиглах нөхцөлд үйлдвэрлэлийн зардал өндөр, ашигт ажиллагаа доогуур байсан. Энэ нь бас бие биенээ хардах шалтаг болж байсан юм. Харин далд уурхай дайчлагдснаар нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал бараг 3  дахин буурч ашигт ажиллагаа нь нэмэгдэх юм. 
 
Төсөл жил бүр бараг 300 сая ам. долларын татвар, хураамж төсөвт төлнө. Жил бүр бараг 1 тэрбум долларыг дотоодод зардал хэлбэрээр гаргана. 
 
Оюу Толгойн далд уурхайг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллага санхүүжүүлэх нь гэж байгаа. Энэ нь өөрийг дэг жаягтай, хяналттай тул нэлээд цаг авсан ажил болно. Өнөө маргаашгүй хөрөнгө мөнгө ороод ирнэ гэсэн гэнэн бодолтой байх хэрэггүй. Алсуур харвал Оюу Толгой төслийн өгөөж сайн.
 
Benefit sharing буюу төслийн өгөөж МУ-ын ЗГ болон Хөрөнгө оруулагчдын хувьд 54:46 байхаар харагдаж байгаа. 
 
 
-Таван толгой энэ хаврын чуулганы хугацаанд шийдэгдэхээсээ өнгөрч байна уу.  Та юу гэж бодож байна вэ. Таван толгой тойрсон энэ “байлдаан” хэзээ дуусах юм бол оо?
 
-“Байлдаан” эхлээгүй байна аа. УИХ-ын ажлын хэсэг судалгаагаа хийж байгаа гэж ойлгож байна. Ямар нэгэн санал УИХ-д оруулах байлгүй дээ. Хардлага сэрдлэгээ хойш тавьчихвал Таван толгой төсөл Оюу Толгойн дараагийн шатны төслөөс хамаагүй урдчилж бидэнд өгөөжөө өгөх төсөл юмсан. УИХ шийднэ гэдэгт итгэж байна.
 
-УИХ-аар хэлэлцэхгүй удаад байгаагийн ард улс төрийн тохиролцоо, хуйвалдаан явж байгаа гэх. Асуудал яаж шийдэгдээсэй гэж хүлээж байна. Ер нь бол та бүхний бэлэн болгосон төслийг энэ чигээр нь явуулахгүй  бололтой…
 
-Аль болох цаг хожвол сайнсан. Төслийн үндсэн параметрийг хөндөхгүй бол буруу зөв ойлгогдох асуудал байвал сайжруулах бололцоотой. Түүнийг нь хөрөнгө оруулагчид хүлээж авах болов уу гэж найдаж  байна. Хэрвээ бэлтгэсэн гэрээний төслүүдийг танихааргүй болтол нь УИХ хөндвөл хөрөнгө оруулагчид хүлээж авахгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан Таван толгойн хувь заяа УИХ-ын гарт байна. 
 
Засгийн газар УИХ-ын гишүүдэд хангалттай мэдээлэл өгч байгаа бөгөөд тэдэнд уужуу тайван ухаанаар шийдэл гаргах бололцоог хангах үүднээс Ерөнхий сайд хэвлэл мэдээллээр дажин хийхгүй байхыг үүрэг болгосон. Иймээс улиг болтол ярьж байгаа асуудлаар дэлгэрүүлж ярихаа азнаж байна.
Таван толгой төслийн талаар нарийвчилсан мэдээллийг megaproject.mn сайтаас үзэхийг хүсч байна. 
                                                                                               
Я.МӨНГӨНЦЭЦЭГ