УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн талаарх мэдээллүүдийг өглөө. Тэрбээр мэдээлэлдээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөөний талаар тодорхой 11 чиглэлийн мэдээллийг өгсөн.

 

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулаагүй, Засгийн газрын хүртэх өгөөж 54.9 хувь болж нэмэгдсэн, роялти төлбөрийг 5 хувь болгосон, 30 сая ам.долларын татварыг төлүүлэхээр болсон, удирдлагын менежментийн зардлыг 3 хувь болгож бууруулсан зэрэг шийдлүүдийг онцолсон юм. Түүний мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

 

 УИХ-ын гишүүн Г.Уянга “Уут уут мөнгөөр төрөө худалдаж байгаа сайд  аа. Тэвэр  тэвэр мөнгөөр улсаа худалдсан дарга нар аа. Сайд аа та  яасан ч энхрийнхэн юм.  Монгол хүн мөн үү та. Овоо монгол хэл  сурсан байна. Өнөөдрийг хүртэл  Оюутолгойгоос ард түмэн ашиг  хүртээгүй. Тиймээс ард түмэн ноогдол ашиг авах  ёстой. Үүнийг яг  хэзээ өгөх вэ? Ер нь төлөвлөгөөнд гарын үсэг зурдаггүй юм.  Гэрээнд  зурдаг юм. Таны энэ гэрээ мөн үү” хэмээв.

 

 

 

Үүний хариуд Ч.Сайханбилэг “Монгол хүн мөн үү гэж та асууж байна. Овоо монгол хэл сурч гэнэ ээ. Би хэлд орохдоо энэ хэлээр ярьж монгол хүн гэдгээрээ бахархдаг юм шүү. Монгол хүний хувьд би энэ гэрээний асуудлыг хөөцөлдөж явсан юм. Мэдээж ноогдол ашиг өгнө. Гэхдээ энэ цаг хугацааны хувьд жаахан хойшлох байх. Аль болох далд уурхайгаа түргэвчилж ашгаа олох хэрэгтэй байна” гэлээ.

 

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хөрөнгө оруулалтын гэрээнд  өөрчлөлт орсон уу.  Оюутолгойтой хийж байгаа маргаан дээр  нэгдүгээр шатны хөрөнгө оруулалтын 2  тэрбум долларын асуудал  байгаа. Энэ маргааныг яаж шийдвэрлэж байгаа вэ.  Гуравдугаарт,  далд уурхайн хөрөнгө оруулалтын 4.2 тэрбум доллар нь зөвхөн далд  уурхайдаа зарцуулагдах уу. Өмнөх хөрөнгө оруулалтын зарим хэсэг  нь өр, зээл  төлөхөд зарцуулагдсан. Манай 34 хувийн зээл хүүтэйгээ  800 орчим сая ам.долларт  хүрээд байна. Зөвхөн зээлийн хүү нь 300  сая ам.долларт хүрчхээд байна. Цаашдаа энэ асуудлыг хэрхэн  шийдвэрлэх вэ. Эцэст нь яагаад Дубайд зурсан юм бэ” гэлээ.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулахдаа “Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт ороогүй. Хоёрдугаарт, анхны бүтээн байгуулалтын 2 тэрбум ам.долларын хэтрэлтийн асуудал сүүлийн хэдэн жилийн маргааны гол сэдэв байсан. Хоёр талаас асуудлуудыг шийдэхийн тулд нэлээд ажилласан. Ингээд 1.2 тэрбум долларын зардлын хэтрэлтийн тооцоон дээр менежментийн төлбөрийг шийдье гэсэн байгаа. Санхүүгийн байгууллагуудаас авах 4.2 тэрбум ам.долларын зээл зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдана. 34 хувьтай ямар нэг асуудлыг шийдээгүй. Энэ бол өнөөдрийн сэдвээс өөр асуудал. Яагаад Дубайд зурсан бэ гэвэл сүүлийн 3 сар гаруйн хугацаанд хэлэлцээр маш идэвхтэй явагдсан. Өмнөговь аймаг, Сингапур, Лондонд хэлэлцээр хийсэн. Хамгийн сүүлд Дубайд хэлэлцээрийг хийж, зурсан. Дубайд хэлэлцээр зурагдсанаар Монголын тал ямар нэгэн буулт хийх, шинэ нөхцөл бий болоогүй. Хэрэв Дубайд зурагдахгүй бол дахиад хоёр долоо хоног хүлээхээр байсан” юм.

 

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ бол зүгээр төлөвлөгөө. Арбитрын  шүүх хүлээж  авбал, энэ хөрөнгө оруулалтын гэрээ болно. Арбитрын  шүүх үүнийг хүлээж авах  уу гэж асууж байна. Та хариулаарай. 4.4  дээр 2010, 2011, 2012, 2013, 2014 гээд  таван жилийн Оюутолгойн  тайлан балансыг та хүлээн зөвшөөрнө гээд тохиролцсон  байна. Энэ  бол нүгэл. Дээр нь а, б заалтуудаар та 2.1 тэрбум ам.долларын  зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ өөрөө бидний 34  хувийн ногдол  ашигт нөлөөлнө. 6 тэрбум ам.долларын зээлийг авна  гэсэн үг. Энэ 6 тэрбум долларын өр авчхаад, 5.5-д үүнийг Рио Тинто  өмнө нь авсан өр зээл, бусад салбарынхаа өрийг төлнө гэсэн байгаа.  7.1 дээр бидний газар нутаг, лицензийг барьцаанд тавьсан байна.  Энэ бүгдийг та яагаад нууж байгаа юм. Шал худлаа яриад байх юм” гэлээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулахдаа “С.Ганбаатар гишүүнээ та бас нэрээ бодоорой. Өнөөдрийг хүртэл Монголын төлөө баатар шиг явлаа. Одоо болно. Одоо бид ажлаа явуулъя. Энэ төлөвлөгөөг нуусан зүйл огт байхгүй. Торонтогийн хөрөнгийн бирж дээр зурагдсаных нь дараа нийтлэгдсэн. Өнөөдөр засгийн газрын веб сайт дээр монгол хувилбар нь тавигдана. Хэлэлцээр хийгдээд, гарын үсэг зурсан учраас нуух шаардлага байхгүй” хэмээв.

 

Г.Мягмарсүх